“Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй байвал бүх хүн амьдрахад таатай нийгэм болно”
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажиллаж, амьдрах, нийгмийн харилцаанд оролцох орчин нөхцөл бүрдүүлэх, тулгарсан саадуудыг арилган, бүх хүнд ээлтэй хот төлөвлөн, байгуулах нь төрийн болон хувийн хэвшлийн байгууллагынхны ч үүрэг, хариуцлага. Бүх хүн зорчих боломжтой, хүртээмжтэй зам, барилга байгууламж барьж, дэд бүтэц бий болгох нь зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ажил биш, харин бүх хүн тэгш эрх эдлэх боломж бүрдүүлж буй явдал гэдгийг дэлхий нийт ойлгоод олон жил өнгөрчээ. Тиймдээ ч НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод иргэн нийгмийн харилцаанд оролцох боломжийг орчин нь хязгаарлаж байвал тэр хүн хөгжлийн бэрхшээлтэй биш. Харин тэр хүнийг орчин нь хөгжлийн бэрхшээлтэй болгож байгаа хэрэг хэмээн онцолдог. Үүний дагуу олон улсад үйлчилгээний төвүүд, төрийн захиргааны байгууллага, нийтийн эзэмшлийн зам, талбайд тэргэнцэртэй, таягтай, тэрэг түрсэн хэн ч явж болох, саадгүй үйлчлүүлэх нөхцөл бүрдүүлсээр байгаа жишээ олон бий. Тэгвэл манай улсад орчны хүртээмжийг яаж бүрдүүлж байгаа, энэ чиглэлээр холбогдох байгууллагууд хэрхэн хамтран ажилладаг талаар тодруулахаар бид “Редакцын уулзалт” зохион байгууллаа. Энэ удаагийн уулзалтад Барилга, хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөрийн хяналтын хэлтсийн дарга Г.Эрдэнэтөгс, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжийн асуудал хариуцсан мэргэжилтэн З.Мөнгөнцоож, Стандарт, хэмжил зүйн газрын Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын ахлах мэргэжилтэн Ц.Бурмаа, “Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо” төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Мөнхсаруул нар оролцлоо.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд саадгүй ажиллаж, амьдрах орчныг манай улсад хэрхэн бүрдүүлж байгаа вэ. Энэ чиглэлээр төрийн байгууллагууд яаж хамтран ажилладаг бол?
З.М: -Олон нийт, аж ахуйн нэгжүүд, бүтээн байгуулагчдын ойлголт, хандлага сайжирч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шаардлагатай орчин бүрдүүлэх цөөнгүй санаачилга гаргаж байна. Бас энэ талаарх мэдлэг, мэдээлэл нь ч сайжирч байгааг онцлууштай. Түүнчлэн манай улс орчны хүртээмжийг бүрдүүлэх чиглэлийн стандартууд боловсруулж, баталсан. ХНХЯ-наас стандартуудыг мөрдүүлэх чиглэлээр төрийн бус байгууллагуудтай хамтран ажилладаг. Мэдээж засаж сайжруулах, хууль, эрх зүйн хүрээнд шийдэх асуудлууд тулгардаг. Тиймээс Саадгүй байдал, хүртээмжийн тухай анхдагч хуулийн төслийг ХНХЯ-наас санаачлан боловсруулсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд учирч байгаа орчны буюу зам, тээвэр, барилга байгууламжийн саадыг багасгахын тулд уг хуулийн төслийг боловсруулах шаардлага зайлшгүй тулгарсан. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл хүлээн авах, технологи ашиглахад тулгардаг асуудлуудыг ч шийдэж, амьдралын чанарыг сайжруулахад уг хууль чухал нөлөө үзүүлнэ гэж тооцож байгаа.
-Орчны хүртээмжийг яагаад олон нийтийн хэмжээнд хөндөн ярих ёстой вэ. Хүртээмжтэй орчин бүрдүүлэх нь ямар давуу тал, ач холбогдолтой вэ?
