Б.Майчимэг: Нийгмийн халамжийн цахимжуулалтын хүрээнд ахмад настны үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлнэ

Ахмадын  өдөр  тохиож байгаатай холбогдуулан төрөөс ахмад настанд чиглэсэн нийгмийн хамгааллын бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын шинжээч Б.Майчимэгтэй ярилцлаа.

-Салбарын яамнаас ахмад настуудад үзүүлж буй нийгмийн халамжийн үйлчилгээний талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Манай улс ахмад настны  бие даасан хуультай, энэ хуулийн үйлчлэлд эмэгтэй 55, эрэгтэй 60-аас дээш настай иргэн хамрагддаг. Монгол Улсын хэмжээнд 2020 оны жилийн эцсийн байдлаар Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр 393.8 мянган ахмад настан байна. Улсын Их хурлаас 2017 онд  Ахмад настны тухай хуулийг шинэчлэн баталсан бөгөөд энэ хуулийн гол зорилт нь ахмад настны амьжиргаа, эрх, хөгжил оролцоог дэмжих, нийгмийн үйчилгээ авах боломжийг бүрдүүлэх, төрийн болон аж хуйн нэгж байгууллагын үүргийг тодорхойлж, тэдгээрийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход оршино           .

Өнөөдөр бүх ахмад настанд нийгмийн даатгалын сан болон нийгмийн халамжийн сангаас өндөр насны тэтгэвэр авч байна. Тэтгэврээс гадна тэдэнд Нийгмийн халамжийн тухай хууль, Ахмад настны тухай хуулийн дагуу амьжиргааг дэмжих, эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн олон төрлийн тэтгэмж, дэмжлэг, хөнгөлөлтийг үзүүлж байгаа.

Тухайлбал, амралт, сувиллын газарт амрах эрхийн бичгийн үнийн хөнгөлөлт,  ганц бие харж хандах хүнгүй ахмад настан, хүндэт донор ахмад настанд орон сууцны хөлс, түлш худалдан авах мөнгөн тусламж, протез, ортопед, тусгай хэрэгслийн жишиг  үнийн хөнгөлөлт, магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувиллын замын зардал, эрхийн бичгийн үнийн хөнгөлөлт, нийслэлээс 1000 км зайтай орон нутагт оршин суугаа ахмад настан эмчилгээ, оношилгоо хийлгэхээр нийслэлд ирж буцах тохиолдолд нэг талын унааны зардлын хөнгөлөлт зэргийг олгож байна. Мөн нийгмийн даатгалын сангаас оршуулгын тэтгэмж авах эрх үүсээгүй ахмад настан нас барсан тохиолдолд  нийгмийн халамжийн сангаас оршуулгын зардалд мөнгөн тусламж олгодог.  Ахмад настнууд орон нутгийн харьяалал харгалзахгүй нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих эрхийг эдэлж, зардлыг харьяалах аймаг, нийслэлийн төсвөөс санхүүжүүлж байна.

-Ахмадуудад үйлчилгээг хүндрэл, чирэгдэлгүй хүргэх тал дээр ямар ажил хийж хэрэгжүүлж байна вэ?

Ахмад настны  хөнгөлөлт, дэмжлэгт хамрагдахад  өөрийн оршин суугаа газрын нийгмийн халамжийн байгууллага, сум хорооны нийгмийн ажилтанд  хандан хууль, журамд заасан холбогдох баримт бичгийг бүрдүүлж хүсэлтээ гаргана. Зарим төрлийн  эрүүл мэндийн дэмжлэг,  жишээ нь протез, ортопед, тусгай хэрэгсэл, магадлан итгэмжлэгдсэн рашаан сувиллын эрхийн бичгийн үнийн хөнгөлөлт, асаргааны  тэтгэмж, зэрэгт хамрагдахад зайлшгүй эмнэлгийн байгууллага, төрөлжсөн мэргэшлийн эмчийн шийдвэр, тодорхойлолтод  үндэслэх шаардлагатай байдаг.

Манай яамны зүгээс иргэдэд төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй, ил тод нээлттэй  хүргэх үүднээс нийгмийн халамжийн үйчилгээг үе шаттай цахимжуулж байгаа.  Энэ хүрээнд 2020 оны наймдугаар сараас эхлэн  ахмад настны нийгмийн халамжийн тэтгэвэр, насны хишиг тэтгэмж, алдарт эхийн  одонгийн мөнгө зэрэг ахмадууд хамрагддаг зарим үйлчилгээг ахмад настан, тэдний асран хамгаалагчид e-halamj.mn  системээр дамжуулан гаргах боломжтой болсон. 2021  ондоо багтаан алдар цолтой ахмад настны гурван төрлийн хөнгөлөлтийг мөн цахим хэлбэрт шилжүүлэхээр ажиллаж байна. үүнчлэн Коронавируст цар тахлын үед ахмад настнууд  тэтгэвэр, тэтгэмж, халамжийн мөнгөө авахад банкинд өөрийн биеэр очиж бөөгнөрөл, төвлөрөл үүсгэхгүй  болгох үүднээс 2020 оны арваннэгдүгээр сараас эхлэн арилжааны банкуудтай хамтран бүх ахмадуудыг дансжуулах, картжуулах  ажлыг зохион байгуулсан.

