Дэлхийн ур чадвараас үлдэх даалгавар
Дэлхийн ур чадварын 44 дэх тэмцээн Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод зургаан хоног үргэлжилж өндөрлөлөө. Монгол улс энэ жил зургаан мэргэжлээр оролцож, 2015 оны амжилтаа ахиулж, зорилтоо биелүүллээ. Та бүхэн гагнуурын оролцогч Ж.Жанлав-Ойдов хос медаль хүртсэн, оролцсон зургаан мэргэжлээр өмнөх тэмцээний амжилтаа ахиулсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээс үзэж, мэдсэн байх. Харин энэ удаад Дэлхийн ур чадвар гэж ямар утга учиртай тэмцээн болох оролцогчдын бэлтгэл хэрхэн явагдсан, зургаан оролцогчийн ард хичнээн хүн ажилласан талаар болон 2019 оны тэмцээнд хэрхэн амжилттай оролцох талаар өгүүлэхээр энэхүү нийтлэлийг тэрлэж байна. Хүлээн авна уу.
Дэлхийн ур чадварын байгууллагын тухай товчоор
Дэлхийн хоёрдугаар дайны дараа буюу 1946 онд Испанид чадварлаг ажилчид ус, агаар шиг хэрэгтэй болжээ. Испанийн залуучуудын холбооны дарга Жосе Антонио Элола Оласод энэ хэрэгцээг олж харан, чадварлаг залуу үеийн шат дараатай бэлтгэн гаргах, тэдэнд урам зориг өгөх ямар нэгэн томоохон ажил, арга хэмжээг зохиохоор шийдсэн байна. Энэхүү алсыг харсан зорилтын дагуу анхны сургалтын төвүүд нээгдэн залуучуудыг эх орондоо хэрэгтэй мэргэжлээр бэлтгэж эхэлсэнд Европын бусад орнууд туршлага судлан, үйл ажиллагаа нь жилээс жилд хурдацтай өргөжиж эхэлжээ. 1947 онд Дэлхийн ур чадвар олон улсын анхны тэмцээн Испани улсад зохион байгуулагдсан байна. Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг энэхүү нэр хүндтэй дэлхийн тэмцээнд 22 хүртэл насны /25 хүртэл насны дөрвөн мэргэжлээс бусад/ мэргэжил, сургалтын төв болон политехник, коллежийн суралцагч болон төгсөгч нэг удаа оролцох эрхтэй байдаг. Дэлхийн ур чадварын байгууллага одоо 77 орныг эгнээндээ нэгтгээд байна.
Ерөнхий зохион байгуулагч нь ХНХЯ
Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцож буй нь Монгол улсын Засгийн газрын мэргэжлийн боловсролын салбарыг хөгжүүлэх бодлогын дагуу явагдаж байгаа гэж ойлгож болно. Тодорхой хэлбэл, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн тогтоолын дагуу 2014 онд Монгол Улс “Дэлхийн ур чадвар”-ын Олон улсын байгууллагын 69 дэх гишүүн орноор элссэн.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 208 тоот тогтоолоор 24 хүний бүрэлдэхүүнтэй Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын баг тамирчид Бразил Улсын Сан Пауло хотноо 2015 оны 08 дугаар сарын 11-16-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Дэлхийн ур чадвар”-ын 43 дэх удаагийн Олон улсын тэмцээнд анх удаа оролцож байсан түүхтэй. Дэлхийн ур чадварын тэмцээний Монгол дахь зохион байгуулалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хариуцдаг. Дэмжигчээр Австрали, Герман, Швейцарийн санхүүжилттэй төсөл хэрэгжүүлэгч Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Оюутолгой ХХК зэрэг олон байгууллага ажилладаг.
