Дэлхийн ур чадвараас үлдэх даалгавар-2

Өмнөх нэгдүгээр хэсэгт Дэлхийн ур чадварын байгууллагын үүсэл, зорилт, тэмцээний Монгол дахь зохион байгуулалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хариуцдаг тухай болон 2015 оны тэмцээний амжилт, 2017 оны оролцогчдын тухай өгүүлсэн. Хоёрдугаар хэсэгт оролцогчдын бэлтгэлийг хэрхэн хангадаг тухай дэлгэрэнгүй өгүүлье. Учир нь уйгагүй бэлтгэл амжилтын үндэс гэдгийг өмнө нь өгүүлсэн шүү дээ.

 Вакум сургалт зохион байгуулахын ач холбогдол 

Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, политехник, коллежийн шилдгүүд оролцдог Дэлхийн ур чадварын тэмцээнд амжилттай оролцохын тулд оролцогч, эксперт багш нарт вакум сургалт зохион байгуулдаг уламжлалтай. Анхны сургалтыг 2015 онд Дархан-Уул аймагт зохион байгуулж байсан бол энэ жилийн сургалтыг Улаанбаатар хотын ойролцоо хийлээ. Энэ жилийн сургалтыг Мэргэжлийн боловсрол, сургалт түншлэл ТББ хариуцан зохион байгуулсан. Сургалт судалгааны "Глобал бизнес нэтворк групп" оролцогч болон эксперт багш нарт багаар ажиллах арга барил, тэмцээний сэтгэл зүйн хичээлүүдийг орсон. Мөн сургалтанд хамрагдагсдад йогийн хичээл заадаг нь өмнөх тэмцээний туршлагаас харахад өндөр үр дүнтэй байдаг байна. Тэмцээнд оролцогчид гурван өдрийн турш нэг хүн шиг, нэг баг шиг ажиллахын чухлыг заалгаж, амжилттай оролцохын тулд ямар хүчин зүйлүүдийг эзэмшсэн байх тухай "ном" үзлээ.    

Мэргэжлийн боловсрол, сургалт түншлэл ТББ-ын хувьд 2015 ба 2017 оны тэмцээний зохион байгуулалтад чухал үүрэгтэй оролцсон байгууллага юм.

Дэлхийн ур чадварын байгууллагын үнэлгээний систем 

Дэлхийн ур чадварын байгууллагад оролцох оролцогч, эксперт багш нар тэмцээнд оролцох хүртлээ 100 онооны олон үе шаттай үнэлгээний даалгаврыг гүйцэтгэдэг. Хэрэв үүгээр үнэлүүлж, оноогоо бүрэн авахгүй бол тэмцээнд оролцох эрхгүй болно. Тэмцээндээ оролцохоор оччихоод энэ үнэлгээний системд хайнга хандсаны улмаас эксперт багш биш, ажиглагчийн байр сууринд шилжсэн экспертүүд цөөнгүй байх юм. Оролцогчдыг ч гэсэн хассан тохиолдол байх. Энэхүү систем нь олон сарын турш үргэлжилдэг онлайн сургалтын аргатай төстэй. Оролцогч болон эксперт багш нарын ур чадвар, олон улсын стандартыг мэдэж мөрдөж байгаа эсэхийг тодруулах зорилготой систем юм. Энэхүү үнэлгээний системийг Монгол мэргэжлийн боловсролын салбарт нэвтрүүлэх нь холын зорилт байх учиртай. Үүнд суралцаж, дэлхийтэй хөл нийлүүлэх нь Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцож буйн хэтийн зорилт юм.

