С.Чинзориг: Тэтгэврийг ижил хувиар биш, тэнцүү мөнгөн дүнгээр нэмэх бодлого баримтална

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригтой ярилцлаа.

-Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлаар та өнгөрсөн баасан гаригт Төв банк болон арилжааны банкуудтай санамж бичиг байгууллаа. Эндээс ямар бодит үр дүн хүлээж болох вэ?

-Нийгмийн даатгалын сангаас 381 мянга гаруй ахмад тэтгэвэр авч байна. Тэдний 92 хувь нь Төрийн банк болон Хаан банкаар үйлчлүүлдэг. Нийт тэтгэвэр авагчдын 230 мянга нь 690 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлтэй байна гэсэн судалгаа байгаа юм. Тиймээс тэтгэвэрийн зээлийн хүүг бууруулах бодит шаардлага зайлшгүй байна. Өмнөх Засгийн газрын үед тэтгэврийн зээлийн хүүг гурван хувиар бууруулсан. Одоо хоёр зэрэгцээ тэтгэврийн зээлийн үйлчилгээ явж байгаа юм билээ. Нэг нь жилийн 18 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай. Нөгөөх нь зургаан сарын хугацаатай, 15 хувийн хүүтэй тэтгэврийн зээлийн үйлчилгээ. Судалгаанаас харахад энэхүү хүү багатай, богино хугацааны зээлийг  нийт тэтгэвэр авагчдын наймхан хувь нь авсан байна лээ. Энэ байдлыг аваад үзэхэд иргэд зээлийн хүү бууруулахын зэрэгцээ хугацааг нь уртасгахыг хүсээд байна гэсэн судалгаа гарсан. Засгийн газраас Монголбанк, Хаанбанк, Төрийн банктай хамтран ажиллаж, тэтгэврийн зээлийн хүүг үе шаттайгаар бууруул гэсэн чиглэлийг өгсөн. Тиймээс энэ гурван банктай хамтран нэгдсэн ойлголцолд хүрч санамж бичигт гарын үсэг зурсан. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийн тодорхой эх үүсвэрийг мөнгөн хадгаламж хэлбэрээр Хаан болон Төрийн банкинд байршуулна. Монголбанкны тухайд  тэтгэврийн зээлийн хүүг бууруулах зорилгоор энэ хоёр банкинд байршуулж байгаа чөлөөт үлдэгдлээс заавал нөөцөд байлгах 12 хувийн эх үүсвэрийг татаж авахгүй байх юм. Ингэснээр байршуулж байгаа мөнгө маань арилжааны банкиндаа зуун хувь очно. Энэ нь тэтгэврийн зээлийн хүүг буурах бодит эх үүсвэр болно гэж үзэж байгаа. Харин Хаан банк болон Төрийн банкнаас хэд хэдэн чиглэлийн арга хэмжээ авах ёстой. Тэтгэврийн зээлийн хүүг гурван функтээр буулгаад жилийн 12 хувийн хүүтэй болгож, хугацааг нь уртасгана.  Өөрөөр хэлбэл, нэг жилийн хугацаатай тэтгэврийн зээлийн хүү жилийн 12 хувь буюу сарын нэг хувийн хүүтэй болгоно.

-Банк ахмадуудад зээл олгохдоо тэтгэврийг нь 100 хувь барьцаалдаг. Салбарын сайдын хувьд та энэ асуудалд хэрхэн анхаарал хандуулах вэ?

-Банкнаас авах арга хэмжээний хүрээнд тэтгэврийг зуун хувь барьцаалдаг зээлийн нөхцөл дээр нэг өөрчлөлт оруулж байгаа. Тэтгэвэр бол ахмадуудын сарын амьжиргааг залгуулах нэг эх үүсвэр байдаг. Тиймээс зээлийн 70 хувийг төлүүлж, үлдсэн 30 хувийг тэтгэвэр авагчийн гар дээр үлдээх ёстой. Ингэснээр тэтгэвэр авагч энэ мөнгөөрөө амьдралаа залгуулахад нь нэмэртэй. Ахмадуудынхаа бодит орлогыг нэмэгдүүлэхэд чиглэн ажиллаж байгаа уг арга хэмжээ энэ сарын 16-наас хэрэгжиж эхэлнэ.

