СААДГҮЙ БАЙДАЛ, ХҮРТЭЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛАХ БОГИНО ХУГАЦААНЫ ЗӨВЛӨХИЙН АЖИЛД УРЬЖ БАЙНА.

2016 онд Улсын Их Хурлаар хэлэлцэн баталсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулиар хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нийгмийн гишүүний хувьд үндсэн эрхээ эдэлж, хөгжих, хамгаалах асуудлыг цогцоор нь тусгасан. Тус хуулиар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийтийн тээвэр, зам, орон сууц, олон нийтийн барилга байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх болон тэдний  бусад эрхийг хуульчилсан юм.

Тус хуулиар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн харилцаанд эрх тэгш аливаа ялгаваргүйгээр оролцуулах нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, зам, нийтийн тээвэр, орон сууц, олон нийтийн барилга байгууламжийн хүртээмжийг сайжруулах болон тэдний бусад эрхийн зохицуулалтыг тусгаж өгсөн юм. Гэсэн хэдий ч нийгмийн бүхий л хүрээнд бүрэн дүүрэн оролцох боломж нөхцөлийг бүрдүүлэх гол хүчин зүйл нь дэд бүтэц болон мэдээллийн хүртээмжтэй байдал юм.

Энэ хүрээнд хүртээмжийн тухай хуулийн төсөл, үзэл баримтлалыг боловсруулах, хууль эрх зүйн баримт бичгүүдэд үнэлгээ, судалгаа хийх чиглэлээр ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах зөвлөхийн үйлчилгээ авах хэрэгтэй байна.

АЖЛЫН ЗОРИЛГО

          Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд саадгүй, хүртээмжтэй дэд бүтэц болон мэдээлэл технологи, үйлчилгээний хүртээмжийн асуудлаарх Монгол Улсын хууль, эрх зүйн баримт бичгүүдэд үнэлгээ, судалгаа хийх, хүртээмжийн хуулийн төслийг боловсруулна.

 

ЗӨВЛӨХИЙН ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН ХҮРЭЭ

          Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд саадгүй, хүртээмжтэй дэд бүтэц болон мэдээлэл технологи, үйлчилгээний хүртээмжийн хуулийн төслийг боловсруулах төсөлд дараах 2 зөвлөхийг авч ажиллуулна. Зөвлөх дараах ажлыг гүйцэтгэнэ:

Хууль тогтоомжийн асуудал хариуцсан зөвлөхийн гүйцэтгэх ажлын хүрээ

 