Монгол улсын 2015 оны амжилтаас
Бразил улсын Сан Паоло хотод зохиогдсон 2015 оны Дэлхийн ур чадварын тэмцээнд Монгол улс өрөг угсралт, хавтанцар наах, мужаан, үсчин, гоо сайхан, токарь, гагнуур, цахилгаан, тогоочийн есөн мэргэжлээр оролцож байсан. Эцсийн дүнгээр гагнуурын оролцогч 463 оноо хүртэж, 36 орноос 33 дугаар байр (2017 оны тэмцээний Шагналт байрын босго оноо 500-аас 700 болж нэмэгдсэн), цахилгааны оролцогч 450 оноо хүртэж, 37 орноос 33 дугаар байр, өрөг угсралтын оролцогч 448 оноо хүртэж, 26 орноос 25 дугаар байр, тогоочийн оролцогч 379 оноо хүртэж, 35 орноос 26 дугаар байр эзэлж байсан бол мужааны оролцогч хамгийн өндөр буюу 480 оноо хүртэж, тус төрөлд өрсөлдсөн 23 орноос 18 дугаар байр эзэлж байжээ. Иймд Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод зохион байгуулагдах 44 дэх удаагийн тэмцээнээс Монгол улс өмнөх тэмцээний амжилтаа ахиулах зорилттой оролцсон юм.
Тогтмол бэлтгэл амжилтын үндэс
Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцогчдыг Монгол ур чадварын тэмцээнээс тодруулдаг. Мэргэжил тус бүр дээр 2-3 үе шаттай тэмцээнийг зохион байгуулж, улсын аварга болсон оролцогчийг дунджаар нэг жил бэлтгэл хийлгэн тэмцээнд илгээдэг. Тэднийг тамирчид шиг бэлтгэдэг гэж ойлгож болно. Ажлын өдрүүдэд өдрийн есөн цагаар эксперт багшийн хамтаар бэлтгэл хийнэ. Оролцогчдын бэлтгэлийг хангахад тухайн мэргэжлийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, материаллаг бааз нэн чухал. Дэлхийн ур чадварын тэмцээн орчин үеийн тоног төхөөрөмж дээр явагддаг учир тэр бүр дээр бэлтгэл, дадлага хийж байж амжилт гаргах боломжтой. Энэхүү бэлтгэлийг хангахад Австрали, Герман, Швейцарийн санхүүжилттэй төсөл хэрэгжүүлэгч Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг үнэлж баршгүй туслалцаа үзүүлдэг. Тус төсөл нь төсөл хэрэгжиж буй мэргэжлийн боловсролын сургуулиудыг сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангаж, материаллаг баазыг нь хангалттай базааж өгдөг нь оролцогчдыг амжилт гаргахад хөтөлдөг. Тус төслийн шугамаар мужаан, сантехник, өрөг угсралтын оролцогчид, эксперт багшийн хамтаар Герман улсад 21 хоногийн бэлтгэл хийсэн. Цахилгааны оролцогч Шанхайд долоо хоногийн бэлтгэл хийсэн. Энэ бол маш том дэмжлэг гэдгийг онцлон хэлмээр байна.
Гагнуурын төрөлд оролцогчийн бэлтгэлийг Оюутолгой компани бүрэн хариуцдаг. 2015, 2017 оны гагнуурын оролцогчид тус компани дээр бэлтгэл хийсэн. Гагнуурын мэргэжил өртөг өндөртэйд тооцогддог. Оюутолгой компани оролцогчийн бэлтгэлд олон сая төгрөг зарцуулдаг. Энэ хоёр байгууллагаас гадна Монголын зочлох үйлчилгээний холбоо, Хүнс, технологийн политехник коллеж 2017 оны тогоочийн төрөлд оролцогчийн бэлтгэл болон замын зардлыг хариуцан ажилласан. Эдгээр байгууллагууд байгаагүй бол монголчууд хүссэн амжилтаа үзүүлэх боломжгүй байлаа.
Үргэлжлэл бий...
ЭХ СУРВАЛЖ: ХНХЯ