Ц.М: -Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орчны хүртээмжийг сайжруулах талаар ярьж буй нь зөв. Гэхдээ налуу зам тавих, барилгын шат, үүд, довжоо зэргийг стандартын дагуу барих нь зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан зүйл биш. Хүртээмжтэй орчин зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулагдаагүй. Энэ бол нас насныхан, бүх иргэн, нийгмийн харилцаанд оролцогч хүн бүрт шаардлагатай зүйл. Жишээ нь, налуу болон чиглүүлэгчтэй хөтөч замаар тэрэг түрсэн хүн, өндөр настан, хүүхдүүд гээд хэн ч явж болно. Уг замыг зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулаагүй бөгөөд харин бүх хүн түүгээр эрх тэгш зорчих боломжийг бүрдүүлсэн шийдэл. Явган хүний замын өргөний хэмжээг манай улс стандартдаа тусгасан байдаг. Замын өргөний хэмжээг тогтоон, цаашлаад стандартаа тусгасан нь тэргэнцэртэй иргэн түүгээр зорчихдоо саадгүй эргэх боломж бүрдүүлэхийн зэрэгцээ хүмүүс тайван алхах, хүүхдээ тэргэнд нь суулгаад түрээд явах орчин бүрдүүлж байгаа юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй байвал бүх хүн амьдрахад таатай нийгэм болно.
Д.Г: -Монголын барилгын салбарт баримтлах, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан гарын авлагыг 2004 онд гаргасан юм. Ингэснээр манай салбарт анх удаа л хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг авч хэлэлцэж, шийдэх чиглэлээр ажиллаж эхэлсэн хэрэг. Түүнээс хойш бодлогын баримт бичгүүд боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Тухайлбал, 2011 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрах орчны шаардлагад нийцсэн зураг төсөл зохиох тухай баримт бичиг боловсруулсан. Гэхдээ сая дурдсан баримт бичиг, гарын авлага нь заавал хэрэгжүүлэх бус, зөвлөмжийн шинж чанартай учраас хэрэгжилт нь хангалтгүй байв. Тиймээс БХБЯ-наас бүх хүнд, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж барилга байгууламжийн орон зай, орчны хүртээмжийг төлөвлөх чиглэлээр заавал мөрдөх норм, дүрмийг саяхан боловсруулж дууслаа. Уг дүрмийг нэн даруй батлуулахаар төлөвлөж байна. Түүнчлэн барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авахад мөрдөх дүрмийг өнгөрсөн долдугаар сард шинэчиллээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сурч боловсрох орчныг сайжруулах, сургуулийн орчинд шаардлагатай тоног төхөөрөмж суурилуулах талаар гаргасан зөвлөмж, журмын төслийг Боловсрол, шинжлэх ухааны яаманд хүргүүлсэн. Зөвлөмж, журмуудыг заавал мөрдөх дүрэм болгон баталчихвал биелэлтэд нь хяналт тавихад дөхөм болох юм.
Г.Э: -Сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг үйлчилгээний зориулалттай барилга байгууламжуудад орчны хүртээмжийн стандартыг мөрдүүлэн, бүх иргэн үйлчлүүлэх боломжийг жилээс жилд сайжруулсаар байгаа. Харин орон сууц, иргэний барилгын орчин тойронд, мөн нийтийн эзэмшлийн зам, талбайн орчны хүртээмжийг сайжруулаагүй байх тохиолдол олон. Хамгийн гол нь барилгын зураг төслийг сайн боловсруулж, шаардлагатай орц, гарц, налуу зам, шатны хашлага зэргийг заавал тусгасан байх учиртай. Зарим тохиолдолд аж ахуйн нэгжүүд зураг төслөө боловсруулахдаа орчны хүртээмжийг тооцоогүй байдаг.
Ц.Б: -Манай байгууллагад техникийн 56 хороо ажилладаг. Тэдгээрээс хоёр хороог нь ХНХЯ-тай хамтран байгуулсан. Үүний нэг болох Нийгмийн хамгаалал, халамж үйлчилгээ, стандартчилалын техникийн хорооны хамрах хүрээнд одоогоор 21 стандарт гаргаснаас долоог нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгардаг асуудлыг шийдэхэд зориулсан. Тэр дундаа дэд бүтэцтэй холбоотой хоёр стандарт бий. Эхнийх нь 2009 онд баталсан MNS 6055:2009 буюу “Иргэний барилгын төлөвлөлтөд хөгжлийн бэрхшээлтэй хүний шаардлагыг тооцсон орон зай, орчин. Үндсэн шаардлага” стандарт юм. Иргэний барилгад хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан ариун цэврийн өрөө гарган, цахилгаан шат ашиглуулж, коридор нь тэргэнцэр эргэх боломжтой байхаар уг стандартад заасан. Хоёр дахь нь MNS 6056:2009 буюу “Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан замыг төлөвлөх заавар” стандарт. Уг стандартад автомат тэргэнцэртэй болон гар тэргэнцэртэй хүн явахад, эргэхэд саадгүй зам тавих, харааны бэрхшээлтэй хүн явах замыг хэрхэн тавих зэргийг сайн тусгасан. Мөн авто замын гарцын дуут дохионы стандартыг тогтоон, мөрдүүлж эхлээд байна.
