Малчдын нийгмийн даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлэхэд НҮБ-тай хамтарна

Монгол Улсын Засгийн газар НҮБ-тай хамтран хэрэгжүүлэх “Малчдын нийгмийн даатгалыг өргөжүүлж, цочролд бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь” төслийн нээлт өнөөдөр /2020.02.12/ ХНХЯ-нд боллоо.  Төслийн нээлтэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс,НҮБ-ын Хүнс, ХАА-н байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа нарын албаны хүмүүс, МАОЭНХ, МҮЭ-ийн холбооны төлөөлөл оролцож энэ сараас хэрэгжиж эхэлж буй шинэ төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.

 Малчдын бизнес санал санаачлага, хоршооны үйл ажиллагааг дэмжих замаар тэдний нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлж, малчин өрхийг байгалийн гамшиг, цочролд бэлэн байдлыг сайжруулан цочролын дараах нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах  зорилготой уг төслийг Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO), Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ILO), НҮБ-ын Хүн амын сан (UNFPA), НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF) НҮБ-ын Тогтвортой хөгжлийн нэгдсэн сан  хамтран 24 сарын хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд төслийг  НҮБ-ын Тогтвортой хөгжлийн нэгдсэн сангийн 1.9 сая ам.доллараар санхүүжүүлэх юм.

 Төсөл хэрэгжсэн хоёр жилийн хугацаанд Малчдын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлэх, Нийгмийн хамгааллын үндэсний тогтолцоонд цочролд хариу арга хэмжээ авах үндэсний чадавхийг бэхжүүлэх, Оролцогч талуудын хэлэлцүүлэг, нотолгоонд тулгуурлан малчид, тэдний үр хүүхэд, бусад хүмүүст чиглэсэн тогтвортой, хүртээмжтэй нийгмийн хамгааллын санхүүжилтийн стратегийг сайжруулах санал боловсруулах гэсэн гурван зорилтыг хэрэгжүүлэхээр тодорхойлсон гэдгийг төсөл хэрэгжүүлэгчид танилцуулсан.

 Түүнчлэн дээрх гурван зорилтыг хэрэгжүүлэхийн тулд НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд Засгийн газрын холбогдох яам, агентлаг, ажил олгогч, ажилчдын төлөөлөл, бусад төрийн бус байгууллагуудтай хамтран  тодорхой үр дүнг гаргахаар хамтарч ажиллана гэдгийг хэлж байлаа. Тухайлбал,   Нийгмийн хамгааллын хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд малчдын хэрэгцээ, нөхцөл байдалд тохируулан шинэ санаа, инновацийг хэрэглэнэ. Энэ үр дүнг ОУХБ хариуцан ажиллах бөгөөд нэн түрүүнд малчдын зан үйлийн судалгааг хийж, тэдний нийгмийн даатгалд хамрагдаж чадахгүй байгаа институцийн болон зан үйлтэй холбоотой шалтгааныг судлан түүнийг даван туулахад чиглэсэн шинэ санаа инновацийг гаргахад чиглэж ажиллах юм байна.

 Түүнчлэн  НҮБ-ын Хүн амын сан нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дэргэд аймаг бүрт байгууллагдсан Залуучуудын хөгжлийн төв ба  аймгийн Насан туршийн боловсролын төвүүдээр дамжуулан малчдад чиглэсэн амьдрах ухааны сургалт зохион байгууллахын зэрэгцээ бизнес эрхлэлтийн сургалт явуулахаар төлөвлөжээ.

 Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болон НҮБ-ын Суурин төлөөлөгчийн ивээл дор нийгмийн хамгааллын салбарт хамаарах талуудын, тухайлбал, төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшил, үйлдвэрчний эвлэлийн байгууллага, даатгуулагч, иргэний нийгмийн байгууллагуудын дунд одоогийн нийгмийн хамгааллын тогтолцоо, түүнийг хэрхэн сайжруулж хэн нэгнийг үлдээлгүй хөгжих тухай хэлэлцүүлэг зохион байгуулж, түүний үр дүнг нийгмийн хамгааллын бодлого, хууль тогтоомжийн шинэчлэлийг, холбогдох зардлын тооцооллын хамт санал болгон хүргүүлэх зэрэг ажлуудыг  зохион байгуулж үр дүнд хүргэх төлөвлөгөөг албан ёсоор гаргасан байна.

Дээш