Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ болон эцэг, эхийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл ажлаа авснаасаа хойш нийгмийн түншлэгч талууд, иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллагын төлөөллийг хүлээн авч асуудал сонсох, санал солилцох уулзалт хийж байна. Энэ хүрээнд өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ болон эцэг, эхийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах эрх, тусгай сургууль, цэцэрлэгийн хүртээмж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эцэг эхчүүдийн нийгмийн хамгаалал, үйлчилгээ, хүүхэд хөгжүүлэх төвийн нэгдсэн стандарттай болох, энэ салбарын хүний нөөцийг чадавхижуулах, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг олон асуудлыг хөндсөн юм.
Сайд Д.Сарангэрэл Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай, Нийгмийн даатгалын тухай, Халамжийн тухай хуулиудын шинэчлэлийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдийн эрхийг хангах чиглэлээр тодорхой зохицуулалтуудыг тусгаж, дотоод нөөц бололцоогоо ашиглаж тэдэнд хүргэх үйлчилгээг сайжруулж, яамны зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ТББ-уудаа бүх талаар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.
Мөн Хөгжлийн бэрхшээлийн асуудал нь салбар дундынх бөгөөд цаашид энэ уулзалтаар зогсохгүй тулгамдаж буй асуудлаа хамтдаа шийдвэрлэх гарц гаргалгааг олж, салбар дундын уялдааг ханган ажиллаж, хэлэлцсэн асуудлыг шийдвэрлэх талаар анхаарч ажиллахыг холбогдох газар, хэлтэс, албан тушаалтнуудад үүрэг болгов.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ТББ-ын төлөөлөлд талархал илэрхийлж, илүү чадавхжиж, тогтвор суурьшилтай ажиллаж мэргэшихийг хүслээ.