"Ажлын байранд КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг зохион байгуулах" мэдлэг олгох цахим сургалт боллоо
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв, Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Мэндийн Төв хамтран "Ажлын байранд КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг зохион байгуулах" мэдлэг олгох цахим сургалт зохион байгууллаа.
Тус сургалт нь ажлын байран дахь шуурхай хариу арга хэмжээний багийн чиг үүрэг, судалгаа, халдваргүйжүүлэлт хийх технологи, халдвараас сэргийлэх био аюулгүй ажиллагааны талаарх мэдлэг, чадварыг дээшлүүлэх замаар КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хяналтыг сайжруулах зорилготой юм.
Сургалтад Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын салбарын Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлэг, Сэргээн засах төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд салбарын эмч, эрүүл ахуйч, эмнэлгийн ажилтнууд хамрагдлаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны дарга С.Зулпхар “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар төрөөс баримталж буй бодлого нь иргэн ажилтны амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалах, эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгоход чиглэдэг. Дэлхий нийтийг хамарсан аюулт өвчин, цар тахал бидэнд эрүүл, аюулгүй ажлын байрыг бий болгох, иргэн, ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалахад бэрхшээл, шинэ сорилтуудыг бий болгож байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас салбарын бэлэн байдлыг хангуулах, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, манай улсад Коронавируст халдварын анхны багц тохиолдол илэрснээс хойш Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, ЭМГ-уудтай хамтран 50 гаруй дадлагажуулах сургалтыг зохион байгуулсан. Цар тахлын үед ажлын байрны бэлэн байдлыг хангуулах, хяналтын арга хэмжээг сайжруулах, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах нь иргэн ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах, халдварын тархалтыг зогсооход онцгой ач холбогдолтой”-г онцлов.