“21-р зууны Статистикийн хөгжлийн төлөөх түншлэл (ПАРИС 21)”-ийн консорциумын Удирдах зөвлөлийн хурал 2020 оны 12 дугаар сарын 8-ны өдөр цахимаар зохион байгуулагдлаа
21-р зууны Статистикийн хөгжлийн төлөөх түншлэл (ПАРИС21)-ийг анх 1999 оны 11-р сард НҮБ-ын Хөгжлийн бага хурлын зорилтуудыг хэрэгжүүлэх НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн тогтоолын дагуу НҮБ, Европын Комисс, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Олон улсын валютын сан, Дэлхийн банк хамтран байгуулсан бөгөөд статистикийн тогтолцоог бэхжүүлэх, шинэлэг шийдлийг боловсруулах, статистикийг сурталчлах, статистикийн мэдлэгийг бий болгох, түгээх чиглэлээр голлон үйл ажиллагаа явуулдаг билээ.
Тус байгууллагын Нарийн бичгийн дарга нарын газрын явуулж буй үйл ажиллагаанд хяналт тавих, чиглэл өгөх үүрэг бүхий Удирдах зөвлөлийн хурал 2020 оны 12 дугаар сарын 8-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа.
Уг хурлыг ПАРИС21-ийн Удирдах зөвлөлийн Тэргүүн бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа даргалсан бөгөөд Монгол Улсын Үндэсний статистикийн хороо, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон НҮБ-ын Статистикийн хэлтэс, Канадын дэлхийн харилцаа (Global Affairs Canada), Евростат, ОУВС, Швейцарын хөгжил, хамтын ажиллагааны агентлаг, Дэлхийн банк, зэрэг олон улсын байгууллагуудын төлөөллүүд оролцов.
Түүнчлэн тус хурлаар ПАРИС21-ийн түрүү жилийн үр дүнгийн тайлан, тогтоосон харилцаа холбоо, “үнэ цэнэ” агуулсан түүх, шилдэг туршлага болон ПАРИС21 сангаар дамжуулан санхүүжилтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх асуудлаар хэлэлцэв.