Залуусын шинэ санаа, шилдэг бизнесийг дэмжинэ

Монголын болон дэлхийн зах зээлд манлайлагч болж чадах шинэ санаатай, шинэ бизнес эхлүүлэх хүсэл мөрөөдөлтэй залуусыг дэмжих зорилгоор “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийг Швейцарийн Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр GFA консалтинг групп Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран 2016 оноос хэрэгжүүлж эхэлсэн.

Төслийн хүрээнд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих олон төрлийн үйл ажиллагаа явуулж буйн нэг нь гарааны бизнес эрхлэх хүсэлтэй залууст санхүүгийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээ юм. Залуусын бизнесийн санаа бодитойгоор хэрэгжиж, үндэсний брэнд болж хөгжих боломжтой эсэхийг судалж уг дэмжлэгийг олгодог бөгөөд өнгөрсөн жил л гэхэд бизнесийн зургаан баг 6-10 сая төгрөгөөр гарааны бизнесээ дэмжүүлсэн байна.

Дэмжлэг авсан бизнесийн багуудын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, тэдний туршлагад үндэслэн цаашдын ажлаа төлөвлөх зэрэг олон зорилготой “Гарааны бизнес эрхлэгчдийн зөвлөлдөх уулзалт”-ыг өнгөрсөн долоо хоногт “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийн нэгжээс зохион байгууллаа. Зөвлөлдөх уулзалтад төсөлд хамрагдсан залуус, ХНХЯ, ХААХҮЯ, олон улсын хандивлагч байгууллага, аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийнхэн оролцож гарааны бизнес эрхлэгч залуус бизнесийн санаагаа төрийн болон төрийн бус байгууллагуудад танилцуулан, бизнесийн үйл ажиллагааны хүрээн дэх асуудлуудаар санал солилцсон.

Төслөөс өнгөрсөн онд дэлхийн зах зээлд цахиур хагалах шинэ бизнес санаа шалгаруулахад Баян-Өлгий аймгийн Б.Солтанбекийн санаачилсан арьсны үрэвсэлт өвчнийг бүрэн эдгээдэг “Sakhar” эмийн ургамалтай казак үндэсний савангийн брэнд өндөр үнэлгээ авч, санхүүгийн дэмжлэгт хамрагдаж чадсан юм. Б.Солтанбек өөрийн бизнесийн талаар уулзалтад оролцогчдод танилцуулсан нь олны сонирхлыг татаж байлаа. Мөн тойгны тосоор хийсэн ванны бөмбөлөг, лаа, үнэртүүлэгч зэргийг үйлдвэрлэдэг “Шижир”, ингэний сүүн чихэр болон сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Сүүн цацал”, ган төмөр, арьс, гууль мөнгөөр хутга урладаг “Таван салаа”, мод болон ширээр дээд зэрэглэлийн цүнх үйлдвэрлэгч “Livon”, хүүхдийн тарагны “Мазаалай”, суль, сулихрын гурилтай “Алтай” органик цай зэрэг брэндийг санаачлагчид бүтээгдэхүүнээ танилцуулсан.

Төслөөс гарааны бизнесийн дэмжлэг авсан залуусын үйлдвэрлэдэг брэндүүдийг цаашдаа тогтвортой байх нөхцөл бүрдсэн төдийгүй, хэтийн зорилгоо зөв оновчтой тодорхойлж, амжилттай ажиллах боломжтой гэсэн үнэлгээг уулзалтад оролцогчид өгч байлаа.  “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийг Увс, Завхан, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Дархан-Уул аймаг, нийслэлийн Баянгол, Хан-Уул дүүрэгт хэрэгжүүлж буй бөгөөд энэ хүрээнд 890 залууг гарааны бизнес эрхлэх сургалтад хамруулж, шилдгийн шилдэг есөн төсөлд 10 хүртэлх сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлжээ. Дээрх аймгуудад 2018 онд төслийг үргэлжлүүлэхээр болсон бөгөөд үүнд хамрагдахыг хүссэн 15-34 насны залуус бизнесийн баг бүрдүүлж www.yepp.mn цахим хуудсанд бүртгүүлж, бизнес санаагаа видео хэлбэрээр байршуулах ёстой аж.

Төслийн хүрээнд орон нутаг болон нийслэлийн дүүргүүдэд гарааны бизнесийг хөгжүүлэх санаачилгыг дэмжин хэрэгжүүлэхэд чиглэсэн залуучуудын гарааны бизнесийг дэмжих загвар схемийг боловсруулсан байна. Уг схемийг боловсруулахдаа Монгол Улс дахь гарааны бизнес болон эдийн засгийн орчин нөхцөл зэргийг сайтар судалж, олон улсын гарааны бизнесийг дэмжих загвар туршлага, мөн гарааны бизнесийг дэмжих үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагуудын хөтөлбөр үйл ажиллагааны үр дүнг харгалзан үзсэн гэдгийг Төслийн нэгжийн захирал Т.Энхтуяа онцолсон бөгөөд энэхүү загвар схемийг дээрх найман аймаг, хоёр дүүрэгт амжилттай туршин хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрсэнээр цаашдаа үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх боломж гарсан байна. Тодруулбал  Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн өнгөрсөн оны нэгдүгээр сарын 27-ны Тогтоолоор Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрийг баталж, үндэсний хэмжээнд хэрэгжүүлж эхлээд байгаа юм.

Хөтөлбөрийн хүрээнд аймаг, дүүрэг бүрт залуучуудын шилдэг гарааны бизнесийг шалгаруулж, 10 сая хүртэлх дэмжлэгийг 24 сарын хугацаатай эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр олгож, эргэн төлөлтийг төсөл хэрэгжих эхний зургаан сард төлөхгүй байхаар тусгажээ. Ингэснээр залуус аймаг, дүүрэг дэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсээрээ дамжуулан гарааны бизнесээ эхлүүлэх, хөгжүүлэх боломж бүрдэж буй юм.  Мөн “Залуучуудын хөдөлмөр, эрхлэлтийг дэмжих” төслийн хүрээнд гарааны бизнес эрхлэгчдийн нэгдсэн платформ болгож www.starturbase.mn сайтыг ажиллуулж эхэлжээ. Энэ нь гарааны бизнесийн оролцогч талуудыг нэгдсэн мэдээллээр хангах, хамтран ажиллах цахим орчин бүрдүүлэх зорилготой бөгөөд одоогоор 100 шахам аж ахуй нэгж бүртгүүлж, 250 гаруй хэрэглэгчтэй болоод байгаа. Цаашид гарааны бизнес эрхлэгч, сонирхож буй хүмүүс нэгдэх боломжтой бөгөөд гишүүнээр элссэнээр гарааны бизнесийн чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл авах, хөрөнгө оруулагчидтай холбогдох, сонирхсон арга хэмжээндээ бүртгүүлэх, бусадтай туршлага солилцох боломжтой.

 

Дээш