-Одоо тэтгэврийн зээлтэй байгаа ахмадуудад хөнгөлөлттэй зээл үйлчлэх үү?

-Хуучин зээлтэй хүмүүс өмнөх зээлээ төлчихөөд одоо нөхцөл нь дээрдсэн тэтгэврийн зээлд орж болно.

-Нийгэмд хүлээлт үүсгээд байсан “Цалинтай ээж” хөтөлбөр, олон хүүхэдтэй эцэг, эхэд өгөх тэтгэмж, малчны тэтгэврийн насыг наашлуулсан зэрэг шинэ хууль тогтоомжууд он гарснаар хэрэгжиж эхэллээ.

-Олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжийн хөдөлмөрийг бодитой үнэлэх ёстой гэж манай Засгийн газар үздэг. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүд маань улсынхаа хүн амыг өсгөхөд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа. Өмнөх жилүүдийн туршлагаас харахад хүүхдээ гурван нас хүртэл нь харж, асрах хугацаанд эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлөгддөггүй байв. Харин өнгөрсөн жил Их хурлаас хоёр шийдвэр гаргасан. Хүүхдээ гурван нас хүртэл харж асарч байгаа ээжүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг тасалдуулахгүй төлдөг байх хууль эрх зүйн орчныг бүрдүүлж өгсөн. ОУВС-тай хөтөлбөр хэрэгжүүлж байгаа учраас нийгмийн хамгааллын олон арга хэмжээг зэрэг хэрэгжүүлэхэд эдийн засагт хүндрэлтэй гэж үзсэн. Тийм учраас ээжүүдийн хүүхдээ гэртээ харж байгаа хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг  төлсөнд  оруулж тооцох хуулийг 2019 оноос хэрэгжүүлнэ. Харин хүүхдээ гурван нас хүртэл харж байгаа ээжүүдэд сар тутамд нь мөнгөн тэтгэмж олгодог байх хуулийн хугацааг энэ сарын 1-нээс хэрэгжүүлж байгаа. Мөн олон хүүхэд  төрүүлж өсгөсөн, өрх толгойлсон эцэг, эхчүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулах зайлшгүй шаардлагатай байна.Энэ хүрээнд гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улиралд 240 мянган төгрөгийн тэтгэмж олгодог байхаар хуульчилж, хэрэгжүүлж эхэллээ.

Монголчууд маань нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг. Манай улсын эдийн засгийн гол үйлдвэрлэл бол мал аж ахуй. Улсын хэмжээнд 300 гаруй мянган малчин байна. Тэдний өдөрт ажиллах цаг урт, хүнд хүчир хөдөлмөр. Нөгөө талаас өдөрт үргэлжилж байгаа ажлын цагийнх нь дийлэнх хугацаа байгалийн хатуу, ширүүн цаг агаарт өнгөрдөг. Үүнээсээ шалтгаалаад малчдын дундаж наслалт төв суурин газрын иргэдийнхээс харьцангуй доогуур байгаа. Тиймээс малчдын тэтгэвэрт гарах насыг таван насаар наашлуулах хуулийг өнгөрсөн жил УИХ баталсан. Ингээд шинэ Засгийн газар энэ оны эхний өдрөөс хэрэгжүүлж эхэлье гээд  төсөвт шаардлагатай хөрөнгийг тусгасан. Нийгмийн даатгалын шимтгэл 20-оос доошгүй жил төлсөн, үүнээс 15 жилд нь малчнаар ажилласан эрэгтэй 55 настайдаа тэтгэвэрт гарна. Эмэгтэй малчдын хувьд 20-иос доошгүй жил нийгмийн даатгалын шимтгэл төлж, үүнээс 12-оос доошгүй жилд нь малчнаар ажилласан бол 50 настайдаа тэтгэврээ тогтоолгох эрх нь үүсч байгаа юм. Бидний тооцож байгаагаар 13 мянган малчин нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх нь үүснэ. Шаардлагатай 44 тэрбум төгрөгийн хөрөнгийг улсын төсөвт тусгаж өгсөн.

