ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ     16 ХОНОГИЙН АЯНЫ ТАНИЛЦУУЛГА

Дэлхий дахинд: 
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян нь жил бүрийн 11 сарын 25-наас 12 сарын 10-ны өдрийг дуустал 16 хоногийн турш зохион байгуулагддаг. 
1991 оноос хойш дэлхийн 170 гаруй орны олон мянган байгууллага, хувь хүмүүс  энэ аянд нэгдэж, охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоохыг шаардан, дэлхий нийтийн хөдөлгөөнийг өрнүүлж байна.  
Тус аяны хүрээнд доорх тэмдэглэлт өдрүүд тохиодог нь охид, эмэгтэйчүүдийн эсрэг бүх  төрлийн ялгаварлан гадуурхалт, хүчирхийллийг хүний эрхийн хүрээнд, цогцоор авч үзэх боломжийг бий болгодог: 
•    11 сарын 25  Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох   олон улсын өдөр
•    11 сарын 25  Эрчүүд хүчирхийллийн эсрэг олон улсын Цагаан туузтаны өдөр  
•    11 сарын 29 Хүний эрхийн төлөө тэмцэгч эмэгтэйчүүдийн олон улсын өдөр   
•    12 сарын 01  ДОХ-той тэмцэх олон улсын өдөр 
•    12 сарын 03  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр  
•    12 сарын 10  Олон улсын Хүний эрхийн өдөр  

Монгол улсад:
Манай нийгэмд гэр бүлийн хүчирхийлэл, хүчин, бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах, ажлын байрны бэлгийн дарамт зэрэг жендэрт суурилсан хүчирхийллийн төрөл түгээмэл үйлдэгдсээр байна. 
 1997 онд энэ аяныг Хүчирхийллийн эсрэг  үндэсний төв анх зохион байгуулсан.  2004 оноос хувь хүмүүс, бүлгүүд, төрийн байгууллага, төрийн бус байгууллагууд болон олон улсын байгууллагууд энэ аянд нэгдэж эхэлсэн. Энэ хамтын ажиллагаа, түншлэл нь аяны 16 хоногийн хугацаанд өрнөөд зогсчихдоггүй, хувь хүмүүс, олон нийтийн санаачилга, бүтээлч оролцоог өдөөн сэрээж, шинэ санаа, шинэ стратегиар баяжин, шинэ түншлэл, шинэ хамтын ажиллагааг өрнүүлж,  өмнөх үйл ажиллагаа, харилцаа холбоогоо өргөжин хөгжүүлж байдаг. 


Аяны зорилго:  
•    Хүчирхийллийг тэвчихгүй байхыг,  нуугдмал, чимээгүй байдлыг халахын төлөө хүн бүр дуугарч эхлэхийг уриалах; 
•    Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоохын төлөө хүн бүр дор бүрнээ жижиг ч болтугай алхам хийх, санаачилга гаргахыг дэмжих, хүчээ нэгтгэн ажиллах боломжоор хангах;  
•    Хүн бүрийн аюулгүй байдлыг хангах,  эрх, эрх чөлөөг хамгаалах үүрэг, амлалтаа биелүүлэх, хуулиа хэрэгжүүлэхийг төр, засгийн газраас  шаардах 
Та энэ аянд яагаад зайлшгүй оролцох шаардлагатай вэ?  
•    Эрэгтэй хүн бүр хүчирхийлэл үйлддэггүй. Гэвч зарим эрэгтэйчүүд охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг үйлдсээр байна. Бид нийгэм, хамт олноороо буруушаан дуугарахгүй байгаа тул тэд хүчирхийллээ үйлдсээр, бид дуугүй байдлаараа тэднийг дэмжсээр л байна. 
•    Бид хүчирхийллийг хэзээ ямагт байсан, байгаа, байсаар ч байх, охид, эмэгтэйчүүдийн амьдралын ердийн нэг хэсэг хэмээн үзэж,  энэ шударга бус, хүнлэг бус явдалд хэт дасан, түүнийг өөрчлөхийг оролдох ч үгүй, хүлээн зөвшөөрсөөр байна. 
•    Нийгмийг бүхэлд нь нөмөрсөн, чимээгүй дайн мэт энэ үзэгдэлтэй цөөн тооны хүн, байгууллага, төсөл, хөтөлбөр тэмцээд дорвитой үр дүнд хүрч чадахгүй. Бид нийгмээрээ, бүх нийтээрээ тэмцэх хэрэгтэй.
•    Олон охид, эмэгтэйчүүд  хүчирхийллийн улмаас зовон шаналж, эрүүл, аюулгүй амьдрах наад захын  үндсэн эрхүүдээ эдэлж чадахгүй байгааг харсаар байж, бид юу ч хийхгүй байж болохгүй. 
•    Хүн бүр “надад хамаагүй”  гэж чимээгүй өнгөрөх аминч хандлагаасаа татгалзаж, өөрийнхөө чадах хэрээр, том жижиг гэлтгүй ямар нэгэн алхам хийх шаардлагатай байна. 
•    “Байдаг л нэгэн зүйл”-ийг “хэзээ ч байх ёсгүй, тэвчиж үл болох, яг одоо таслан зогсоох, дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх зүйл” болгон хувиргах боломж, хүч чадал хүн бүрт бий. 
•    Нэг нь нэгнийгээ дарамталж, доромжлох боломжийг олгоод зогсохгүй, энэ хүмүүнлэг бус явдлыг өөгшүүлж байдаг эрх мэдлийн тэгш бус байдал, түүнийг дэмжсэн нийгмийн хэм хэмжээг бид өөрчилж чадна. 

