МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН АЛБАН ДААЛГАВАР
Хүүхдийн эрхийг хамгаалах,
эрсдлээс урьдчилан сэргийлэх тухай
Улсын Онцгой комиссоос шинэ төрлийн корона вирус дэлхийн улс орнуудад дэгдсэнтэй холбогдуулан, халдвар авах эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэлх хугацаанд улс даяар их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон шийдвэр гаргасантай холбогдуулан, Засгийн газрын 2019 оны 201 дүгээр тогтоолоор батлагдсан “Онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах, тусламж дэмжлэг үзүүлэх журам”-ыг үндэслэн дараах АЛБАН ДААЛГАВАР-ыг өгч байна.
1. Аймаг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга нарт:
1.1. Монгол Улсын Засгийн газрын 201 дүгээр тогтоолоор батлагдсан “Онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах, тусламж дэмжлэг үзүүлэх журам”-ын 2.11-д заасан чиг үүргийн дагуу мэргэжлийн ангийг удирдлага, арга зүйгээр хангаж, бэлэн байдлын төлөвлөгөөг батлан, шаардагдах төсвийг шийдвэрлэх;
1.2. Хүүхдийг эрсдлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлт нөхцөл байдал тулгарсан үед авах арга хэмжээний заавар, зөвлөмжийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах;
1.3. Бага насны хүүхдийг харгалзах хүнгүй үлдээх, үл хайхрах байдалд өртүүлэхээс урьдчилан сэргийлж, хүүхдийг болзошгүй эрсдэл /ахуйн осол, гал түймэрийн аюул/ -ээс урьдчилан сэргийлэх, эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг, хариуцлага, хүүхэддээ тавих анхаарал, халамжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн заавар, зөвлөмжийг албан байгууллага, аж ахуйн нэгжээр дамжуулан хүргэх;
1.4. Орон нутгийн хэмжээнд олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглож, хяналт тавьж ажиллах;
1.5. Үзвэр үйлчилгээ, компьютер тоглоомын газруудын үйл ажиллагааг түр зогсоож, хяналт тавьж ажиллах;
1.6. Харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын ажилтан, албан хаагчдын ажил, амралтын горимыг хуульд заасны дагуу мөрдүүлж ажиллах, эцэг эхчүүдийг хүүхэд, гэр бүлдээ цаг гаргаж, гэрээр ажиллах боломж, нөхцөлөөр хангах;
2. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт:
2.1. Монгол Улсын Засгийн газрын 201 дүгээр тогтоолоор батлагдсан “Онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах, тусламж дэмжлэг үзүүлэх журам”-ын 2.7-д заасан чиг үүргийн дагуу хүүхэд хамгааллын бэлэн байдлын төлөвлөгөөг боловсруулж, батлуулах;
2.2. Хүүхэд хамгааллын үйлчилгээний зураглал, түргэвчилсэн үнэлгээний маягтыг батлан, салбар дундын мэргэжлийн ангийг арга зүйгээр ханган ажиллах;
2.3. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яамнаас корона вирусээс урьдчилан сэргийлэх талаар гаргаж байгаа зөвлөмж, мэдээллийг хүүхдийн нас сэтгэлзүйн онцлогт тохируулан хялбаршуулсан байдлаар мэдээлэл бэлтгэн хүргүүлэх;
2.4. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосонтой холбогдуулан хүүхдийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, эрхийг хамгаалах зөвлөмж боловсруулан түгээх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх;
2.5. Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхих, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхэд хамгааллын мэргэжлийн ангийг арга зүйгээр хангаж, эрсдэлт газруудад эргүүлийн үйл ажиллагааг зохион байгуулах, орчиндоо сонор сэрэмжтэй байх талаар иргэдийг мэдээллээр хангах;
2.6. Эрх нь зөрчигдсөн хүүхдэд үйлчилгээ, тусламж дэмжлэг үзүүлэх бэлэн байдлыг ханган ажиллах;
2.7. Хүүхэд, залууст цагийг үр дүнтэй, бүтээлч өнгөрүүлэхийг уриалж, хүүхдийн хөгжлийн хөтөлбөрийг бэлтгэн, цахим, зайны сургалт зэрэг арга хэлбэрүүдийг ашиглан хүргүүлэх;
2.8. Асрамж, халамжийн төвүүдийн онцгой байдлын үеийн бэлэн байдлыг хангах ажлыг арга зүйгээр ханган, ариутгал, халдваргүйтгэлийн зардлыг хүүхдийн хөгжил, хамгааллын хөтөлбөрийн зардлаас санхүүжүүлж, гүйцэтгэлд хяналт тавин ажиллах;
3. Аймаг, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт:
3.1. Аймаг, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Залуучуудын хөгжлийн төв, Хүүхдийн хөгжлийн төв, ордны ариутгал, халдваргүйжүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг идэвхжүүлэх, халдваргүйжүүлэлтийн талаарх зөвлөгөө мэдээлэл өгөх ажилтнуудын чадавхийг байнга дээшлүүлэх, бодит мэдээ мэдээллээр тогтмол хангах;
3.2. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосонтой холбогдуулан бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхих, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор эргүүлийн үйл ажиллагааг зохион байгуулах, орчиндоо сонор сэрэмжтэй байх талаар иргэдийг мэдээллээр хангах;
3.3. Хичээл, сургуулиас чөлөөлөгдсөн өсвөр үеийнхэн, оюутан, залуучууд, олон нийтэд ариутгал, халдваргүйжүүлэлтийн талаар үнэн, бодит, баттай эх сурвалжийн зөвлөгөө мэдээллийг тухай бүр хүргэх, халдвараас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хичээл, сургуулиас түр чөлөөлсөн арга хэмжээний зорилго, ач холбогдлыг зөв таниулан сурталчлах;
3.4. Цахим, зайны сургалт зэрэг арга хэлбэрүүдийг ашиглан цагийг үр дүнтэй, бүтээлч өнгөрүүлэхийг уриалах, арга зүйгээр хангах, хүүхдийн хөгжлийн хөтөлбөрийг бэлтгэн хүргүүлэх;
3.5. Эрсдлээс урьдчилан сэргийлэх агуулгыг тусгасан хэвлэмэл постер, цахим контентийг боловсруулах, хүртээмжит цахим /фейсбүүк, твиттер, вайбер, масс мессеж гэх мэт/ сувгуудаар хүргэх.
4. Хүүхдийн асрамж, халамжийн төвүүдэд:
4.1. Ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг тогтмол зохион байгуулах;
4.2. Өвчний хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх талаар хүүхдийн насны онцлогт тохирсон мэдээ, мэдээллээр хангах;
4.3. Гарын ариутгалын бодисыг холбогдох зааврын дагуу бэлтгэж, хүүхдүүдэд хэрэглүүлж хэвшүүлэх;
4.4. Чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхийн тулд цагийн хуваарийг шинэчлэн боловсруулж, мөрдүүлэх;
4.5. Амьдрах ур чадварт сургах хөгжлийн хөтөлбөрт хамруулах;
4.6. Хичээлийн хоцрогдлыг арилгах ажлыг зохион байгуулах.
5. Бүх шатны төрийн байгууллагад:
5.1. Хүүхдийг эрсдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр байгууллагын “Эцэг эхийн зөвлөл”-өөр дамжуулан албан хаагчдад мэдээлэл хүргүүлэх;
5.2. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосонтой холбогдуулан хүүхдээ хараа хяналтгүй орхих, эрсдэлт нөхцөлд өртүүлэхээс урьдчилан сэргийлэх талаар албан хаагчдад мэдээлэл өгч, холбогдох арга хэмжээг дотооддоо шийдвэрлэх.
6. Нийт иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад дараах чиглэлээр уриалж байна:
6.1. Байгууллагын “Эцэг эхийн зөвлөл”-өөр дамжуулан хүүхэд, гэр бүлээ эрсдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зөв дадал хэвшил тогтоох талаар мэдээлэл арга зүйгээр хангах;
6.2. Эцэг эхийн үүрэг хариуцлагаа ухамсарлаж хүүхдээ өөрсдийн хараа хяналтад байлгах, сонор сэрэмжтэй байж, хүүхдээ аливаа болзошгүй аюул, эрсдлээс урьдчилан сэргийлэх, гэр бүлээ хамгаалах талаар мэдээллээр хангах;
7. Хэвлэл мэдээллийн байгууллагад дараах чиглэлээр уриалж байна:
7.1. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яамнаас корона вирусээс урьдчилан сэргийлэх талаар гаргаж байгаа зөвлөмж , мэдээллийг иргэд олон нийтэд шуурхай хүргэх, хүүхдийн нас сэтгэлзүйн онцлогт тохируулан хялбаршуулсан байдлаар мэдээлэх;
7.2. Хүүхдийн чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэхэд чиглэсэн хөгжил, хүмүүжил төлөвшилд эерэгээр нөлөөлөхүйц хөтөлбөр, контент бэлтгэж нэвтрүүлэх.
8. Албан даалгаврын хэрэгжилтийг сараар дүгнэж, тайлангаа Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт ирүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгож байна.
9. Энэхүү албан даалгаврын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд, Хүүхэд хамгааллын салбар дундын бүлгийн дарга С.Мөнгөнчимэгт, хэрэгжилтийг арга зүйгээр хангаж ажиллахыг Хүн амын хөгжлийн газар /С.Тунгалагтамир/, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар /Б.Халиун/ нарт даалгасугай.
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД,
ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН
ДЭД ТЭРГҮҮН С.ЧИНЗОРИГ