-Энэ хуульд  мал малладаг бүх хүн хамрагдах боломжтой юу?

-Малчин хүн гэж хэнийг хэлэх талаар орон нутгийн нийгмийн даатгалын байгууллагууддаа тодорхой чиглэл өгсөн. Ер нь “Мал аж ахуй эрхлээд үндсэн орлогоо олж байгаа хүнийг малчин гэж хэлнэ” гэсэн тодорхойлолт бий. Нөгөө талаар хөдөлмөрийн гэрээгээр аж ахуйн болоод иргэний малыг маллаж байгаа хүн бол бас малчинд тооцогдож, хуульд хамрагдана. Харин тавиул малтай иргэд энэ хуулийн заалтад хамрагдах боломжгүй.

-Хөдөөгийн орлого багатай иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр ямар ажлуудыг хийх вэ?

-Орон нутагт ажиллаж байхад иргэдийн зүгээс эрүүл мэндийн даатгалын хураамж сүүлийн гурван жилийн дотор долоо дахин нэмэгдсэн асуудлыг ярьж байсан. Тиймээс шинэ Засгийн газар 2018 оны төсвийг Их хуралд өргөн барихдаа малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч болоод, ажилгүй иргэдийн төлдөг эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хураамжийг 50 хувиар бууруулж төсөвт тусгасан. Ингэснээр эдгээр иргэдийн орлого тогтвортой болох нөхцөл бүрдэнэ. 2018 оны төсөв хүн рүүгээ чиглэсэн, иргэдийнхээ нийгмийн хамгааллыг сайжруулахтай холбоотой нэлээд олон ажлыг хийхээр төлөвлөсөн байгаа.

-Халамжийн бодлогууд хэрэгжихтэй зэрэгцээд татвар нэмэгдлээ. Иргэдийн халааснаас авсан татварыг халамж хэлбэрээр тарааж байна гэсэн шүүмжлэл нийгэмд байна. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Татвар нэмэх асуудал өмнөх Засгийн газрын төлөвлөж, Их хуралд оруулсан асуудал гэдгийг бүгд мэдэж байгаа. Бид асуудлыг бүлэг дээрээ олон талаас нь ярьж байгаад татварыг дөрвөн үндсэн шатлалтай болгоё гэдгийг дэмжсэн. Монголчуудын олонх нь ядуу, ядуувтар түвшинд амьдарч байна. Манай улс нэг шатлалтай татвартай олон жил явж ирсэн. Ахиу орлого олсон ч, бага орлого олсон ч ижил хувиар татвар төлдөг.

Нийгэмд  ядуурлын түвшин өндөр байгаа учраас татварыг шатлалтай болгож, ахиу орлого олж байгаа нь илүү татвар төлдөг, бага орлоготой нь бага татвар төлдөг бодлого явуулах шаардлагатай гэж үзсэн. Ингэж чадах юм бол хүн амын маань олонх нь дундаж давхаргатан болох нөхцөл бүрдэнэ. Гэхдээ 1.5 саяас дээш орлоготой иргэд нийт ажиллагсдын найман хувь байгаа. Тэдэнд  л шатлалтай татварын ачаалал ирнэ. Нөгөө талаасаа бид татварыг нэмээд байгаа юм биш. Бага орлоготой иргэдийн орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ авсан. Ялангуяа хүн амын орлогын албан татварын тухай хуулийн дагуу хөнгөлөлт чөлөөлөлтийг 84 мянга байсныг 120 мянган төгрөг болгож энэ сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлж байгаа. Энэ бол бага орлоготой иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлж байгаа арга хэмжээ.

-Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлсэн нь аж ахуйн нэгжүүдэд нэлээд дарамт болох юм биш үү?