Та дараах байдлаар энэ аянд нэгдэж, хувь нэмрээ оруулах боломжтой:  

 Та мэдээлэл олж аваарай 
    Хохирогчийг хамгаалах арга замууд, хуулийн боломжийн  талаар мэдээлэл цуглуулаарай. 
    Өөрийн гэр бүл, найз нөхөдтэйгээ  олж авсан мэдээллээ хуваалцаарай. 
    Хүчирхийлэлд өртсөн болон өртөж болзошгүй хүмүүст олж авсан мэдээллийнхээ дагуу туслаарай. 
  
Үйл ажиллагаа зохион байгуулаарай
    Хамт олныхоо дунд тэдний ойлголтыг нэмэгдүүлэх   хэлэлцүүлэг өрнүүлээрэй.
    Өөрийн зохион байгуулж буй үйл ажиллагаандаа хэвлэл мэдээллийнхнийг урьж оролцуулаарай. 
    Аяны хүрээнд зохион байгуулагдаж буй үйл ажиллагаануудад нэгдээрэй. 


Аяны онлайн мэдээллийн сүлжээнд  нэгдээрэй 
    Хүний эрх, жендэрийн шударга ёс,  эмэгтэйчүүдийн эрхийн чиглэлээр ажилладаг байгууллага, бүлэгт нэгдээрэй, бодит мэдээллийг цаг алдалгүй хүлээж авах боломжит суваг болно.  
    Аяны дэмжигч  хувь  хүмүүс,  байгууллагын эгнээнд нэгдээрэй. 
    Вэб сайт:  www.safefuture.mn
    Фейсбүүк хуудас: www.facebook.com/16 хоногийн аян Монгол

 Эрчүүдийг урьж оролцуулаарай 
    Эрчүүд,  залуусыг  аяны үйл ажиллагаанд урьж оролцуулан,   эгнээндээ нэгтгээрэй.
    Хүчирхийлэл нь  хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлдөг талаар эрчүүд, хөвгүүдтэй ярилцаарай. 
    Эрчүүд  хүчирхийллийг эсрэг дуу хоолойгоо илэрхийлэхэд  нь дэмжлэг үзүүлээрэй.  
    Таны чухал гэж үзсэн үйл ажиллагаа ............................................................................................


Хууль тогтоогч, шийдвэр гаргагчдад  чиглэсэн  ухуулга, сурталчилгаа хийгээрэй 
    Хохирогчийг  үр дүнтэйгээр  хамгаалахад чиглэсэн   хуулийн хэрэгжилтийг   шаардаж,  тойргоосоо сонгогдсон УИХ-ын гишүүнд захидал илгээгээрэй. 
    Хохирогчдод чиглэсэн хамгаалах байрыг хүртээмжтэй болгож, шаардагдах зардлыг улсын төсөвт тусган санхүүжүүлэхийг  Засгийн газар,  орон нутгийнхаа Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газраас  шаардаарай. 
    Орон нутгийнхаа төсвийг  хэлэлцэх үеэр  жендэрээс үүдэлтэй хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах үйл ажиллагааг  тэргүүлэх чиглэл болгож, шаардагдах зардлыг тусгуулаарай. 

Сайн дураараа дэмжлэг үзүүлээрэй 
    Хөрш, найз, таньдаг хэн нэгэн тань хүчирхийлэлд өртөж байвал цагдаа, нийгмийн ажилтан, өрхийн эмч, сургуулийн нийгмийн ажилтан, Засаг дарга гэх мэт мэргэжилтнүүдэд  цаг алдахгүй мэдээлээрэй. 
    Хүний эрх, эмэгтэйчүүдийн эрх, жендэрийн тэгш эрхийг хангахын төлөө ажилладаг байгууллагуудын  үйл ажиллагаанд нэгдээрэй. 
    Хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлдэг  байгууллагуудад мэдлэг, ур чадвар, хүч,  хөдөлмөрөөрөө  хувь нэмрээ  оруулаарай.   
    Хамгаалах байранд  бэлэн мөнгө, хувцас, эд хэрэглэл, хоол хүнс, ном, сурах бичиг, ариун цэврийн хэрэгсэл, эм, нярай хүүхдийн хэрэгсэл зэргээр хандив өргөөрэй. 
    Аяны хүрээнд зохион байгуулагдах  үйл ажиллагаануудад хамрагдаарай. 


  Хэвлэл мэдээллийг өргөнөөр хамруулаарай 
    Аяны үеэр зохион байгуулагдах  үйл ажиллагааны  тухай мэдээллийг  олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаг  найз нөхөд, танилууддаа  хүргээрэй.  
    Бидний амьдралын нэг хэсэг болтлоо шингэн нэвчсэн  хэрнээ далд байдаг энэ асуудлыг ил гаргасан,  асуудал хөндсөн, шийдэл шаардсан  мэдээ, нийтлэл, нэвтрүүлэг  хийж, олон нийт, шийдвэр гаргагчдын анхааралд хүргээрэй.  
    Хууль, бодлого, журмууд   хангалтгүй хэрэгжиж байгаагийн шалтгааныг  илрүүлээд,  энэ гажуудлыг  арилгахад  ямар шийдэл  дутагдаж байгааг санал болгохын зэрэгцээ сайн хэрэгжиж байгаа туршлагаас хуваалцаарай. 

 

Хүчирхийллийн эсрэг үндэсний төв
 

Дээш