ДЭЛХИЙН УР ЧАДВАРААС ҮЛДЭХ ДААЛГАВАР-3

    
    Өмнөх нэг ба хоёрдугаар хэсэгт Дэлхийн ур чадварын байгууллагын үүсэл, зорилт, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны зохион байгуулалт, 2015 оны тэмцээний амжилт, 2017 оны оролцогчид болон тэдний бэлтгэлийн талаар өгүүлсэн. Мөн Дэлхийн ур чадварын байгууллагын үнэлгээний системийг Монголын мэргэжлийн боловсролын салбарт нэвтрүүлэх нь хэр чухал болох талаар хөндөж ярьсан. Төгсгөлийн энэ бүлэгт Дэлхийн ур чадварын тэмцээний эргэн тойронд юу болж өнгөрсөн талаар та бүхэнд сонирхуулъя. 

    Улсаа сурталчлах "павилионууд"
    Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцож буй 59 орны дийлэнх нь өөрсдийн улсыг сурталчилсан "павилион" ажиллуулж байна. Улс бүрийн мэргэжлийн боловсролын тогтолцоо болон Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцсон үүх түүх харилцан адилгүй, амжилт нь ч өөр өөр. Тиймээс улс бүр өөрийн үндэсний үүх түүх, боловсролын тогтолцоог сурталчлахаас гадна тэмцээний амжилтуудаас бусад орны оролцогч, төлөөлөгчидтэй хуваалцаж байлаа. Финлянд улс гэхэд бүх орны зочдыг инээмсэглэн угтах ба "ОХУ болон Шведийн бүрэлдэхүүнд багтаж байсан манай улс тусгаар тогтноод 100 жилийн ойгоо энэ жил тэмдэглэж байна" хэмээн бахдалтайгаар хэлж зогсоно лээ. Улсаа ийн тал бүрээс нь сурталчлах талаар манай улс дараа, дараагийн тэмцээнүүдэд бодолцох биз ээ. Абу Дабид таарсан таксины жолоочоос Чингис хааны тухай асуухад "Огт мэдэхгүй" гэсэн хариулт өгч байсан. Тэгэхээр энэ мэт сурталчилгааны ажил илүүднэ үү гэхээс дутна гэж үгүй юм билээ.  
    
    Оросын ур чадварын тэмцээнд оролцох боломжтой боллоо 
    Дэлхийн ур чадварын 2019 оны тэмцээн ОХУ-ын Казань хотод болно. Үүнтэй холбоотой нэгэн чухал уулзалт Абу Даби хотод болсон бөгөөд уулзалт ОХУ-ын дахь Worldskills-ийн Гүйцэтгэх захирал Роберт Узаров, Дэлхийн ур чадварын тэмцээний Монгол улсын багийн ахлагч, ХНХЯ-ны МБСХ-ийн дарга  А.Халиунаа нарын хооронд боллоо. 
    ОХУ-ын Дэлхийн ур чадварын байгууллага гэж том алба ажилладаг. Энэ нь манайхаар агентлаг шиг томоохон бүтэцтэй юм байна. Тус байгууллага Дэлхийн ур чадварт оролцогчдын бэлтгэл, эксперт багш нарын сургалтыг хариуцан ажилладаг. Иймд Монгол улсын зүгээс тус байгууллагын ажил байдалтай газар дээр нь танилцах, оролцогчид болон эксперт багш нар туршлага судлах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. 
    Монгол ур чадварын тэмцээнд оросууд оролцож болно, Оросын ур чадварын тэмцээнд ч монголын тал оролцох нь нээлттэй. Манай талаас санхүү, хөрөнгө мөнгөний асуудал тулгардаг. Энэ асуудлыг шийдвэл манай тал Оросын ур чадварын тэмцээнд оролцож, туршлага суух бүрэн боломжтой юм байна. 
    ОХУ HiTech тэмцээний эрхийг авсан. ЕвраАзийн дөрвөн улсыг гишүүнээр элсүүлээд байгаа энэхүү тэмцээнд эхний удаад манай улс ажиглагчийн байр сууринаас оролцохоор боллоо. Ирэх сарын 03-09-ний хооронд Санктпетербург хотод Hitech тэмцээний хурал болно. Монгол улсын багийн ахлагч энэ хуралд оролцохоор мордох гэж байгаа. Энэхүү хурал дээр хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурна.

    Абу Дабигийн тэмцээнээс үлдэх даалгавар 
    Абу Даби хотод болсон Дэлхийн ур чадварын 44 дэх тэмцээн болдгоороо боллоо. 2019 болон 2021 оны тэмцээнүүдэд өмнөх амжилтаа ахиулахын тулд Монгол улс юу хийх ёстой вэ? гэсэн даалгавар бидэнд үлдлээ. 
    Юуны өмнө, Монгол ур чадварын тэмцээнийг аль болох эрт зохион байгуулж, шалгарсан оролцогчдын бэлтгэлийг сайтар хангах нь чухал байна. Эртнээс бэлдэх тусам амжилт гаргах магадлал өндөрсөнө. Мөн, улс, бүсийн тэмцээнүүдэд тухайн шалгарсан оролцогчдыг оролцуулах нь чухал юм байна. Тэмцээний сэтгэл зүй, олон улсын тэмцээний атмосферийг өөрийн биеэр мэдрэх нь дараа дараагийн удаад зүйрлэшгүй туршлага болж өгдөг юмсанж. 
    Эксперт багш нарын хувьд оролцогчдыг бэлтгэлийг нь цагаар хангах нь чухал байна. Цагтаа амжихгүй байх хэд хэдэн тохиолдол гарсан. Ур чадвар байна, даалгавраа хэрхэн гүйцэтгэхээ мэдэж байгаа боловч, цагтаа амжихгүй байна гэдэг бүхий л хөдөлмөр, зүтгэлийг үгүй хийж байна. 44 дэх удаагийн тэмцээнд тэргүүлсэн БНХАУ-ын хувьд гэхэд 2019 оны Казанийн оролцогчид нь хэдийнэ шалгараад, бэлтгэлдээ орсон сурагтай. Тэд өдрийн 8-9 цагаар бэлтгэлээ хангаж байна. Багш нар нь Дэлхийн ур чадварын тэмцээний туршлагатай, материаллаг бааз сайн, 2019 оноос өмнө хэд хэдэн удаа тэмцээнд оролцоод туршлага сууж байна. Монгол улс энэ бүхнээс хоцрох ёсгүй. Тэгж гэмээнэ Дэлхийн ур чадварын тэмцээнд өндөр амжилт үзүүлнэ. 
    Төгсөв. 
    Д.Төв    
 

Дээш