"ОРОЛЦОО" төслийн 5 дугаар ээлжийн 255 оролцогчоос 156 нь дадлага хийх байгууллагаа сонгон гэрээ байгууллаа
Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх "Оролцоо" төслийн 5 дугаар ээлжийн Ажил олгогчдын өдөрлөг-Хөдөлмөрийн яармаг арга хэмжээг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газар, Швейцарын хөгжлийн агентлагийн Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөлтэй хамтран өргөн хүрээнд зохион байгууллаа.
Тус ээлжид орон нутгийн залуучууд олон байгаа тул тухайн орон нутгийн ажил олгогчдоос ирүүлсэн ажлын байрыг түлхүү танилцуулав. Сургалтын дараа залуучууд нутагтаа ажлын байрны дадлагаа хийх, цаашлаад байнгын ажлын байраар хангагдах боломжийг цаг алдалгүй бүрдүүлэхийг зорьсноороо өдөрлөг онцлог боллоо. Ажил олгогчид биечлэн ажлын байрны орчин нөхцөл, боломжийн талаар танилцуулснаас гадна Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Дорноговь аймгийн зарим ажил олгогч аймгийнхаа оролцогчидтой онлайнаар холбогдон танилцуулга хийсэн юм.
Өдөрлөгт нийслэлээс 19 ажил олгогч 550 нээлттэй ажлын байр, 17 аймгийн 143 ажил олгогчийн 1016 ажлын байр танилцуулав.
Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн Хуурай замын цэргийн сургалтын төв дахь "Оролцоо" төслийн 5 дугаар ээлжид нийт 255 оролцогч хамрагдаж байгаагаас өдөрлөгийн үеэр 156 оролцогч ажлын байрны дадлага хийх байгууллагаа сонгон гэрээ байгууллаа.
Мөн Швейцарын хөгжлийн агентлагийн Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн зүгээс залуучуудад ажлын дадал, туршлага эзэмшүүлэх зорилготой ИНТЕРНШИП хөтөлбөрийг ажил олгогчид болон оролцогчдод танилцуулж мэдээлэл өгөв.