-Энэ оны нэгдүгээр  сарын 1-нээс нийгмийн даатгалын шимтгэл ажил олгогч, ажилтан дээр тус бүр нэг хувь нэмэгдэж байгаа. Нийгмийн даатгалын сан өөрөө алдагдалтай байдаг. Жил тутамд улсаас 300 тэрбум төгрөгийн татаас авч байж, тэтгэвэр тэтгэмжээ тавьдаг. Энэ алдагдлыг бууруулахын тулд нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхийг хараахан зуун хувь зөв бодлого гэж харахгүй байна. Нийгмийн даатгалд хамрагдах хүрээг нь нэмэгдүүлж байж энэ алдагдлыг бууруулах ёстой. Улсын хэмжээнд 1.2 сая ажиллагсадтай гэдэг. Гэтэл тэдний 50 хувь нь малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид. 500-гаад мянган хүн нийгмийн даатгалын шимтгэлийн гадна байна. Тэднийг нийгмийн даатгалд хамрагдах нөхцөл боломжийг нь нэмэгдүүлэх арга хэмжээг зэрэгцээд авах шаардлагатай.

-Татварын нэмэгдлийг өнгөрсөн жил Засгийн газар баталсан. АН-ын зүгээс татвар нэмэгдсэнээр ард түмний нуруун дээр ачаа болж байна гээд энэ шийдвэрээ цуцлахыг шаардлаа. Шинэ Засгийн газрын хувь нэмэгдүүлсэн татваруудыг цуцлах тал дээр судалж байгаа зүйл байна уу. Тийм боломж бий юу?

-Өнгөрсөн жил АН, МАН гэлтгүй бүгд ярьж байгаад шийдвэрээ гаргасан. Монгол Улс дампуурлаа зарлах уу, олон улсын банк санхүүгийн байгууллагын хөтөлбөрт хамрагдаад эдийн засгаа сэргээж, улс орноо хөл дээр нь босгох уу гэдэг сонголтын өмнө байлаа. Ингээд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах замаар улс орноо богино хугацаанд эдийн засгаа сэргээе гэсэн сонголтыг хийсэн шүү дээ. Тэрнээс биднийг хүчээр оруулчихсан юм байхгүй. Гэхдээ ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахдаа улс орныхоо онцлог, төсөв санхүү, нийгэм эдийн засгийнхаа байдлыг зөв ойлгуулж чадаагүй шүүмжлэлтэй тал байгаа.   Энэ оны эхээр ОУВС-гийнхан Монголд ирж ажиллана. Хөтөлбөрт хамрагдсанаар эдийн засагт гэгээ татаж, орлогын төлөвлөгөө давж биелсэн зэрэг үзүүлэлтүүд ажиглагдаж байна. Тиймээс ОУВС-тай асуудлуудаа илэн далангүй ярилцаж, нөхцөл байдлаа ойлголцож, зарим арга хэмжээг сэргээх чиглэлээр зайлшгүй ажиллах шаардлагатай.

-Тэтгэврийн насыг уртасгасан шийдвэрийг эргэж харах уу?

-Тэтгэврийн насны тооцоо судалгааг сайн хийж дахиж зарим нэг зүйлийг засч залруулах шаардлага байгаа. Хүнд хортой нөхцөлд тэтгэвэрт гардаг иргэдийн тэтгэврийн насыг нэмэгдүүлчихсэн. Энэ бол зөв зүйтэй шийдэл биш. Уг асуудлыг ОУВС-гийнхантай зайлшгүй ярих шаардлага байна. Дараагийн асуудал нь тэтгэврийн насыг зургаан сараар нэмэгдүүлэхдээ журмын тухай хууль гаргах ёстой байсан юм байна. Энэ сарын 1-нээс хойш тэтгэвэрт гарч байгаа хүмүүсийнх 60 нас зургаан сар болж нэмэгдсэн. Тэгэхээр 1958 онд төрсөн хүмүүс 2018 онд тэтгэврээ тогтоолгох учиртай. 1958 оны зургаан сард төрсөн хүн бол 2018 оны долдугаар сард тэтгэвэрт орох эрх нь нээгдэж байгаа. Гэтэл 1958 оны долдугаар сард төрсөн хүн болохоор 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс тэтгэврээ тогтоолгох насаа хүлээх болж байна. Гэтэл 2019 оноос дахиад тэтгэврийн нас зургаан сараар нэмэгдэх учраас 2019 оны долдугаар сард тэтгэвэрт гарах болж байна. Ингээд нэг жилд хэдхэн хоногийн зөрүүтэй төрсөн хоёр хүн бүтэн нэг жилийн хойно тэтгэвэрт гарах асуудал үүсээд байгаа. Энэ бол иргэдийг нэлээд чирэгдүүлсэн, хохироож болзошгүй. 1958 онд төрсөн хүн яг 2018 ондоо тэтгэвэрт гарсан байхаар хуулийн хэрэгжилтийг хангах журмын тухай хуулийг гаргах ёстой.

