Бага насны хүүхэдтэй албан хаагчдаа уян хатан нөхцөлөөр ажиллуулахыг уриалж байна
Боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтнууд өнөөдрөөс эхлэн хугацаагүй ажил хаялт зарласан бөгөөд 2025 оны 10 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд сурагчдын “Бие даалтын долоо хоног” эхэлж байгаа тул бага насны хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах, хамгааллыг сайжруулах шаардлага үүсээд байна.
Өнөөдрийн
байдлаар Монгол Улсад цэцэрлэгийн насны 257 мянга орчим хүүхэд, ерөнхий
боловсролын сургуульд 826.8 мянган сурагч суралцаж байгаа нь хүүхэд бүрийн
аюулгүй байдлыг хамгаалах, орчны эрсдэлээс сэргийлэх ажлыг нэн тэргүүнд тавих
хэрэгтэйг харуулж байна.
Иймд байгууллага,
аж ахуйн нэгжүүдийг ажилтныхаа ажил, амралтын цагийг оновчтой зохицуулж,
хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөлийг бүрдүүлэх, хүүхэд хамгааллын зарчимд
нийцсэн ээлтэй шийдвэр гаргахыг уриалья.
Хөдөлмөрийн тухай
хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт: “Ажил олгогч нь ажил, амралтын
цагийг зохицуулах, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөл хэрэглэх зэргээр
ажилтны ажил, амьдралын тэнцвэрийг хангахад дэмжлэг үзүүлэх, хамтын гэрээ,
хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгах замаар ажилтны хүүхдэд ээлтэй, хүүхэд
хамгааллын бодлого хэрэгжүүлнэ.”гэж заасныг мөрдөж ажиллахыг анхааруулж байна.
Мөн эцэг эх,
асран хамгаалагч нарт дараах зөвлөмжийг хүргэж байна. Үүнд:
• Хүүхдээ хэзээ ч
хараа хяналтгүй орхихгүй байх, гэр орныхоо аюулгүй байдлыг шалгах;
• Хүүхэд бэртэж,
гэмтэж болзошгүй эд зүйлсийг хол байлгах, цахим хэрэглээнд хяналт тавих;
• Хүүхдээ шим
тэжээлтэй хоол хүнсээр хангах, тэдний орчинд архидан согтуурахгүй байх;
• Болзошгүй
хүчирхийлэл, гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх;
• Хүүхдийг малд
явуулахгүй байх, салхи, цас шуургатай үед харгалзах хүнгүй гэрт үлдээхгүй байх;
• Хүүхдийн хувь
хүний хөгжил, бие даах чадвар, бүтээлч сэтгэлгээ, зөөлөн ур чадварыг дэмжих,
• Соёл, урлаг,
спортын чөлөөт арга хэмжээнд хамтдаа, идэвхтэй оролцохыг уриалъя.
Хүүхэд бол гэр
бүлийн баяр баясгалан, улс орны ирээдүй юм.
Тиймээс хүүхэд
бүрийг хамгаалах, аюулгүй орчинд өсөж хөгжих нөхцөлийг бүрдүүлэхэд хүн бүрийн
оролцоо, хариуцлага чухал гэдгийг анхаарах нь зүйтэй байна.