Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн тайланг хэлэлцүүлэв
ХНХЯ болон ХЗДХЯ-наас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хүрээнд хэрэгжүүлсэн бодлого, арга хэмжээний талаарх нэгдсэн тайланг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүллээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа тус хуулийн хүрээнд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбараас авч хэрэгжүүлсэн бодлого, арга хэмжээний талаар мэдээлэл хийж, УИХ-ын гишүүдийн асуултад хариулт өгөв.
УИХ-аас 2016 онд шинэчлэн баталж, 2017 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцон, хүчирхийлэл үйлдэгчидтэй тооцох хариуцлагыг чангатгахын зэрэгцээ тэдэнтэй ажиллах зан үйлд нөлөөлөх албадан сургалтаар дамжуулан дахин хүчирхийлэл үйлдэхээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай зан үйлийн болон сэтгэл зүйн зөвлөгөө тусламжийг үзүүлэх, түүнчлэн хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах тогтолцоог бий болгох, олон нийтийн хандлага, сэрэмжийг дээшлүүлэх, хүчирхийллийг үл тэвчих хандлагыг нийгэмд төлөвшүүлэхэд багагүй ахиц гарч байна.
Энэ хүрээнд ХНХЯ хуулиар хүлээсэн чиг үүргийн дагуу жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн ойлголт, хандлагыг дээшлүүлэх, хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлийг эергээр өөрчлөх, хохирогчид нийгмийн ажил үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлэх, түүнчлэн бусад салбаруудтай хамтран хүчирхийллээс иргэдийг урьдчилан сэргийлэх, хүчирхийллийг таслан зогсоох, хүчирхийлэлд өртсөн иргэдэд шаардлагатай үйлчилгээг цаг алдалгүй хүргэх ажлыг мэргэжлийн удирдлага, арга зүйгээр хангах бодлого, арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Өмнөх жилүүдэд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн орчныг сайжруулах, хүчирхийллийн хохирогчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлэх чиглэлд илүүтэй анхаарч ажиллаж байсан бол бид цаашид өмнө бий болгосон ажлаа бататгаж, тогтолцоогоо бэхжүүлэхийн зэрэгцээ “E Mongolia” хөтөлбөрийн хүрээнд хохирогчид үзүүлэх үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, удирдлага, хяналтын тогтолцоог бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Түүнчлэн анхан шатанд үйлчилгээ үзүүлдэг Хамтарсан багийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх, мөн олон нийтийн, ялангуяа хүчирхийлэл үйлдэгчдийн хандлагыг өөрчлөх асуудал чухал байгааг онцоллоо.