  1. Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагыг урьдчилан тандан судална. Үүнд:
    1. Хуулийг хэрэгжүүлэхэд тохиолдох хүндрэл бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга замын талаар дараах төр, төрийн бус байгууллагын ажиллагчдаас судалгаа авч, нэгтгэнэ.
      • Яамдын дэд зөвлөлийн удирдлага ажилтнууд
      • Аймаг, дүүрэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий төрийн байгууллагын удирдлага ажилтнууд. Ялангуяа, хуулийг өдөр тутам хэрэглэдэг, хэрэгжүүлдэг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн удирдлага, ажилтнуудыг судалгаанд заавал хамруулна.
      • Төрийн бус байгууллагын төлөөлөл
      • Бусад /иргэд, олон улсын байгууллагын төлөөлөл гэх мэт/
  1. Хуулийг хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлагын асуудлаар урьдчилан тандах судалгааг дараах үе шатаар хийнэ. Үүнд:
  • Хуулийг хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлагыг тодорхойлох асуудлын мөн чанар, цар хүрээг тогтооно
  • Тухайн асуудлаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа нийгмийн бүлэг, иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, бусад этгээдийг тодорхойлно
  • Тухайн асуудал үүссэн шалтгаан, нөхцөлийн талаар дүгнэлт хийнэ
  • Хуулийн төслийн зорилгыг аль болох тодорхой, хэмжих боломжтой, хүрэхүйц, бодитой байхаар томьёолно.
  • Хуулийн төслийн эерэг болон сөрөг талыг “зорилгод хүрэх байдал”, “зардал, үр өгөөжийн харьцаа” гэсэн шалгуур үзүүлэлтийн хүрээнд харьцуулан судална.
  • Дээрх хувилбар бүрийн хүний эрх, эдийн засаг, нийгэм, байгаль орчинд үзүүлэх үр нөлөө холбогдох журамд заасан шалгуур үзүүлэлтийн дагуу тандан судална
  • Үр нөлөөг урьдчилан тандаж судалсны үр дүнд илрүүлсэн зохицуулалтын хувилбар тус бүрийн эерэг болон сөрөг талыг хооронд нь харьцуулж дүгнэлт хийнэ.
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн асуудлаар 3-аас доошгүй орны адил төстэй хууль тогтоомжийн харьцуулсан судалгаа хийнэ.
  • Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжтой нийцэх эсэхийг судална. Ялангуяа, 2016 оноос хойш батлагдсан хууль тогтоомжийг судлан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжийн асуудал хэрхэн туссаныг судална.
  • Дээрх судалгааны үр дүнд үндэслэн хамгийн үр дүнтэй хувилбарыг санал болгосон зөвлөмжийг бэлтгэнэ.
  1. Хуулийн төслийн үр нөлөөг дараах шалгуур үзүүлэлтээр үнэлнэ.
    1. зорилгод хүрэх байдал: Хуулийн төсөлд тусгагдсан зохицуулалт, арга хэмжээнүүд нь хуулийн төслөөр тавьсан зорилгод хүрэх боломжтой эсэх;
    2. практикт хэрэгжих боломж: Хуулийн төслийг хэрэгжүүлэх этгээд байгаа эсэх, тэдгээр этгээдэд тухайн хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэх боломж, бололцоо (санхүү, хүний нөөц зэрэг) байгаа эсэх;
    3. ойлгомжтой байдал: Хуулийн төслийн зохицуулалт түүнийг хэрэглэх, хэрэгжүүлэх субьектүүдийн хувьд ойлгомжтой, логик дараалалтайгаар боловсруулагдсан эсэх;
    4. хүлээн зөвшөөрөгдөх байдал: Хуулийн төслийг боловсруулснаар иргэдийн эрх чөлөөг хязгаарлаж байгаа эсэх, аж ахуйн нэгжүүдэд шинээр үүрэг хүлээлгэх эсэх, эсхүл тухайн хуулийн төслийг хэрэгжүүлэх байгууллагын үйл ажиллагаанд нийцэх эсэх;
    5. зардал /энэ хэсгийг Эдийн засгийн тооцоо судалгааны зөвлөх хариуцан гүйцэтгэнэ/
    6. харилцан уялдаа: Төслийн зүйл, заалт өөр хоорондоо болон хүчин төгөлдөр үйлчилж байгаа бусад хууль тогтоомжтой нийцсэн эсэх, мөн төрийн байгууллагын чиг үүрэгтэй давхардсан, зөрчилдсөн эсэх, тухайн чиг үүргийг төрийн байгууллага зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай эсэх, уг чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх боломжтой эсэх.
  1. Саадгүй байдал, хүртээмжийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг боловсруулна. Дараах асуудлыг заавал тусгасан байна:
    1. хуулийн төсөл боловсруулах болсон үндэслэл, шаардлага;
    2. хуулийн төслийн зорилго, ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ;
    3. хуулийн төсөл батлагдсаны дараа үүсч болох нийгэм, эдийн засаг, хууль зүйн үр дагавар, хүрэх үр дүн, тэдгээрийг шийдвэрлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай санал;
    4. хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ болон бусад хуультай уялдсан байдал.
  2. Дээрх судалгааны үр дүн, үзэл баримтлалд нийцүүлэн “Саадгүй байдал, хүртээмжийн тухай хууль”-ийн төслийг хянаж сайжруулна.
  3. Уг хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан шинээр боловсруулах буюу нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болсонд тооцох тухай хуулийн талаарх санал бэлтгэнэ.
  4. Хуулийн төслийг холбогдох яамд, байгууллагуудын төлөөллийг оролцуулан хэлэлцүүлж, саналыг нь тусган, захиалагчид хүлээлгэн өгнө.

Нийлүүлэх бүтээгдэхүүн

  1. Хуулийг хэрэгжүүлэхэд тохиолдох хүндрэл бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга замын талаар дараах төр, төрийн бус байгууллагын ажиллагчдаас авсан судалгаа;
  2. Хуулийн төслийг оруулах асуудлаар урьдчилан тандах судалгааны тайлан;
  3. Хуулийн төслийн үр нөлөөг үнэлсэн судалгааны тайлан;
  4. Саадгүй байдал, хүртээмжийн тухай хуулийн төслийн хуулийн үзэл баримтлалын төсөл;
  5. Саадгүй байдал, хүртээмжийн тухай хуулийн төслийг хянаж сайжруулсан хувилбар;
  6. Уг хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан шинээр боловсруулах буюу нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болсонд тооцох тухай хуулийн талаарх санал;
  7. Хэлэлцүүлгийн тайлан;
  8. Зөвлөхийн ажлын тайлан.