Ахмад настны халамж, хөдөлмөр эрхлэлт болон  нийгмийн даатгалын холбоотой асуудлаар манай яамны харьяа Зайнаас зөвлөн туслах төвийн 1800-0724 дугаарын утас, 130724 дугаарт мессеж бичиж шаардлагатай мэдээлэл авах, санал хүсэлтээ гаргах боломжтой. Ахмад настны үйлчилгээ, дэмжлэг хөнгөлөлтийн зардалд 2021 онд 25.0 тэрбум төгрөгийг баталсан бөгөөд  халамжийн  сангийн өнгөрсөн наймдугаар сарын мэдээгээр 94.1 мянган ахмад настанд 17.,3 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Үүнээс гадна Нийгмийн халамжийн тухай хуульд заасан байнгын асаргаа шаардлагатай  ахмад настныг асарч байгаа 32.7 мянган  иргэнд сар бүр асаргааны тэтгэмж 84500 төгрөгийг олгоод явж байна.

-Насны хишиг тэтгэмжийг хэрхэн олгож байгаа вэ,  үүнд зориулж хэчнээн төгрөгийг зарцуулж байна вэ?

-Ахмад настны эрүүл, урт насалж байгааг дэмжих, орлогын баталгааг бууруулахгүй байх зорилгоор 2017 оноос эхлэн 5 дахь жилдээ  65 ба түүнээс дээш настай ахмад настанд насны хишиг тэтгэмжийг жилд 2 удаа Цагаан сар болон Улсын их баяр наадмыг тохиолдуулан дараах хэмжээгээр олгож байна.

65-69 настай ахмад настанд тавин мянган төгрөг

70-79 настай ахмад настанд наян мянган төгрөг

80-89 настай ахмад настанд нэг зуун тавин мянган төгрөг

90, түүнээс дээш настай ахмад настанд хоёр зуун тавин мянган төгрөг.

2021 оны олголтоор насны хишиг тэтгэмжийг 146.7 мянган ахмадад 24.3 тэрбум төгрөгийг улсын төсвөөс зарцуулсан байна.

Түүнчлэн харьяалах аж ахуйн нэгж, байгууллага байхгүй ахмад настныг орон нутгийн удирдлага, нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага Цагаан сар, Ахмадын өдрийг тохиолдуулан хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг.                        

-Ахмад настанд мөнгөн тусламж, хөнгөлөлт олгохоос гадна тэдэнд чиглэсэн шинэ төрлийн үйлчилгээнүүд хуульд тусгагдсан. Энэ  талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Ахмад  настны тухай хуульд хэд хэдэн үйлчилгээг тусгасан. Тодруулбал, нийгмийн халамжийн байгууллага, бусад төрийн бүх  шатны байгууллагууд  ахмад настан, тэдний асран хамгаалагчид хууль эрх зүйн, төрийн үйлчилгээний  талаар лавлагаа, мэдээллийн үйлчилгээ үзүүлэх  үүрэгтэй. Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж ахмад настанд зөвлөгөө өгөх үйлчилгээ,  явуулын үйлчилгээ,  өдрийн үйлчилгээ, сайн дурын үйлчилгээ зэрэг. Өөрөөр хэлбэл, ахмад настанд нийгэм, эдийн засаг, сэтгэл зүй, хууль зүйн зөвлөгөө өгөх болон өмгөөллийн үйлчилгээ үзүүлнэ. Мөн  ахмад настанд ус, түлш, хүнс бэлтгэх, угаалга цэвэрлэгээ хийх зэрэгт туслах, зайлшгүй шаардлагатай асаргаа, сувилгааг явуулын үйлчилгээний хэлбэрээр, ахмад настныг хооллох, сургах, хөгжүүлэх үйлчилгээг өдрийн, эсхүл түр байрлуулах хэлбэрээр, ахмад настанд туслах хүсэл, сонирхолтой сайн дурын байгууллага, ажилтны үйл ажиллагааг зохион байгуулах юм. Мөн хүнд өвчтэй, байнгын асаргаа сувилгаа шаардлагатай ахмад настныг сум, тосгон, өрхийн эрүүл мэндийн төвөөс өдрийн эмчилгээ, сувилахуйн болон сэргээн засахын тусламж, үйлчилгээнд хамруулдаг бөгөөд шаардлагатай тохиолдолд гэрээр тусламж, үйлчилгээ үзүүлж байна.

-Алдар цолтой ахмадууд ямар нэмэгдэл, хөнгөлөлт эдэлдэг вэ?