-Аж ахуйн нэгж, байгууллагууд тэдгээр стандартыг хэрэгжүүлэхэд хялбар уу. Эсвэл шаардлагууд нь нэлээд өндөр үү?
-СХЗГ-аас баталсан стандартууд нь иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд мөрдөхөд хялбар, ойлгомжтой. Ер нь гадаад, дотоод орчинд тавих шаардлага, стандартын хамгийн бага хэм хэмжээг зааж өгсөн байдаг. Тодруулбал, явган хүний зам багадаа ийм хэмжээний өргөнтэй байна гэж заасан. Мөн замын эхлэл болон төгсгөлийг хэрхэн засаж, шинэчлэхийг нарийвчлан тусгасан байх жишээтэй. Түүнчлэн стандартад заасан хэмжээг томруулж, сайжруулах боломжтойгоороо онцлог. Харин 2017 онд шинэчлэн баталсан Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд “Стандарт гэж тодорхой хүрээнд хэм хэмжээ бий болгоход чиглэсэн ерөнхий зарчим, үзүүлэлтийг сонирхогч талууд зөвшилцөн боловсруулж баталсан, сонгон хэрэглэх баримт бичгийг ойлгоно” гэж заасан. Стандартыг заавал хэрэгжүүлэх бус, сонгон хэрэглэнэ гэсэн үг л дээ. Олон улсын жишиг ийм юм билээ. Өөрөөр хэлбэл, олон улсад стандартуудаас аль тохирохыг нь сонгон хэрэглэсний үндсэн дээр орчны хүртээмжийг сайжруулж хэвшсэн. Гэтэл манай улсад сонгож хэрэглэнэ гэдгээс шалтгаалан хэрэгжүүлэхэд бэрхшээл тулгарсан. Тодруулбал, заавал хэрэгжүүл гэж заагаагүй учраас аж ахуйн нэгж, байгууллага хойрго ханддаг болсон тал бий.
Г.Э: -Дээр дурдсанчлан сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг үйлчилгээний зориулалттай барилга байгууламжид шаардлагатай стандартыг мөрдөн, бүх хүн хүртээмжтэй үйлчлүүлэх боломжийг сайн бүрдүүлсээр байгаа. Харин орон сууц, иргэний барилгын дотор, гаднах орчин, нийтийн эзэмшлийн зам, талбай шаардлага хангахгүй байх нь олон. Ийм гажуудал үүссэн шалтгаан нь стандартыг сонгож хэрэглэнэ гэсэн зохицуулалтаас үүдсэн юм. Харин стандартуудын хувьд маш ойлгомжтой, хэрэглэхэд хялбар байдаг.
-Стандартуудыг сонгож хэрэглэнэ гэж хуульдаа тусгаснаас шалтгаалан зарим байгууллага, аж ахуйн нэгж, иргэн шаардлагуудыг нь биелүүлэхгүй ч байж болно гээд ойлгочихсон хэрэг үү?
Ц.Б: -Стандартыг заавал мөрдүүлэх арга бий. Юуны түрүүнд техникийн зохицуулалт хийж болно. Жишээ нь, явган хүний зам барьсан ч, гүйлтийн зам хийсэн ч, шат, гарц гаргасан ч ийм стандартыг улсын хэмжээнд заавал мөрдөнө гэсэн тушаалыг БХБЯ-ны сайд гаргах боломжтой. Тэгвэл замыг ашиглалтад хүлээн авдаг, хяналт тавьдаг байгууллагуудын ажлын гүйцэтгэлийг үнэлэхэд хялбар болох юм. Стандартыг биелүүлсэн, эсэхийг хянаж, хариуцлага нэхнэ гэсэн үг.
