Ажилласан жилтэй уялдуулан тэтгэвэр тогтоох нь хамгийн шударга


Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж буй энэ үед нийгмийн даатгалын салбарын мэргэжилтнүүдэд зориулсан. “Өндөр насны тэтгэврийг ойлгох нь: Түүхэн замнал, зорилт, шинэчлэлийн бодлогууд” сэдэвт семинар өнгөрсөн пүрэв гарагт /2025.06.26/ боллоо. Семинарт Харвардын их сургуулийн Кеннедийн сургуулийн төгсөгч, тэтгэврийн тогтолцооны мэргэжилтэн, зөвлөх эдийн засагч Олексий А.Случинский Монгол Улсад урилгаар ирж, илтгэл танилцуулга хийсэн юм.Тэрбээр хэлэхдээ “Тухайн хүний ажилласан жилтэй уялдуулан тэтгэвэр тогтоох нь хамгийн шударга.  Ажилласан жил урт байх тусам тэтгэвэр өндөр тогтоогдоно гэсэн үг. Жил ирэх тусам мөнгөний ханш унаж буй учир ихэвчлэн инфляц болон цалинтай уялдуулан тэтгэвэр нэмдэг. Зарим улс орнууд автоматаар индексжүүлэлт хийдэг болсон байна. Тэтгэврийн насыг хүн амын дундаж наслалттай уялдуулан тогтооно. Тухайн улсад хүн амын дундаж наслалт өндөр байх тусам тэтгэвэр тогтоох нас нэмэгддэг гэсэн үг. Монгол Улсын хувьд эрэгтэйчүүд 60, эмэгтэйчүүд 55 нас хүрээд тэтгэвэр тогтоолгож байна. Мөн 25 жил ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бол бүрэн тэтгэвэр тогтооно. Дэлхийн хамгийн баян улсуудын нэг Норвегид 68 насандаа тэтгэвэр тогтоодог байсныг 60-тайдаа тогтоолгох боломж бүрдүүлжээ. Гэхдээ шаталсан хэлбэрээр тогтооно. 60-тайдаа тэтгэвэр тогтоолговол тэтгэврийнхээ 20 хувийг авна. 62-тойдоо 40 хувь,64-тэйдээ 60 хувь,66-тайдаа 80 хувь, 68-тайдаа 100 хувь тэтгэврээ авах зохицуулалт хийжээ. Энэ бол холыг харсан, уян хатан сонголт өгсөн бодлого бөгөөд зохистой хэлбэр мөн гэж үзэж байна” гэдгийг онцолжээ

Дээш