Мянга гаруй өрх 11 чиглэлээр өрхийн үйлдвэрлэл эрхэлж, орлогоо нэмэгдүүлэх боломж бүрджээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Монгол Улсын урт болон дунд хугацааны бодлогын баримт бичгийн зорилтуудыг хэрэгжүүлэх, халамжаас-хөдөлмөрт чиглүүлэх зорилтын хүрээнд Азийн хөгжлийн банкны “Цар тахлын үе хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл- 2” төслийн дэмжлэгтэйгээр олон улсад амжилттай хэрэгжиж байгаа “Төгсөлтийн аргачлалын туршилтын хөтөлбөр”-ийг 2022 - 2025 онд хэрэгжүүллээ. Энэ хөтөлбөрт нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн 1,259 өрх, нийт 36 сарын хугацаанд хамруулан, өнөөдөр /2025.07.20/ хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаагаа зохион байгууллаа.
Энэ хөтөлбөр нь
ядуурлын олон талт нөлөөг бууруулахад чиглэсэн цогц, үе шаттай арга зүйг
ашиглан өрхүүдийн амьжиргаа, нийгмийн болон эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх
замаар тэднийг тогтвортой орлогын эх үүсвэртэй болгох, нийгмийн хамгааллын
хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа юм.
Бие даан амьдрах, тогтвортой орлоготой болоход нь зориулж
тухайн өрхөд тохирох бизнесийг санал болгож, тоног төхөөрөмжөөр хангаж
ажилласан. 1,032 өрх бизнесийн нийт 11 чиглэлээр өрхийн үйлдвэрлэл эрхэлж,
орлогоо нэмэгдүүлэх боломж бүрдээд байна. Хөтөлбөрт хамрагдсан нийт өрхийн 80.6 хувь нь
хөтөлбөрөөс олгосон тоног төхөөрөмжийг ашиглан өрхийн үйлдвэрлэл эрхэлж эхэлсэн
байна.Хөтөлбөрт хамрагдсан өрхүүдийн дунд 67 дундын хуримтлалын бүлэг
байгуулагдаж, гэр бүлийнхээ боловсрол, эрүүл мэнд, үндсэн хэрэгцээ болон
бизнестээ хөрөнгө оруулах боломжтой болсон байна.