Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих төвийн үйл ажиллагаанд эцэг эхчүүд сэтгэл өндөр байна

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул холбогдох албан хаагчдын хамт “Ээлтэй ертөнц” ТББ-ын  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

2024 оны тоон мэдээгээр Монгол улсад нийт 14,609 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна. Сургууль, цэцэрлэгийн насанд хүрсэн боловч хөгжлийн бэрхшээлийнхээ улмаас боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй, сургууль цэцэрлэгт хамрагддаг ч  сэргээн засах үйлчилгээ, асаргаа сувилгаа шаардлагатай хүүхэд олон бий.  

Тиймээс Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам энэ оны 2 дугаар сард “Хөгжлийн бэрхшээлтэй хүний боловсрол эзэмшихэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий дэмжих төвийн дүрэм батлах тухай” тушаалыг Боловсролын яам, Эрүүл мэндийн яамтай хамтран баталсан.

Өнөөдрийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих 12 төв байгуулагдан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн дэмжих үйлчилгээг үзүүлж байна. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эх ажил хөдөлмөр эрхлэх боломжтой болж, хүүхдүүд мэргэжлийн багийн дэмжлэгээр олон талаар хөгжиж байна.

Тус төвд гэхэд хөгжлийн бэрхшээлтэй 75 хүүхэд хамрагдаж байна. Эцэг эхийн төлөөлөл төвийн үйл ажиллагаанд сэтгэл өндөр байгаа талаараа хуваалцсан.

Төрийн нарийн бичгийн дарга 2026 онд үйл ажиллагаа явуулах байгууллагыг сонгох шалгаруулах ажлыг шуурхай зохион байгуулах, санүүжилтийг хугацаанд нь олгох, чадавх сайжруулах сургалт хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулахаа илэрхийллээ. 

Дээш