Г.Э: -Заавал мөрдөх стандарт гэсэн ойлголт өмнө нь манайд байсан. Харин Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчлэлээр стандартыг сонгох зохицуулалт бий болсон. Мэргэжлийн хяналтын байгууллагынхан шалгалт хийх явцдаа тухайн байгууллагад стандартыг мөрдүүлэхийн тулд зарга үүсгэсэн тохиолдлууд ч бий. Гэхдээ стандартыг сонгож хэрэглэх боломжтой гэдгээс шалтгаалаад аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлэхгүй орхиж, бид заргаа авч чадаагүй тохиолдол цөөнгүй. Үүнээс гадна техникийн шаардлага гэсэн ойлголт байдаг. Зарим стандартыг техникийн шаардлага гээд заагаад өгчихвөл заавал хэрэгжүүлэх зохицуулалт бий болно. Түүнчлэн стандарт хэрэгжүүлээгүйн төлөө хүлээх хариуцлага манай улсад байдаггүй. Хариуцлага зайлшгүй байх ёстой. Аль ч байгууллага, аж ахуйн нэгж, иргэн стандартыг хэрэгжүүлээгүйн төлөө, бүх хүн эрх тэгш амьдрах нөхцөл бүрдүүлээгүйн төлөө хариуцлага хүлээх шаардлагатай гэж боддог.
-Олон улсын жишгийн дагуу стандартыг заавал хэрэгжүүлэх бус, сонгож хэрэглэх зохицуулалт хуульд тусгасан гэж сая дурдлаа. Нэгэнт дэлхийн жишиг ийм учраас манайх олон нийт, байгууллага, аж ахуйн нэгжийн хандлага, ойлголтыг сайжруулах замаар стандартуудыг хэрэгжүүлэхэд анхаарах нь зүйтэй мэт санагдаж байна.
Д.Г: -Стандартуудыг мөрдөх, орчны хүртээмжийг сайжруулах нь иргэн, аж ахуйн нэгж бүрийн үүрэг гэдгийг ойлгох учиртай. Тиймээс орчны хүртээмжтэй холбоотой стандартуудыг барилгын заавал мөрдүүлэх норм, норматив болгон батлуулахаар бид ажиллаж буй.
Ц.Б: -Заавал мөрдөх стандарт гэдэг нь заавал цаасан дээр байх ёсгүй юм. Харин хүний тархи оюунд шингэсэн байх ёстой. Үүнийг л олон нийт ойлгоосой гэж боддог.
-Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах Улсын комисст хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг багтаадаг. Улсын комиссынхон барилгыг хүлээн авахдаа орчны хүртээмжийг бүрдүүлсэн, эсэхийг хэрхэн хянаж шалгадаг вэ?
Д.Г: -БХБЯ-наас олон талын оролцоог хангах, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх алхмуудыг тогтмол хийж байгаа. Тухайлбал, Улсын комисс болон сайдын зөвлөлд ч хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулдаг. Ингэснээрээ тэдний дуу хоолойг сонсон, барилгын салбарт шаардлагатай стандартуудыг боловсруулах, хэрэгжүүлэхдээ саналыг нь тусгадаг. Ерөнхийдөө манай улсын хувьд төрийн мэдлийн барилгуудад стандартаа сайн хангаж, шаардлагыг биелүүлж, сайжруулах ажлуудаа ч тогтмол хийж буй. Хувийн хэвшлийнхний хувьд ч сүүлийн жилүүдэд сайн санал санаачилга олон гаргах болсон. Гэхдээ энэхүү санаачилгыг цаашид улам өргөжүүлж, ялангуяа орон сууц, иргэний зориулалттай барилгын эргэн тойрны зам, талбай, шат, хаалга, үүд бүрийг таяг тулсан өндөр настан, хүүхдээ түрсэн эцэг, эх, ачаа бараа зөөсөн иргэн гээд бүх нийтийг зорчих боломжийг бүрдүүлэн тохируулах хэрэгцээ шаардлага бий. Үүнд сууц өмчлөгчийн холбоо, барилгын эзэд бүр анхаарах учиртай.
