Бүтээмжийн мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Малайз Улсын Берхад дахь Хөгжлийн судалгааны төв болон Монголын бүтээмжийн төвтэй Үндэсний бүтээмжийн мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүрээнд хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа.
Энэхүү санамж бичгийн хүрээнд Монгол Улсын үндэсний бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бодлогын зорилтыг дэмжих хүрээнд Үндэсний бүтээмжийн мастер төлөвлөгөөтэй уялдуулан судалгаа шинжилгээ хийх, чадавх бэхжүүлэх, бодлого боловсруулах, мэдлэг түгээх үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлнэ.
Тодруулбал, дараах дөрвөн үндсэн чиглэлээр хамтран ажиллах юм.
1.Монгол Улсын Үндэсний бүтээмжийн мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах, бүтээмжийг дээшлүүлэхэд дэмжлэг болохуйц стратегийн ач холбогдол бүхий гол салбар, чиглэлээр судалгаа, шинжилгээ хийх;
2.Судалгааны үр дүнд тулгуурлан эдийн засгийн сорилт, бэрхшээлийг шийдвэрлэх, Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын зөвлөмж боловсруулах;
3.ГБХНХЯ болон МБТ-ын ажилтан, албан хаагчдад хяналт-шинжилгээ, үнэлгээний загварын хүрээнд (өгөгдөл боловсруулах, шинжилгээ хийх, эдийн засгийн загварчлал зэрэг) чадавх, мэдлэг, ур чадварыг бэхжүүлэх сургалт зохион байгуулах;
4.Эдийн засаг, бүтээмж, хөдөлмөрийн зах зээлийн чиг хандлага, өөрчлөлт шинэчлэлийн талаар хамтарсан нийтлэл, хэвлэл, бүтээл гаргах.
Санамж бичигт Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг төлөөлж Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын газрын дарга Б.Алимаа, Малайз Улсын Берхад дахь Хөгжлийн судалгааны төвийг төлөөлж Ахлах эдийн засагч, доктор Мохд Юсоф Саари, Монголын бүтээмжийн төвийг төлөөлж гүйцэтгэх захирал Я.Эрхэмбаяр нар гарын үсэг зурлаа.