Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан менежер Таехюн Ли-тэй уулзлаа


Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Дэлхийн банктай олон жилийн туршид нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, ядуурлыг бууруулах чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж ирсэн туршлагатай. Салбарын эрх зүйн орчныг сайжруулах, салбарын бодлогын хэрэгжилт, зохицуулалтыг эрчимжүүлж, мэдээллийг ил тод, нээлттэй болгох тал дээр анхаарч ажиллахаа Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир онцоллоо.Энэ хүрээнд бид Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Нийгмийн халамж, Гэр бүлийг дэмжих, Хувийн нэмэлт тэтгэвэр, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төслүүдийг тус тус Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөөд байгаа билээ. Дэлхийн банктай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, тэтгэврийн шинэчлэлийг үргэлжлүүлэх өнөөгийн шаардлага болон хүн амын насжилтаас хамаарч тэтгэврийн сангийн зардлын өсөлтөд хариу арга хэмжээний хүрээнд тэтгэврийн сангийн хувилбарт бодлого, дунд болон хэтийн тооцооллыг хамтран хийж байна. Тухайлбал, 2024 оны 09 дүгээр сараас хойш Дэлхийн банкны ахлах эдийн засагч Алексий Случинский цахимаар болон биечлэн Монгол Улсад ажиллаж, шинэчлэлийн хувилбаруудын тооцоо судалгаа хийж, зөвлөмж өгч ажиллаж байна. Үүний үр дүнд Монгол Улсад суурь тэтгэврийн, шимтгэлд суурилсан тэтгэврийн, хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоо гэсэн 3 давхаргат тогтолцоонд шилжихээр зорьж байна. Уулзалтад оролцсон хоёр тал харилцан мэдээллээ солилцож, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллах тухайд тодорхой зүйлүүд дээр санал бодлоо хуваалцаж, цаашдын алхмаа ярилцлаа.

Дээш