МЭНДЧИЛГЭЭ
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ ТОГТВОРТОЙ, УЯН ХАТАН, БҮХ НИЙТИЙН ТӨЛӨӨ НИЙГМИЙГ ХӨГЖҮҮЛЬЕ.
Жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг НҮБ-аас Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдөр болгон тэмдэглэж ирсэн. Энэ жил дэлхий нийтээр “Тогтвортой, уян хатан, бүх нийтийн төлөө нийгэм рүү" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Өөрсдийн бэрхшээлийг үл харгалзан нийгмийн бүхий л салбарын үйл ажиллагаанд гар бие оролцож, дуу хоолойгоо өргөн, бидэнтэй хамтран ажилладаг иргэд, төрийн бус байгууллагууд Та бүхэндээ хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн олон улсын өдрийн мэндийг хүргэе.
Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцид 2009 онд нэгдэн орж, тус конвенцийн суурь зарчимд нийцүүлэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг 2016 онд батлан хэрэгжүүлж байна. Энэхүү хуулийг боловсруулан батлуулахад үйл явцад Та бүхний дууд хоолой, оролцоо хүчтэй байсан гэдгийг онцлон тэмдэглэхийн зэрэгцээ хэрэгжилтийг хангахад хамтран ажиллаж байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас энэ жил хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлд багагүй арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ээлжит хуралдаанаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг баталлаа. Хөтөлбөр нь хөгжлийн бэрхшээлтэй хүний эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, дэд бүтэц, мэдээллийн хүртээмж, статистик мэдээллийг сайжруулах, нийгмийн оролцоог дэмжих, гамшгийн эрсдлээс хамгаалах үндсэн 8 зорилтын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүний амьдралын чанарыг сайжруулах зорилгоор 2018-2022 оны хооронд хэрэгжих юм.
Мөн өдрийн Засгийн газрын хуралдаанаар БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдах “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусгай тоноглол бүхий спорт, цогцолбор”–ын газрын асуудлыг шийдвэрлэлээ. Тус цогцолбор ашиглалтад орсноор 200-400 хөгжлийн бэрхшээлтэй тамирчид төдийгүй хүүхдүүд жилийн 4 улиралд спортын 10 төрлөөр хичээллэх боломж нээгдэнэ.
Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөрлөх эрхийг хангах, боломжийг нэмэгдүүлэх чиглэлд хууль эрх зүйн орчныг сайжруулж байна. Тухайлбал, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд “хөгжлийн бэрхшээлээр” ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглох, тохирох хэрэглэгдэхүүнээр хангах, тэдэнд зориулж ажлын байрыг өөрчлөх, хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнээ гэртээ асарч байгаа хүний үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих зэрэг зохицуулалтыг шинээр болон шинэчлэн тусгаад байна.
Мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих харилцааг зохицуулах тусгайлсан нэг бүлэг шинээр оруулж байна. Хуулийн төсөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, үйлчилгээ арга хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг тохируулгатай ажлын байраар хангасан ажил олгогч, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асран хамгаалж байгаа эцэг/эх, асран хамгаалагчийг хамруулахаар тусгаж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн өмнө тулгамдаж буй аливаа асуудлыг тэдний оролцоотойгоор шийдвэрлэх, эрхийг бодит болгох, тэдэнд ээлтэй, хүртээмжтэй нийгмийг бүрдүүлэхэд хүн бүрийн, салбар бүрийн, төр болон иргэний нийгмийн байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагаа маш чухал гэдгийг энд онцгойлон тэмдэглэж байна.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Хүндэтгэсэн,
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД С.ЧИНЗОРИГ