Ц.М: -Хувийн хэвшлийнхний сүүлийн үед барьсан барилгуудад стандартыг сайн мөрдүүлсэн, ариун цэврийн өрөө, цахилгаан шат зэргээ хөгжлийн бэрхшээлтэй иргэн ашиглах боломжтой болгон тохижуулсаар байгаа. Гэсэн ч зарим тохиолдолд налуу зам нь явахад хүндрэлтэй, огцом уруу байх зэргээр стандартад нийцээгүй харагддаг. Үүнийг аль байгууллага шалгаж, буруу, дутуу хийсэн ажилд хэн хариуцлага хүлээх ёстойг БХБЯ, МХЕГ-ынхнаас асууя.
Д.Г: -Манай улсад 2004 оноос л хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй дэд бүтэц хөгжүүлж, бүх хүн адил тэгш ажиллаж, амьдрах талаар ярьж эхэлснийг өмнө дурдсан. Нөхцөл байдал жилээс жилд сайжирч байгаа гэж боддог. Барилга байгууламжийн ажлыг эхлүүлэх, барих, ашиглалтад хүлээн авахтай холбоотой бүх эрхийг аймаг, нийслэлийн удирдлагад шилжүүлсэн. БХБЯ нь бүтээн байгуулалт, барилга, угсралтын ажлыг гүйцэтгэхэд олон талын хэрэгцээ шаардлагыг хангуулсан баримт бичиг боловсруулахад гол анхаарлаа төвлөрүүлэн ажилладаг.
-Орчны хүртээмжтэй байдлыг үнэлэх ямар ямар шаардлага олон улсад байдаг вэ. Жишээ нь, манай Улаанбаатар шиг 1.4 сая хүн амьдардаг хотод хэдий хэмжээний урт хөтөч зам, явган хүний зам барина гэсэн тоо, норм бий юү?
Ц.Б: -Тийм тоо хэмжээ байхгүй. Ерөөсөө л бүх зам, талбай хүн бүрт ээлтэй байх ёстой. Жишээ нь, автомашины зогсоолд заавал мөрдүүлэх журам бий. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэн автомашинаа байрлуулж, тэрэг, тоноглолоо гарган, угсрахад дөхөм байх учиртай. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан зогсоолыг бусдаар арай том зайтай байхаар төлөвлөдөг. Ер нь хүүхдүүдийг цэцэрлэгт орсон цагаас л багш нар, гэр бүлийнхэн нь орчны хүртээмж, стандартын талаар ойлголт өгөх учиртай. Явган хүний замаар олон янзын хэрэгцээтэй хүмүүс явдаг учраас хөтөч хавтангууд заавал хийдэг. Цахилгаан шат, ариун цэврийн өрөөг хэрхэн тохижуулдаг зэргийг багаас нь ойлгуулж чадвал тухайн хүүхэд насанд хүрээд орчин тойрныхноосоо стандарт хэрэгжүүлэхийг шаарддаг болно. Өөрсдөө бүтээн байгуулалт хийхдээ ч стандартаа орхигдуулахгүй, сайн мөрдөнө шүү дээ.
Д.Г: -Зам, барилга барих бүртээ нас насныхан, бүх хүн явах боломжийг хангаж байвал зохино. Замын өргөн, эхлэл, төгсгөлийг ямар ч тэрэг, тоногтой хүн явахад саадгүй хийгээд өгчихвөл тэгш, хүртээмжтэй, бүх иргэнд ээлтэй орчин бүрдэнэ гэсэн үг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн хаана амьдарч буйгаас үл шалтгаалан төрийн үйлчилгээг саадгүй авах ёстой. Тиймээс төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагуудын барилгыг тоноглох, зам, талбайг нь өргөжүүлэх, шаардлагатай. Энэ чиглэлээр ХНХЯ-тай байнга хамтран ажилладаг. Тэр хэрээр орчны хүртээмж бага багаар сайжирч байгаа. Ерөөсөө энэ бол нэг өдөрт бүгдийг нь хийчихдэг ажил биш. Удаан хугацааны хичээл зүтгэл, хөдөлмөр шаардагдана.