-Нийгмийн халамжийн шинэчлэл, төсвийн бодлогын хүрээнд улс эх орноо  хамгаалах, хөгжүүлэх, бүтээн байгуулах үйлсэд гарамгай хувь нэмэр оруулсан ахмадуудын алдар гавьяаг үнэлэн төрөөс үзүүлж байгаа хүндэтгэл, тусламжийг нийгмийн халамжаас олгодог байсан. Харин 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн дагуу алдар цолтон ахмад настанд сар бүр  төрөөс олгодог 150-200 мянган төгрөгийг тухайн ахмад настны шагнуулсан салбараас олгож байхаар шийдвэрлэсэн. Ингэснээр салбарууд өөрийн салбарын алдар цолтнуудын мэдээллийн санг бүрдүүлэх, тэдний алдар гавьяа, ажил хөдөлмөрийн арвин туршлагыг залуу хойч үедээ өвлүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Хуульд заасны дагуу алдар цолтон ахмадууд сар бүрийн нэмэгдлээс гадна жилд нэг удаа орон сууцны хөлс, түлш худалдан авах, рашаан сувилалд сувилуулах, нийслэлээс орон нутагт ирж, очих зардлын хөнгөлөлт  эдэлдэг.

-Сүүлийн жилүүдэд ганц биеэр амьдарч байгаа, тэжээн тэтгэх үр хүүхэдгүй, эсвэл үр хүүхэд нь анхаарал халамж тавьдаггүй ахмад настнууд цөөнгүй байна. Эдгээр ахмадуудыг  төрөөс хэрхэн харж хандаж байна вэ?

-Тэжээн тэтгэх үр хүүхэд төрөл садангүй, ганц бие, бие даан амьдрах чадваргүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралын  баталгааг хангах зорилго бүхий төрийн зохицуулалттай  төвлөрсөн асрамжийн газруудын бүтэц тогтолцоо бүрдсэн. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээний  Төв аймгийн Батсүмбэр сум дах Ахмад настны үндэсний төв, Увс, Баян-өлгий, Ховд, Хөвсгөл, Дорнод, Дорноговь, Баянхонгор зэрэг аймагт бүс, орон нутгийн найм,  нийслэл хотод хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай дөрвөн асрамжийн газар  үйл ажиллагаа явуулж тэдгээрт 450 гаруй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд асруулж байна. Эдгээр иргэдэд асрамж, хөгжлийн үйлчилгээ, асаргаа сувилгааг чанар, стандартын дагуу үзүүлж хоол хүнс, хувцас ариун цэврийн, эмийн зардлын нормативыг улс, орон нутгийн төсвөөс санхүүжүүлж байна. Нийгэм, эдийн засгийн болон хүн ам зүй, гэр бүлийн нөхцөл байдал хурдацтай өөрчлөгдөж, асрамж халамж шаардлагатай ахмад настны тоо нэмэгдэж байгаатай холбоотой асрамжийн үйлчилгээний нэр төрөл, хэлбэр агуулгыг өргөжүүлж, тэдний эрэлт хэрэгцээнд тулгуурлах шаардлага бидэнд тулгарч байна. Нөгөө талаас үр хүүхэд, асран хамгаалагч нь ахмад настныг нийгмээс тусгаарлах, ялгаварлан гадуурхах, нийгмийн харилцаанд оролцоход нь саад учруулахгүй байхыг  хуулиар заасан байдаг тул эх, эцгээ асран тэтгэх үүрэгтэй.

-Ахмадууд чөлөөт цагаа өнгөрүүлэх, тэднийг хөгжүүлэх, нийгмийн идэвхтэй амьдралд оролцуулах арга хэмжээг  хэрхэн зохион байгуулж байгаа талаар  мэдээлэл өгөхгүй юү?

-Засгийн газрын  2019 оны  389 дүгээр тогтоолоор ”Ахмад настны хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийг батлан хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийн зорилго нь  ахмад настны аж байдлыг дээшлүүлж,  ядуурлаас хамгаалах, тэднийг эрүүл урт наслуулах, нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад төр, иргэний нийгмийн хамтын ажиллагаа, хүчин чармайлтыг чиглүүлэхэд оршиж байгаа юм. Энэ хүрээнд орон нутгийн захиргааны байгууллага, төрийн бус байгууллага нь нутаг дэвсгэртээ ахмадын ордон, өргөө, төвийг  байгуулан ажиллуулж ахмад настны дунд биеийн тамир, спорт, соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулах, сонирхлын бүлэг, клубийг байгуулах, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх зэргээр тэдэнтэй хамтран ажилладаг. Улсын хэмжээнд  нийслэл, аймаг, орон нутагт ахмадын ордон 21, өргөө 188, ахмадын төв 18, танхим 232, нийт 441 газар ахмадуудад нээлттэй  үйл ажиллагаа явуулж байна.


Эх сурвалж: Монголын үнэн сонин

Дээш