Ажилгүйдлийн даатгалын сангаас сургалтад хамрагдах нэг даатгуулагчид олгох зардлын дээд хэмжээг тогтоох тухай Засгийн газрын тогтоолын төсөлд санал авч байна
Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн
тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн алба нь
ажилгүйдлийн тэтгэмж авах болзол хангасан даатгуулагчийн хүсэлтээр түүнийг
ажилгүй болсноос нь хойших 6 сарын дотор мэргэжил олгох болон давтан сургалтад
хамруулж, сургалтын зардлыг ажилгүйдлийн даатгалын сангаас санхүүжүүлнэ” гэж,
12.3-т “Ажилгүйдлийн даатгалын сангаас сургалтад хамрагдах нэг даатгуулагчид
олгох зардлын дээд хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн
Засгийн газар тогтооно” гэж тус тус заасан.
Засгийн газрын 2001 оны “Хууль хэрэгжүүлэх талаар авах
зарим арга хэмжээний тухай” 137 дугаар тогтоолоор ажилгүйдлийн даатгалын
сангаас зарцуулах сургалтын зардлын нэг хүнд ногдох дээд хэмжээг 50 000 төгрөгөөр
тогтоосон. Энэхүү тогтоолыг Засгийн газрын 2006 оны “Журам батлах тухай” 166
дугаар тогтоолоор, уг тогтоолыг Засгийн газрын 2011 оны “Журам батлах тухай”
375 дугаар тогтоолоор хүчингүй болгосон. Үүнээс хойш ажилгүйдлийн даатгалын
сангаас сургалтын зардалд зарцуулалт хийгдээгүй байгаа хэдий ч холбогдох
хуулийн зохицуулалт нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа учир сургалтын зардлын
нэг хүнд ногдох дээд хэмжээг шинэчлэн тогтоох шаардлагатай байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн
тухай хуульд заасныг хэрэгжүүлэх зорилгоор ажилгүйдлийн даатгалын сангаас
сургалтад хамрагдах нэг даатгуулагчид олгох зардлын дээд хэмжээг тогтоох тухай
Засгийн газрын тогтоолын төсөл боловсрууллаа.
Та бүхэн “Ажилгүйдлийн даатгалын сангаас сургалтад
хамрагдах нэг даатгуулагчид олгох зардлын дээд хэмжээг тогтоох тухай Засгийн
газрын тогтоол”-ын төсөлтэй танилцан саналаа тус яамны Нийгмийн даатгалын
бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт undram@mlsp.gov.mn цахим
хаягаар ирүүлнэ үү.
Хавсралт хэсгээс тогтоолын төсөл болон танилцуулгыг бүрэн
эхээр нь татаж авна уу.