"Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь" төсөл үр дүнгээ танилцууллаа
Монгол дахь Хүүхдийг ивээх сан, Хонконгийн Хүүхдийг Ивээх Сангийн санхүүжилтээр “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийг 2023-2025 онд Улаанбаатар хотын Хан-Уул, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүрэг болон Говь-Алтай, Ховд аймгийн нийт 14 сургууль, 14 хамтарсан багт хэрэгжүүлж өнөөдөр дүнгээ тавилаа.
Төслөөр зорилтот газруудад сургуулийн багш,
ажилтнууд, эцэг эх, асран хамгаалагчид, сурагчид болон хамтарсан багуудыг
хамруулан сургуульд суурилсан хүүхэд хамгааллын тогтолцоог хөгжүүлж, урьдчилан
сэргийлэх, эрт илрүүлэх, хариу арга хэмжээ авах хамтын ажиллагааны загвар бий
болгоход чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлсэн.
Төслийн үр шим 42,369 насанд хүрэгч, 49,114 хүүхдэд
хүрсэн, Хамтарсан багийн хүүхэд хамгаалалд сургуультай хамтран үйлчилгээ
үзүүлэх чадавх 40.7 хувиар нэмэгдсэн нь сургуулиудын хүүхэд хамгааллын
үйлчилгээ үзүүлэх чадавх сайжирч, хороотойгоо хамтарч тодорхой ахиц дэвшлийг
бий болгосон байна.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр
бүлийн бодлогын газрын дарга Ц.Мөнхзул “Төслийн хэрэгжилтийн төгсгөлийн үр
дүнгийн үнэлгээгээр хамтарсан багийн үйлчилгээ 1.1 пунктаар нэмэгдсэн байна.
Энэ нь төслийн гарааны судалгаатай харьцуулахад 38.5 хувь өссөн үзүүлэлттэй
байна. Үүнээс үзэхэд төслийн хүрээнд хийгдсэн үйл ажиллагаанууд үр дүнтэй,
тодорхой үр нөлөөг бий болгож чадсан гэж үзэж байна.” гэлээ.
Төслийн хаалтын арга хэмжээнд Гэр бүл, хөдөлмөр,
нийгмийн хамгааллын яам, Боловсролын яам, Ховд, Говь-Алтай аймгийн Боловсролын
газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар, төслийн зорилтот сургууль,
хамтарсан багуудын төлөөлөл, суралцагчид, эцэг эхийн зөвлөлийн төлөөлөл
оролцлоо.
Улсын хэмжээнд 2025-2026 оны хичээлийн жилд ерөнхий
боловсролын 900 сургуульд 819,907 суралцагч суралцаж байна.