-Тэтгэвэр нэмэх тал дээр та ямар бодлого баримтлах вэ?

-2018 оны улсын төсвийг батлахдаа Засгийн газар нийгмийн даатгалын сангаас болоод халамжийн сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг тусгасан. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа 381 мянга гаруй ахмадын 60 шахам хувь нь хамгийн бага тэтгэвэр авдаг. Нийтдээ тэтгэвэр нэмэхээр 117 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан. Энэ хөрөнгийг нийт тэтгэвэр авагчдадаа тооцоолох юм бол нэг хүний тэтгэвэр дунджаар найман хувиар нэмэгдэх юм. Ахмадуудын дийлэнх нь бага тэтгэвэр авч байгаа учраас нийтээр нь ижил тэгш нэмэх нь зөв шийдэл биш гэж харж байгаа. Учир нь бага тэтгэвэр авдаг хүмүүсийнх бага л нэмэгдэнэ. Харин ахиу тэтгэвэр авдаг хүмүүсийнх ахиу нэмэх талтай. Тиймээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг хариуцсан сайдын хувьд тэтгэвэр тэтгэмжийг хоёрдугаар сарын 1-нээс нэмэх асуудлыг Засгийн газарт оруулахаар ажиллаж байна. Тэтгэврийг ижил хувиар биш, тэнцүү мөнгөн дүнгээр нэмье гэсэн байр суурьтай байгаа. Удахгүй энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулна.

-Та саяхан Япон руу ажлын айлчлал хийгээд ирсэн. Тус улс руу дадлагажигч ажилтан гаргах асуудлаар ямар тохиролцоонд хүрэв?

-Засгийн газар хэд хэдэн орны Засгийн газартай хэлэлцээр байгуулж, монгол залуучуудыг тухайн орны өндөр технологи, техник, ур чадварыг эзэмшүүлэх зорилгоор ажиллах хүч болоод дадлагажигч гэсэн статустай зарим орнууд руу илгээж ажиллуулдаг. Одоогоор Солонгос, Чех улсуудтай ажиллах хүч илгээх Засгийн газар хоорондын хэлэлцээртэй ажиллаж байна. Япон руу дадлагажигч гэсэн статустайгаар залуучуудыг ажиллуулдаг. Саяхан миний бие Япон улсад ажлын айлчлал хийхдээ тус улсын Хөдөлмөр, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдтай уулзаж, хоёр орны хооронд дадлагажигч илгээх санамж бичигт гарын үсэг зураад ирсэн. Урьд нь Япон руу гурван жилийн хугацаатай дадлагажигч илгээдэг байсан. Харин энэ удаагийн айлчлалын үр дүнд тус улс руу дадлагажигчаар ажиллах монгол залуус таван жилийн хугацаатай ажиллах нөхцөл бүрдлээ. Японтой байгуулсан санамж бичгийн хүрээнд хэд хэдэн ажил хийх ёстой. Энэ хүрээнд япон улсад дадлагажигч илгээх зорилгоор тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж, байгууллагуудад аттестачлал явуулж, хатуу шаардлага тавина.

-Ер нь жилдээ хичнээн дадлагажигч ажилтан илгээсэн юм бэ?

