Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Монголын морин спорт, уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Ганбаяр нар хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичигт хурдан морины уралдаан болон сунгаа бэлтгэлийн үед уралдаанч хүүхдийн эрх, амь нас эрүүл мэнд, аюулгүй байдал, сурч боловсрох эрхийг нэн тэргүүнд тавьж, хүүхдийн сайн сайхан байдлыг хангах, хууль тогтоомжийг мөрдөж, захиргааны хэмжээний акт хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлж,ажиллах талаар тусгажээ. Санамж бичигт гарын үсэг зурах үеэр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир “Наадмын өдрүүдэд бүх аймаг, суманд маш олон хүүхэд морь унадаг. Тэдний эрүүл мэнд, аюулгүй байдлыг уяачид хангаж ажиллах ёстой” гэдгийг сануулж, унаач хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, өв соёлоо дээдлэн сайхан наадахыг уриалсан юм. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам бүх хороо, сумдад ажиллаж буй Хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтнуудаар дамжуулан улсын болон аймаг, сумдын наадмын салбар хороод, комисст шаардлага тавьж унаач хүүхдүүдийн аюулгүй байдалд анхаарч ажиллах юм.