“Гэр бүлийн үнэ цэнэ”-ийг хэлэлцэв

Жил бүрийн тавдугаар сарын 15-ныг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр ”Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэдэг болсоор 25 дахь жилтэйгээ золгож байна.  Монгол Улс “Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг 16 дахь жилдээ тэмдэглэж буй бөгөөд энэ өдрийг угтан “Зөв тусгал” хөдөлгөөний хүрээнд  Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар “Гэр бүлийн үнэ цэнэ” эцэг эхийн зөвлөгөөнийг Төрийн ордонд өнөөдөр /2019-05-14/ зохион байгууллаа.

Монголын мянга шахам гэр бүлийг төлөөлсөн олон арван ээж аавууд хот хөдөөгөөс цуглаж, хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагынхан 800 шахам хүн Монгол Улсын хэмжээнд хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эерэг аргаар хүмүүжүүлэхэд гэр бүл, эцэг эхийн үүрэг оролцооны талаар санал бодлоо солилцсон уг зөвлөгөөнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нээж үг хэлсэн.

Тэрбээр нийгмийн суурь, үндэстний уг сурвалж болсон гэр бүл, түүнийг тойрсон тулгамдсан асуудлын талаар зөвлөлдөн хэлэлцэж, санал шийдлээ ярьж байгаад талархаад “Айл гэрийн амьдрал бүрэн бүтэн, төвшин байвал хүүхдүүд жаргалтай, эцэг эхчүүд баяртай, улс амгалан, төр төвшин байх учиртай. Харамсалтай нь гэр бүл бүрд амар амгалан оршихгүй байна. Гэр бүл дэх хүчирхийллийн улмаас мянга мянган хүүхэд нүдэндээ доголон нулимстай, сэтгэлдээ дүүрэн гунигтай гундуухан явна. Сүүлийн гурван жилийн байдлаар гэхэд 3000 гаруй хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 5000 гаруй хүүхэд гэмт хэрэгт өртөж, хохирсон байна. Хүүхдүүд ихэвчлэн зодоон, танхай, хулгай, залилан, дээрэм зэрэг гэмт хэргийг үйлдэх буюу хохирогч болж байгаагийн дийлэнх нь 16-18 насных байна. Цагдаагийн байгууллага хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, бууруулах чиглэлээр олон ажил, арга хэмжээг тогтмол зохион байгуулж байгаа ч хангалттай нь үр дүнд хүрэхгүй, хүч дутаж байгаа байдал анзаарагддаг. Энд төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа дутагдалтай байна” хэмээгээд энэ сарын 1-нээс “Хүүхэд хамгаалагч” төслийг Цагдаагийн ерөнхий газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран хэрэгжүүлж эхэлснийг онцлон дурдлаа. Энэхүү төслийн зорилго нь гудамж талбайд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, хүүхэд гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй эмзэг цэгүүдийг иргэд, олон нийтийн оролцоотойгоор байнгын хяналтад оруулах бөгөөд энэ ажилд цэрэг, цагдаагийн ахмад ажилтнуудыг сайн дурын үндсэн дээр татан оролцуулах, сонгон шалгаруулалтыг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагууд зохион байгуулах юм.

“Гэр бүлийн үнэ цэнэ” зөвлөгөөний үндсэн илтгэлийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг тавьж хэлэлцүүлсэн. Тэрбээр илтгэлдээ Монгол Улсын хэмжээнд хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эерэг аргаар хүмүүжүүлэх, ёс суртахууныг гэр бүлд төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол олгох чиглэлээр олон нийтийг соён гэгээрүүлэх, эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлж байгаа шалтгаан нөхцөлийг арилгахад зорилготой “Зөв тусгал” хөдөлгөөнийг өрнүүлж байгаа энэ цаг мөчид энэ жилийн гэр бүлийн өдрийг тэмдэглэж, “Гэр бүлийн үнэ цэнэ”- ийн тухай эцэг эхчүүд, эрдэмтэн мэргэд, судлаачид хэлэлцүүлэг өрнүүлж байгаагаараа онцлог үйл явдал болж байгааг онцлон дурдсан.

Тэрбээр “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт гэр бүл, хүүхдийн талаар “Монгол гэр бүлийн үнэт зүйлсийг бэхжүүлж, бат бөх хариуцлагатай гэр бүлийг дэмжин, хүүхдийн эрхийг дээдэлж, залуучуудыг хөгжих, суралцах, хөдөлмөрлөх таатай орчин нөхцөлөөр хангах” зорилтын хүрээнд гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудал эрхэлсэн төрийн байгууллагын бүтэцийг бий болгох, гэр бүлийн хүчирхийллийг бууруулах, хүчирхийлэлд өртөгчдийг хамгаалах, гэр бүлийн гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлж, хүүхэд төрсөн цагаасаа эхлэн өмчийн эзэн байх эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх, залуу гэр бүл, 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийг тэргүүн ээлжид орон сууцжуулах, орон сууцны түрээсээ урьдчилгаанд шилжүүлэн тооцуулдаг арга хэмжээг үе шаттай нэвтрүүлэх зэрэг тодорхой асуудлууд туссан билээ” хэмээгээд Засгийн газраас гэр бүлийн хүчирхийллийг бууруулах, хүүхдийг үл хайхрах байдал, дарамт, мөлжлөг, хүчирхийллийн бүх хэлбэр, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах тогтолцоог бэхжүүлэхэд анхаарч, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэд Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээ, “Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх түр хамгаалах байр”, “Гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудлаарх сургалт, судалгаа, мэдээллийн бие даасан  төв”-ийг Засгийн газрын шийдвэрээр байгуулж, тодорхой үр дүнд чиглэсэн үйл ажиллагаа, арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа  зэрэг нэлээд олон мэдээлийг зөвлөгөөнд оролцогчдод өглөө.

“Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, НҮБ-ын Хүний эрхийн хорооны зөвлөмжтэй уялдуулан  боловсруулан хэрэгжүүлж байна. Энэхүү Үндэсний хөтөлбөрийн зорилго нь Хүүхдийн эрх, хамгааллын асуудлаарх хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх,  хүүхдийн эсэн мэнд амьдрах, сурч боловсрох хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах, хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоог бэхжүүлж, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд чиглэж буй юм.

Хүүхэд, гэр бүлийн талаарх бодлого, хууль, эрх зүйн орчин сайжирч, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдэж, тодорхой үр дүн гарч байгаа хэдий ч санаа зовоосон асуудлууд байсаар байгааг сайд илтгэлдээ онцолсон. Гэр бүл цуцлалт, гэр бүлийн таагүй уур амьсгал, хүчирхийллийн харилцаанаас үүдэн олон хүүхэд гэр бүлдээ аливаа хэлбэрийн дарамт, хүчирхийлэл, үл хайхрах явдалд өртөж аюулгүй, эсэн мэнд амьдрах, хөгжих суурь эрх нь зөрчигдсөөр байна. Зарим хүүхэд эцэг, эх, гэр бүлээсээ тусдаа гудамжинд, асрамж, халамжийн газруудад амьдрах, гэмт хэрэгт холбогдох, хорих газар ял эдлэх, хүнд хөдөлмөр эрхлэх, хүний наймаа, бэлгийн мөлжлөгийн золиос болох, мөн олдмол хөгжлийн бэрхшээлтэй болох зэрэг эрсдэлд орсоор байгаа нь эцэг эхчүүд хүүхдээ хараа хяналтаасаа гаргаж, хайрлах, халамжлах үүргээ орхигдуулсны үр дагавар юм. Нийт гэр бүлийн 68,4 хувь  нь гэр бүлийн харилцааны зөрчил, маргаантай байдаг. Гэр бүлийн маргаанд нөлөөлж байгаа хүчин зүйлсийн  86.8 хувь нь архидалт гэсэн дүн судалгаагаар гарчээ. Архидан согтуурахаас үүдэн гэр бүл хүчирхийлэл, салалт, гэрлэлт цуцлалт ихэсч, хүүхэд өнчирч гэр бүлийн элэг бүтэн амьдрал алдагдаж, хүүхдийн хүмүүжил төлөвшилд олон сөрөг хандлагууд бий болж байна. 

             Монгол Улсын Засгийн газар эцэг, эхийн үүргээ биелүүлэхгүй байгаа эцэг, эхэд хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгох,  гэр бүлийг дэмжих үйлчилгээнүүдийг  хөгжүүлэх, гэр бүлийн боловсролыг бага наснаас нь эхлэн насан туршид олгох, төрөөс гэр бүлийн тогтвортой, урт удаан, аз жаргалтай амьдралыг дэмжих, хүүхдийг асрах хувилбарт үйлчилгээнүүдийг хүүхдийн дээд ашиг сонирхолд нийцүүлэхийг тэргүүн ээлжинд анхаарах зэрэг чиглэлээр тодорхой асуудлуудыг тусгасан Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, өнгөрсөн сард УИХ-д өргөн барьсан бөгөөд хуулийн төслийг 2019 оны УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэх юм байна. Түүнчлэн Төрөөс гэр бүлийн хөгжлийн талаар баримтлах бодлогод  үнэлгээ хийх, Гэр бүлийн хөгжлийг дэмжих Үндэсний хөтөлбөрийг боловсруулах,  гэр бүлийн боловсрол олгох сургалтын тогтолцоог  хөгжүүлэх, хүчирхийллийн хохирогч хүүхэд, гэр бүлийн гишүүдэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх асуудлыг ХНХЯ-наас анхааран ажиллаж Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүүхэд бүрийн эрүүл, аюулгүй орчинд эсэн мэнд аж төрөх, хөгжих, сурч боловсрох, үзэл бодлоо илэрхийлэх, нийгмийн амьдралд оролцох, хамгаалагдах эрхийг хангах, гэр бүлийн тогтвортой байдлыг хангах асуудлаар туссан  зорилтуудын хэрэгжилтийг бүрэн хангахын төлөө ажиллаж байгаа юм.

            Зөвлөгөөн “Эцэг, эхийн үүрэг хариуцлага”, “Хүүхдийн хүмүүжил” гэсэн үндсэн хоёр сэдвээр үргэлжилсэн.

 

Дээш