-2016 онд Япон улсад 50 мянган дадлагажигч илгээнэ гэж улс төр болгож зарлаж байсан. Ингээд тус улс руу дадлагажигч илгээх тусгай зөвшөөрлийг хяналт муутайгаар олон аж ахуй нэгжүүдэд өгсөн байна. Үнэндээ жилд Япон руу явж байгаа хүний тоо 30-аас дээш гарахгүй байгаа. Тэгсэн хэрнээ тус улс руу дадлагажигч илгээнэ гэсэн 70-аад аж ахуй нэгж улсын хэмжээнд байна. Тэдэнд тавих шаардлагыг чангатгана гэж дээр хэлсэн. Ялангуяа дадлагажигчаар явах залуусаас урьдчилгаа мөнгө, барьцаа авахыг хатуу хориглож байгаа. Ер нь Япон улсад техникийн ур чадвар эзэмшсэн дадлагажигч илгээхдээ  мэргэжлийн боловсролын байгууллагыг түшиглэх ёстой. Дадлагажигчаар илгээх залууст мэргэжлийн ур чадвар эзэмшүүлдэг, дадлага олгодог байх, дээр нь япон хэлний сургалтад хамруулж,  хэлний шаардлагыг хангуулдаг байх үйл ажиллагааг мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудыг түшиглэж, хяналттай явуулна гэсэн чиглэлтэй ажиллаж байгаа.

-Япон руу дадлагажигч ажилтан илгээхэд квот бий юу?

-Япон улсын Засгийн газар энэ жил тэдэн хүн авна гэсэн квот өгөхгүй.  Миний хувьд энэ асуудлыг тавихад “Манай аж ахуйн нэгжүүд өөрсдөө хичнээн тооны дадлагажигч хэрэгтэй байгаа дээрээ тулгуурлаад хүн авна” гэсэн.

-Өмнөд Солонгост хөдөлмөр эрхэлж байгаа монголчуудын нийгмийн хамгааллын асуудлыг хоёр улсын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд шийдэж чадсан. Тэгвэл бусад улс оронд ажиллаж амьдарч буй хүмүүсийнхээ нийгмийн байдалд хэрхэн анхаарч байна вэ?

-Гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдийнхээ нийгмийн хамгааллыг сайжруулах зайлшгүй шаардлага байна. Манай залуус Солонгосд хөдөлмөр эрхэлж байхдаа тус улсад шимтгэл төлсөн жил нь Монгол Улсдаа ажиллаж, шимтгэл төлсөн жилд оруулан тооцогддог болсон. Солонгост төлсөн шимтгэлээ монголдоо ирсэн хойноо буцаан авах нөхцөл боломж бүрдсэн. Одоо бид Чех улстай мөн нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Мөн энэ сарын сүүлчээр Польш улсад ажлын айлчлал хийхдээ тус улсын Засгийн газартай нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурна. Ингэснээр тус улсад ажиллаж, амьдарч байгаа 6700 орчим монгол залууст  олон нөхцөл боломж нь бүрдэнэ.

-НҮБ-ын Хойд Солонгост тавьсан хоригтой холбоотойгоор тус улсын  ажиллах хүчнийг гаргахаар болсон. Энэ суудлыг хоёр улсын харилцаанд нөлөөлөхгүй байхаар хэрхэн шийдвэрлэх ёстой вэ?

-НҮБ-ын хоригтой холбоотойгоор Хойд Солонгосын ажилтнуудад ажил олгогчдын тоог бууруулах  чиглэл баримтлан ажиллаж байгаа. Ерөнхий тоо хэлэхэд өнгөрсөн жил Монголд ажиллаж байсан солонгос ажилчдын тоо он гарснаар 50-иад хувиар буурсан байна.Энэ нь хоёр орны дипломат харилцаанд саад тотгор болохгүй болов уу. Манай улс НҮБ-ын гишүүн орон. Тиймээс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрийг зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай. Нөгөө талдаа уламжлалт дипломат харилцааг хадгалсан бодлого явуулах ёстой.

 

М.МӨНХЦЭЦЭГ

 

 

Дээш