Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслийг Байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны 2020.12.22-ны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар товч танилцуулгыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хийж, төсөлд тусгасан зарчмын шинжтэй шинэ зохицуулалтуудыг онцлон танилцууллаа. Үүнд ажил олгогч эхний ээлжинд дотоодоос ажилтан авч ажиллуулах, гадаадаас ажилтан сонгох, авах зөв гарцыг бий болгох, албан бус зуучлалыг зогсоох зорилгоор гадаадын ажиллах хүч, мэргэжилтний мэдээллийн санг бүрдүүлэх, ажил олгогч ажилтнаа мэдээллийн сангаас сонгох, гадаадаас ажилтан авахад орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага оролцоо хангалтгүй байсныг өөрчилж, оролцоог хангах, зарим чиг үүргийг орон нутагт шилжүүлэх, салбарын яамдын тоог үндэслэн гадаад ажилтны тоог жил бүр Засгийн газар тогтоох, ажлын байрны төлбөрийн доод хэмжээг хуулиар тогтоох, ингэхдээ салбарын онцлогийг харгалзан ялгаатай тогтоох, Монгол Улсын иргэнийг гадаад улсад хөдөлмөр эрхлэхэд зуучлах үйлчилгээ эрхлэх харилцааг нарийвчлах, зуучлуулагчийн эрх ашиг зөрчигдөхөөс сэргийлэх, учирсан хохирлыг урьдчилан бууруулах, барагдуулах, гадаадад ажиллаад ирсэн иргэдээ эргэн суурьшихад дэмжих төсөл, хөтөлбөрт хамруулах, зуучлалын хөлсний нийт хэмжээ нь зуучлуулагчийн зуучлагдах ажлын байрны нэг сарын хөдөлмөрийн хөлснөөс хэтрэхгүй байхаар тогтоож, зуучлалын зардлын дийлэнх хэсгийг ажил олгогч хариуцахаар зохицуулсан талаар танилцуулав.

Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Л.Энх-Амгалан, С.Чинзориг, С.Ганбаатар, Ц.Сандаг-Очир, Б.Баярсайхан, Б.Саранчимэг, М.Оюунчимэг нар асуулт асууж, хариулт авлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Б.Бейсен, Л.Энх-Амгалан, Б.Баярсайхан, С.Чинзориг, Ц.Сандаг-Очир, Б.Бейсен, М.Оунчимэг, Ц.Мөнх-Оргил нар санал хэлж, байр сууриа илэрхийлэв.

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслийг Байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.

Дээш