Зөвлөхийн ур чадвар /сонгох шалгуур үзүүлэлтүүд/

  1. Хууль, эрх зүйч мэргэжилтэй, магистр ба түүнээс дээш эрдмийн зэрэг цолтой байх;
  2. Хөгжлийн бэрхшээлтэй хүний талаар судалгаа хийж байсан туршлагатай байх;
  3. Хөгжлийн бэрхшээлтэй хүний талаарх бодлого боловсруулах ажилд оролцож байсан байх.

Зардлын тооцоолол хариуцсан зөвлөхийн гүйцэтгэх ажлын хүрээ

 

  1. Дараах үе шат бүрт холбогдох зардлын тооцоог хийнэ. Үүнд:
    1. Хуулийн төслийн үр нөлөөг урьдчилан тандан судлах явцад;
    2. Хуулийн төслийн үр нөлөөг тооцох явцад;
  1. Зардлыг дараах төрөл тус бүрээр тооцно:
    1. хуулийн этгээдийн зардал: Хуулийн этгээд уг хууль тогтоомжид заасан үүргийг гүйцэтгэхтэй холбогдуулан гарах мөнгөн зардлыг тооцно. Тухайлбал, хуульд заасан үйлчилгээг хуулийн этгээдээр гүйцэтгүүлэх, иргэдэд үйлчилгээ үзүүлэх гэх мэт. Зардлыг тооцохдоо ижил төстэй үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлээс судалгаа авах, ярилцлага, хэлэлцүүлэг хийх зэрэг аргаар шаардлагатай мэдээллийг цуглуулж болно.
    2. иргэний үүсэх зардал: Хуулийг хэрэгжүүлэхэд иргэн тодорхой үүрэг гүйцэтгэж оролцох тохиолдолд энэ зардлыг тооцох ба иргэний гүйцэтгэх үүргийг нэг бүрчлэн тодорхойлж, зарцуулах цаг хугацаа болон өртгийг тооцно.
    3. төрийн байгууллагын зардал: Төрийн байгууллагын зардал буюу улсын төсөвт үүсэх ачааллыг тооцохын тулд тухайн ажил үйлчилгээг гүйцэтгэхэд шаардагдах хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлж, түүнд шаардагдах зардлыг тооцож гаргах бөгөөд уг ажлыг дараах үе шаттайгаар зохион байгуулна:
      • байгууллагын гүйцэтгэх үүрэг буюу ажил, үйлчилгээг тодорхойлох;
      • ажил, үйлчилгээг гүйцэтгэх хүний нөөцийг тодорхойлох;
      • гарах зардлыг урьдчилан тооцох;
      • зардлыг нэгтгэн тооцох;
      • хувилбарыг нягталж, үр дүнг танилцуулах
    4. Зардлын нэгтгэл, тайланг бэлтгэнэ.
  2. Саадгүй байдал, хүртээмжийн тухай хуулийн төслийн хуулийн үзэл баримтлалын төслийг Хууль тогтоомжийн асуудал хариуцсан зөвлөхтэй хамтран боловсруулна. Ялангуяа, хуулийн төсөл батлагдсаны дараа үүсч болох нийгэм, эдийн засгийн үр дагавар, хүрэх үр дүн, тэдгээрийг шийдвэрлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай саналыг хариуцан боловсруулна.
  3. Хуулийн төслийг холбогдох яамд, байгууллагуудын төлөөллийг оролцуулан хэлэлцүүлж, саналыг нь тусган, захиалагчид хүлээлгэн өгнө.

 

Нийлүүлэх бүтээгдэхүүн

  1. Хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоог хийсэн судалгааны ажлын тайлан
  2. Хэлэлцүүлгийн ажлын тайлан
  3. Зөвлөхийн ажлын тайлан

Зөвлөхийн ур чадвар /сонгох шалгуур үзүүлэлтүүд/

  1. Эдийн засагч, барилга, замын төсөвчин мэргэжилтэй, магистр ба түүнээс дээш эрдмийн зэрэг цолтой байх.
  2. Хуульч, эрх зүйч мэргэжлийг давхар эзэмшсэн бол давуу тал болно.
  3. Хүртээмжийн талаарх сургалтад оролцож байсан байх.

Гэрээний хугацаа

2020.06-10-наас 09 дүгээр сарын 30-ны хооронд ажиллана.

 

Сонирхсон хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлэн, 2020 оны 06 дугаар сарын 29-ний 10.00 цагаас өмнө Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 104 тоотод битүүмжлэн авчирч өгнө үү. Үүнд:

  1. Өөрийн товч танилцуулга
  2. Бүтээлийн жагсаалт

Илүү нарийвчилсан мэдээллийг 51-260202 утсаар болон regzen@mlsp.gov.mn хаягаар авах боломжтой.

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ

Дээш