“АЛБАН БУС ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ” СЭДЭВТ ЦАХИМ СУРГАЛТ, СЕМИНАР БОЛЛОО

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтээс ОУХБ-ын Эдийн засгийг төрөлжүүлж, хүртээмжтэй өсөлтийг хангах хүрээнд албан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн дэмжлэгтэйгээр ирэх онд “Албан бус хөдөлмөр эрхлэлтийн төлөв байдлын судалгаа”-г Монгол Улсын хэмжээнд хийх санал, санаачилга гарган хамтран ажиллаж байна.

Тус ажлын хүрээнд судлаачдын баг болон холбогдох бусад байгууллагын ажилтнуудын чадавх бэхжүүлэх, зөвлөлдөх цахим сургалт, семинарыг ОУХБ-ын мэргэжил, арга зүйн дэмжлэгтэйгээр хамтран зохион байгууллаа.

Сургалт, семинарт Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, харьяа агентлагууд, Үндэсний статистикийн хороо, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага болон холбогдох бусад байгууллагуудын 40 гаруй төлөөлөл оролцлоо.

Сургалтаар албан бус хөдөлмөр эрхлэлт, түүнтэй холбоотой ойлголт, тодорхойлолтын талаарх оролцогчдын мэдлэгийг гүнзгийрүүлэх, КОВИД-19 цар тахлын үед албан бус хөдөлмөр эрхлэгчдэд үзүүлж буй нөлөөлөл, түүнийг судалж буй арга, хандлага, бусад улсын туршлагаас суралцаж, албан бусаас албан салбарт шилжих боломжийн талаар нээлттэй хэлэлцсэн юм.

Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батцэцэг “Ковид-19 цар тахлын улмаас урьд өмнө байгаагүй хүнд нөхцөл байдал үүсэж, эдийн засаг болон нийгмийн сөрөг үр дагаврууд бий болж, цаашдаа энэ байдал хэвээр үргэлжлэх хандлагатай байгаа энэ цаг үед албан бус эдийн засгийн салбарын төлөв байдал манай оронд ямар түвшинд байгаа, цаашлаад албан бусаас албан салбарт шилжих боломжийг бүхэлд нь судалж, тэдэнд чиглэсэн үр дүнтэй бодлого боловсруулах өндөр ач холбогдолтойг онцолсон юм.

Семинарын хүрээнд дараах 4 сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлж, оролцогчид санал бодлоо солилцсон юм.

1. Албан бус хөдөлмөр эрхлэлт: олон улсын тодорхойлолт, бодлогын ач холбогдол, цар тахлын буюу шинэ нөхцөлд тулгамдаж буй асуудлууд

- Сандра Юү, ОУХБ-ын Зохистой хөдөлмөрийг хангах орон нутгийн стратеги хариуцсан мэргэжилтэн;

- Макико Мацумото, ОУХБ-ын Хөдөлмөр эрхлэлтийн мэргэжилтэн

2. Ажиллах хүчний судалгаа: Монгол Улсын албан бус хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдал

- Э.Гантуяа, ҮСХ-ны ахлах статистикч

3. Албан бус хөдөлмөр эрхлэлтийг судлахад тулгардаг бэрхшээл, шийдвэрлэх арга зам

- Макико Мацумото, ОУХБ-ын Хөдөлмөр эрхлэлтийн мэргэжилтэн

4. КОВИД-19 цар тахлын албан бус хөдөлмөр эрхлэлтэд үзүүлж буй нөлөөллийг судалж буй хандлага, олон улсын туршлага

- Флоренс Боннет, ОУХБ-ын Хөдөлмөрийн зах зээлийн мэргэжилтэн,

- Жюдит ван Дорн, Аж ахуйн нэгжийг албажуулах асуудал хариуцсан мэргэжилтэн

Уг сургалт, семинарын хоёрдугаар хэсэг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр үргэлжлэх юм.

Дээш