CEDAW конвенцийн тайлан боловсруулах ажлын хэсгийн гишүүдийг чадавхжуулав
Монгол улс Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай НҮБ-ын конвенци буюу CEDAW-ийн 10 дугаар ээлжит тайлангаа CEDAW-ийн хороонд хялбаршуулсан журмын дагуу 2021 онд хүргүүлснийг тус хороо 2022 оны 6 дугаар сард хянан хэлэлцэж зөвлөмж гаргасан.
Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам дээрх зөвлөмжийг 2024-2026 онд хэрэгжүүлэх салбар дундын төлөвлөгөөг баталж, 2025 оны 10 дугаар сард зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулах, тайлагнах, салбар дундын ажлын хэсгийг шинэчлэн баталж, бүрэлдэхүүн ажиллаж байна.
Энэхүү салбар дундын ажлын хэсэг нь 30 байгууллагын 45 төлөөллөөс бүрдсэн нь конвенцийн хэрэгжилтийн хамрах хүрээ, ач холбогдол өндөр болохыг харуулж буй юм.
2026 онд хүргүүлэхээр төлөвлөж буй монгол улсын 11 дүгээр ээлжит тайланг бэлтгэх ажлыг илүү үр дүнтэй явуулахын тулд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нэгдсэн ойлголт өгөх сургалтыг өнөөдөр /2025.11.13/ зохион байгууллаа.
Сургалтыг жендэрийн зөвлөх Т.Ундаръяа удирдаж, 11 дүгээр ээлжит тайланг боловсруулахад анхаарах асуудал, шалгуур үзүүлэлт, дүн шинжилгээний хэрэгсэл, мэдээллийн эх үүсвэр, хамтын ажиллагаа зэргийн талаар ойлголт өглөө.