З.М: -2016 оноос яам бүрт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах дэд зөвлөл байгуулах ажлыг ХНХЯ-наас санаачлан эхлүүлсэн. Яамдын дэргэдэх зөвлөлөөс ирүүлсэн санал, зөвлөмжийг ХНХЯ хагас жил тутам авч хянан, дүн шинжилгээ хийдэг. Мөн өмнө дурдсан стандартуудын заримыг нь албажуулах, техникийн зохицуулалт болгон журамлах шаардлагыг ХНХЯ-наас холбогдох албаныханд байнга тавьж буй. Шинээр боловсруулсан Саадгүй байдал, хүртээмжийн тухай анхдагч хуулийн төсөлд ч энэ талаар нарийвчлан тусгасан. Орчны хүртээмжийг бүрдүүлэх нь үе шаттай хэрэгжүүлдэг амаргүй ажил.
-Саадгүй байдал, хүртээмжийн тухай анхдагч хуулийн төслийг хэзээ УИХ-д өргөн барьж, хэрэгжүүлж эхлэхээр тооцож байгаа вэ?
-Саадгүй байдал, хүртээмжийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж дууссан. Энэ онд багтаан төр, төрийн бус байгууллагуудаар хэлэлцүүлж, Засгийн газарт танилцуулахаар төлөвлөсөн. Засгийн газрын хуралдааны шийдвэрээр УИХ-д өргөн барина гэсэн үг.
-Уг хуулийн төслийг баталснаар орчны хүртээмж хэрхэн сайжирч, ямар эерэг үр дүн гарах бол?
-Энэ талаар дурдахаас өмнө НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцын үзэл баримтлал, зарчимд тулгуурлан УИХ-аас 2016 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг баталсныг хэлэх нь зүйтэй. Уг хуулиар тухайн иргэдийг нийгмийн харилцаанд эрх тэгш, аливаа ялгаварлалгүйгээр оролцуулах нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, зам, нийтийн тээвэр, орон сууц, олон нийтийн барилга байгууламжийн хүртээмжийг сайжруулах болон тэдний бусад эрхийн зохицуулалтыг тусгасан. Гэсэн ч нийгмийн бүхий л хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бүрэн дүүрэн оролцох боломжийг бүрдүүлэх гол хүчин зүйл болох дэд бүтэц, мэдээллийн хүртээмж, салбар дундын зохицуулалтыг оновчтой болгох шаардлага, хэрэгцээ үүссээр байгаа юм. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, жирэмсэн эх, хүүхдүүд гээд бүх хүн саадгүй нэвтэрч, үйлчилгээ авах боломжтой, холбогдох стандартад нийцсэн барилга байгууламж, зам, нийтийн тээврийн хэрэгсэл, гарц, орц, зогсоол манайд хангалтгүй хэвээр байна. Тиймээс Саадгүй байдал, хүртээмжийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулсан. Хуулийн төслийг баталснаар бүх хүн, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бие даан нийгмийн харилцаанд оролцоход нь учрах саад бэрхшээлээс сэргийлэх боломж бүрдэнэ. Барилга байгууламж, авто зам, нийтийн тээвэр, мэдээлэл харилцааны хүртээмжтэй орчин, үйлчилгээг бүрдүүлэхтэй холбогдон үүсэх харилцааг энэхүү хуулиар зохицуулна. Түүнчлэн саадгүй байдал, хүртээмжийн талаарх стандарт, норм норматив, дүрэм журам боловсруулж батлах эрх бүхий төрийн байгууллагууд нь холбогдох баримт бичигт үзлэг хийж, хуульд нийцүүлэх, шаардлагатай дүрэм журмыг шинээр батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг цогц арга хэмжээг авах юм. Ингэснээр холбогдох хууль тогтоомж, стандарт, дүрэм, журмын уялдаа холбоо, хэрэгжилтийг хангаж, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нийгмийн амьдралд эрх тэгш оролцоход нь саад учруулахгүй байх, хүртээмжтэй орчин бүрдэн, амьдралын чанарт нь эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой. Үүнээс гадна саадгүй байдал, хүртээмжийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгжид хүлээлгэх хариуцлагын хэм хэмжээг нарийвчлан зааж өгснөөр олон нийтийн зориулалттай барилга байгууламж, дэд бүтэц, гудамж, зам, талбайг шинээр ашиглалтад хүлээн авахад саадгүй байдал, хүртээмжийн талаарх шаардлага хангагдсан, эсэхэд тавих хяналт сайжирна гэж тооцож байгаа.
Эх сурвалж: Өнөөдөр сонин