"Дэлхийн Ур чадвар" тэмцээнд эх орноо төлөөлөх залуучууд тодорлоо

Дэлхий нийтээрээ мэргэжилтэй ажилтны үнэ цэнийг мэдэрч, хүн төрөлхтний бүтээн байгуулалт, эдийн засгийн гол хүчин зүйл нь мэргэжилтэй ажилтан гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Монгол Улс 2013 онд Дэлхийн ур чадварын олон улсын байгууллагын гишүүн орон болж Монгол хүний ур чадварыг дэлхийд өрсөлдүүлэх боломжийг нээсэн. Үүнээс хойш манай улс Дэлхийн ур чадварын тэмцээнд 2015 онд анхны удаа 9 мэргэжлээр амжилттай оролцсон юм.

Хоёр жил тутам зохион байгуулагддаг “Мэргэжлийн олимп” гэгдэх “Дэлхийн Ур чадвар”-ын тэмцээнд манай улс энэ жил таван мэргэжлээр оролцохоор үндэсний аваргуудаа өнөөдөр/2017.05.11/ шалгарууллаа. Гурван үе шаттайгаар мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын дунд зохион байгуулсан тэмцээнээс дараах оролцогчид үндэсний аварга боллоо.

1.    Гагнуурын төрөлд Ж.Жанлав-Ойдов. 18 настай, Техник технологийн дээд сургуулийн төгсөгч. Энэ үеэр Өмнөговь аймагт Оюутолгойд бэлтгэл сургуулиа хийж байгаа тул ирж амжаагүй.

2.  Барилгын өрөг-угсралтын төрөлд Ц.Мягмарсүрэн. 17 настай, Барилгын политехникийн коллежийн оюутан.

3.    Сантехникийн төрөлд Ц.Долгормаа. 18 настай, Ховд аймгийн “Хөгжил” политехникийн коллежийн төгсөгч.

4.    Мужааны төрөлд Н.Эрдэнэмөнх. 20 настай, Техник технологийн дээд сургуулийн төгсөгч.

5.    Цахилгааны төрөлд Л.Төгөлдөр. 19 настай, Налайх МСҮТ-ийн төгсөгч.

Ийнхүү ирэх 10 дугаар сард Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод болох “Дэлхийн Ур чадвар” тэмцээнд оролцох эрхийн эзэн болсон залуучууддаа баяр хүргэж, улам их амжилт гаргаж, олон улсад эх орныхоо нэрийг гаргахыг багш нар болон сургуулийн хамт олон нь, үндэсний тэмцээнийг зохион байгуулагч, шүүгч нар хүсч байсан юм.

Шилдгүүдэд олон улсад өрсөлдөх эрхийг гардуулах ёслолын үеэр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа хэлсэн үгэндээ “Энэ удаа бид таван төрлөөр залуучуудаа дэлхийн тэмцээнд оролцуулна. Үүний дотор 2015 оны тэмцээнд дэд байр эзэлснээсээ хойш өөрийгөө дайчилж, бэлтгэл сургууль хийж, энэ жил үндэсний аварга болсон Н.Эрдэнэмөнхийг онцолмоор байна” гэсэн юм.

Модон урлал, мужааны ур чадвараар бусдыгаа манлайлсан Н.Эрдэнэмөнх “Би урьд нь үндэсний тэмцээнд багахан оноогоор тэргүүн байранд орох боломжоо алдсан. Гэхдээ түүнээс хойш бэлтгэл хийж, Солонгост хүртэл бэлтгэлд хамрагдсан. Энэ нь надад их туршлага болж, боломж байгааг ойлгуулсан. Тиймээс хичээсээр өнөөдөр олон улсад оролцох эрхээ гардаж авлаа. Үеийн залуучууддаа хийж чаддаг, дуртай зүйлдээ зорилго тавиад тууштай байвал амжилтанд хүрч чаддаг юм шүү гэж хэлэхийг хүсч байна” гэсэн юм.

“Монгол Ур чадвар” тэмцээнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Монголын Барилгачдын холбоо, Монголын материал судлал, гагнуурын нийгэмлэг, Дархан-Уул аймгийн инженерүүдийн холбоо, Модны чадавхийн төв, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалтын төсөл, Мэргэжлийн боловсролын сургалтын түншлэл ТББ, Барилгын политехникийн коллеж, Техник технологийн дээд сургууль, Герман-Монголын МСҮТ, Дархан-Уул аймаг дахь “Хөгжил” политехникийн коллеж хамтран ажиллаж, олон хүний хөдөлмөрөөр амжилттай зохион байгуулж чадлаа.

Монгол Улс тэртээ 1964 оноос эхлэн их бүтээн байгуулалтын он жилүүд үргэлжилсээр өнөөгийн дэлхийн ур чадварын тэмцээнд өрсөлдөх мэргэжилтэй ажилтны үнэ цэнийг хадгалж үлдсэн нь том амжилт билээ. Шилдэг таван оролцогч маань Монголын залуу мэргэжилтнүүдийн төлөөлөл болж “Дэлхийн Ур чадвар” 44 дэх удаагийн тэмцээнд оролцоно. Уг тэмцээнд одоогийн байдлаар 76 орны баг, нийт 50 мэргэжлээр өрсөлдөхөөр болсон байна.

 

Дээш