  Хол ба ойрын зорилт 

Дэлхийн ур чадварын байгууллагын үнэлгээний системийг Монголын мэргэжлийн боловсролын салбарт нэвтрүүлэх нь холын зорилт бол ойрын зорилт нь оролцогчдын бэлтгэлийг аль болох урт удаан хугацаанд хангах явдал юм. Мэдээж үүнд хөрөнгө мөнгө шаардлагатай. Оролцогч болон эксперт багш нарыг багадаа хоёр жил өдрийн 8-9 цагаар бэлтгэлийг нь хангаж гэмээнэ алт, мөнгө, хүрэл медаль шаардаж болж байна. Өндөр амжилт гаргаж байгаа бусад орнууд, тэр дундаа Азийн орнууд оролцогчдын бэлтгэлийг урт удаан хугацаанд, чанартай бэлтгэж чадаж байна. Тэдэнтэй хамтарсан бэлтгэл хийлгэх, дор хаяж нэг удаа олон улсын тэмцээнд оролцуулах, тэмцээний сэтгэл зүйд дасгах шаардлага хүссэн хүсээгүй урган гарч байна. Монгол улс 2015 онд есөн мэргэжлээр оролцож байсан бол 2017 онд зургаан мэргэжлээр оролцлоо. Ирэх дөрвөн жилд хоёр хөршид болох тэмцээнд илүү олон мэргэжлээр оролцоход Засгийн газрын дэмжлэг нэн шаардлагатайгаас гадна олон улсын байгууллагуудын оролцоо ус, агаар шиг хэрэгтэй байна. Саяхан болж өнгөрсөн тэмцээнд 700 оноо хүртэж, Тусгай байрын шагнал хүртсэн гагнуурын Ж.Жанлав-Ойдов Шанхай хотод зохиогдсон China skills тэмцээнд оролцсон нь Абу Дабид амжилттай оролцох нэгэн үндэс болсон юм. Тэмцээний туршлага, сэтгэл зүйг ямар ч хүн оролцож, уралдаж байж л ойлгож, мэдрэх учиртай.  

 Ур чадвар шаардсан тэмцээний даалгаврууд 

 Дэлхийн тэмцээн гэдэг утгаараа өрсөлдөөн ихтэй, оролцогчдын бэлтгэл өндөр байдаг юм байна. Санасныг бодоход их хүнд даалгаврууд ирлээ. Гагнуурын оролцогчид ирсэн даралтат сав гэхэд л өмнөх загвараасаа 30 хувийн өөрчлөлттэй, хүнд деталь орсон байх жишээний. Мужааны төрөлд оролцогчид Дубайн дарвуул хэлбэрт цамхагийн загварыг нэг сарын өмнө өгсөн. Тэмцээн дээр 30 хувийн өөрчлөлттэй ирнэ гэж байсан ирэхдээ углуурга, хэмжээ, загвар нь нэн хүндэрч ирсэн байх юм. "Юмыг яаж хүнд болгоё доо..." гэж бодож хийсэн шиг л санагдаж байсан даа. Сантехникийн оролцогчид нарны үүсгүүрээр хүйтэн ус халаах систем суурилуулах даалгавар ирсэн. Энэ даалгавар дээр ажиллаж байсан туршлага багатай оролцогч маань ихэд сандрах шиг болсон. Өрөг угсралтын даалгавар бол хараажаар хүнд. Эмиратын сүлд болсон шонхор шувууг бүтээх энэхүү даалгаврыг зуу орчим тоосго зүсэж бүтээж гүйцэтгэх нь оролцогчоос ямар хэмжээний ур чадвар шаардах нь ойлгогдох байх. Тэмцээн учир мэдээж заасан хугацаанд нь гүйцэтгэсэн байх шаардлагатай. Тогоочийн төрөлд оролцогчид далайн голдуу бүтээгдэхүүнээр хоол бүтээх даалгавар ирсэн. Эх газраар хүрээлэгдсэн монголчууд далайн бүтээгдэхүүн бага хэрэглэдэг нь манай оролцогчийн ур чадварт нөлөөлөөгүй гэх газаргүй. Хэдийгээр зургаан оролцогч маань өгөгдсөн даалгавраа сайн гүйцэтгэсэн, өмнөх 2015 оны амжилтуудыг ахиулсан боловч, ирэх жилүүдэд Дэлхийн ур чадварт оролцох оролцогчдын бэлтгэлийг урт удаан хугацаанд чамбай хийлгэх шаардлага байсаар байна.

            Үргэлжлэл бий...

            Д.Төв    

Дээш