Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам “Стратегийн баримжаатай хүний нөөцийн удирдлага”, “Ёс зүйн зөвлөлийг бэхжүүлэх нь” дэд төслийг хэрэгжүүлнэ
Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран Канадын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжүүлж буй дэд төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хамт олонд танилцуулах, төслийн нээлтийн үйл ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа. Нээлтэд Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр нар оролцлоо.
Дэд төслүүдийн зорилго нь төрийн байгууллагын хүний нөөцийн удирдлагыг төлөвшүүлэх, албан хаагчдыг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, сургагч багш нарыг бэлтгэх, ёс зүйн шинэ менежментийг нэвтрүүлэхэд чиглэж байгаа юм.
Төрийн албаны тухай хуулийн шинэтгэлийн гол үзэл баримтлал төрийн албыг чадахуйн зарчимд суурилсан шатлан дэвших тогтолцоог бүрдүүлж, мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай төрийн албыг бүрдүүлэх юм.
Энэхүү зорилтын хүрээнд Төрийн албаны чадавхыг бэхжүүлэх замаар тогтвортой, шударга, мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг бий болгоход чиглэсэн шинэтгэлийн тэргүүлэх чиглэлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой Канадын Засгийн газрын санхүүжилтээр “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх нь” төслийг Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран 2018 оноос хэрэгжүүлж байгаа.
2020, 2021 онд хүний нөөцийн аудит, цогц чадамжид суурилсан хүний нөөцийн удирдлагыг төрийн албанд нэвтрүүлэх, ёс зүйн зөвлөл болон хүний нөөцийн асуудал хариуцсан албан хаагчид, ёс зүйн зөвлөлийг чадавхжуулах сургалтын хөтөлбөрийг боловсруулж аймаг, нийслэлийн түвшинд сургалтуудыг зохион байгуулсан. Түүнчлэн цогц чадамжид суурилсан хүний нөөцийн удирдлагын болон ёс зүйн зөвлөлийг бэхжүүлэх бодлогын баримт бичиг, арга зүй, хэрэглэгдэхүүнийг боловсруулаад байна.
2022 онд сонгогдсон төрийн байгууллагуудад “Стратегийн баримжаатай хүний нөөцийн удирдлага”, “Ёс зүйн зөвлөлийг бэхжүүлэх нь” дэд төслүүдийг хэрэгжүүлэх замаар төслийн туршин нэвтрүүлэлтийн үр дүнг бэхжүүлэх, сургагч багш нарыг бэлтгэх, төрийн байгууллагын үр дүнг дэмжих хүний нөөцийн удирдлагыг төлөвшүүлэх, төрийн албан хаагчдыг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх суурь нөхцөлийг бүрдүүлэхээр зорин ажиллаж байна.
Монгол Улсын Төрийн албаны Зөвлөл
UNDP in Mongolia - НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр