Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд болон салбар зөвлөлүүдэд албан даалгавар хүргүүлнэ
Хөгжлийн
бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн 2026 оны анхны хуралдаан 2026 оны 01
дүгээр сарын 27-ны өдөр боллоо.
Тус хурлаар
зөвлөлийн 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцэж, 2026 оны үйл
ажиллагааны төлөвлөгөөг баталлаа.
Мөн 2025 онд
тус зөвлөлөөс салбарын бодлого, хууль тогтоомжийг хөгжлийн бэрхшээлтэй хүний
эрхийн мэдрэмжтэй болгох, үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэсэн зөвлөмж өгөх, арга
зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор яамдын дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний
эрхийг хангах 6 дэд зөвлөл, аймгийн Засаг даргын дэргэдэх 2 салбар зөвлөлийн
үйл ажиллагаатай танилцсан тухай тайланг хэлэлцэж, дэд болон салбар зөвлөлийн
үйл ажиллагааг сайжруулах албан даалгаврыг хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2025 оныг
салбарын хэмжээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил
болгон зарлаж, “Хамгийн сайн халамж-хөдөлмөр эрхлэлт” уриа дор хөгжлийн
бэрхшээлтэй иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн цогц үйлчилгээг хүргэх, баялаг бүтээгч
хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ үйлдвэрлэл, үйлчилгээг олон нийтэд таниулах
зорилгоор олон арга хэмжээг зохион байгуулсан.
Тухайлбал ажил хөдөлмөр эрхлэх боломж хязгаарлагдмал 300
иргэнд тохируулгат ажлын байр, халамжийн хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн нөхөн
сэргээлтийн үйлчилгээ, ажлын байрны дэмжлэг зэрэг шинэ үйлчилгээг нэвтрүүлсэн.
Мөн “Таны бүртгэл– цогц мэдээлэл” төслийг эхлүүлж,
хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн судалгааг 2 үе шаттайгаар
зохион байгуулж, эхний шатанд нийт 48.7 мянган иргэн хамрагдсанаас 13.4 мянган
иргэн хөдөлмөр эрхлэх сонирхолтой байна. Судалгааны 2 дугаар шатыг аймаг,
дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтарч хөдөлмөр эрхлэх сонирхолтой 13.4
мянган иргэнээс үйлдлийн чадамжийг тогтоох асуумжийн аргаар судалгааг авч, үр
дүнг нэгтгэн ажилласан.
Cалбар дундын цогц
арга хэмжээг “Абилити экспо-2025” арга хэмжээг бүсчлэн Хөвсгөл, Дундговь,
Баян-Өлгий аймаг, Улаанбаатар хотод зохион байгуулж, нийт 4.5 мянган иргэн
хамрагдсан.
Засгийн
газраас “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн ажиллах журам”-д
нэмэлт, өөрчлөлт орсноор тус зөвлөлийн бүрэлдэхүүн дэх төрийн бус байгууллагын
төлөөллийг нээлттэй сонгон шалгаруулахаар болсон бөгөөд энэ удаагийн хурал нь
Засгийн газрын 2024 оны 21 дүгээр тогтоолоор баталсан Хөгжлийн бэрхшээлтэй
хүний эрхийг хангах зөвлөлийн бүрэлдэхүүний сүүлийн хурал юм.