Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ажилтнуудын чадавх бэхжүүлэх сургалт боллоо

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар 2017.05.22-ны өдөр “ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ДААТГАЛЫН АЖИЛТНУУДЫН ЧАДАВХ БЭХЖҮҮЛЭХ ДУНД ШАТНЫ СУРГАЛТ”-ыг амжилттай зохион байгууллаа. 

Тус сургалтаар Улсын Их Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр баталсан нийгмийн даатгалын багц хуулиудад орсон өөрчлөлт (Тэтгэврийн даатгалын шимтгэлийг үе шаттайгаар нэмэгдүүлэх тухай, Сайн дурын даатгал болон нөхөн даатгалд хамрагдах тухай, Өндөр насны тэтгэвэр тогтоох насыг нэмэгдүүлэх тухай),  Засгийн газрын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 112 дугаар тогтоолоор баталсан “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 11 тоот  тогтоолоор баталсан “Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах журам” зэрэг хууль тогтоомжуудын танилцуулгыг хийж,  эрүүл мэнд нийгмийн даатгалын ажилтнууд нэгдмэл нэг ойлголттой боллоо. Мөн Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бэхжүүлэх нь төслийн ахлах зохицуулагч Б.Нансалмаа Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого, зарлагын дүн шинжилгээний тухай мэдээллийг өглөө. 

Түүнчлэн эрүүл мэндийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга И.Энхбат одоо мөрдөгдөж байгаа болон шинээр батлагдсан журмын хэрэгжилтийн явц, хэрхэн хэрэгжүүлэх аргачлалын талаар оролцогчдод танилцуулга хийлээ. 

Сургалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Азийн хөгжлийн банк, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс, Дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Нийгмийн даатгалын улсын байцаагч, Эрүүл мэндийн даатгалын байцаагч нар оролцлоо.

Дээш