ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙЛЭЭ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам УИХ-ын Нийгмийн бодлого, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Хууль зүйн бодлогын байнгын хороотой хамтран “Гэр бүлийн тухай хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлэг”-ийг өнөөдөр Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, хүүхэд, гэр бүлийн чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагынхнаас гадна хууль, шүүхийн байгууллага, олон улсын байгууллагын төлөөлөл, судлаач эрдэмтэд 100 гаруй хүн оролцлоо.
Хуулийн төслийн танилцуулгыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хийж Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэх шаардлага хийгээд хуульд оруулж буй өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан.
Монгол Улсын төрөөс сүүлийн жилүүдэд нийгмийн хөгжлийн тулгуур багана болсон гэр бүлийн тогтвортой байдлыг хангах, гэр бүлийн үнэ цэнийг дээшлүүлэх, хүүхдийн эрхийг дээдэлж, хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, залуучууд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг баталгаажуулж, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, хүн амын амьжиргаа, хөгжил, оролцоог дэмжих, чиглэлээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тодорхой зорилтуудыг тусган, эрх зүйн дорвитой шинэчлэлтүүдийг хийсний үр дүнд 2016-2019 онд Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Залуучуудын хөгжлийн тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай, Ахмад настны тухай хуулиуд болон Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ баталсан бөгөөд эдгээр хүүхэд, гэр бүлийн талаарх эрх зүйн шинэчлэл болон Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенциудтай Гэр бүлийн тухай хуулийг нийцүүлэн шинэчлэх шаардлага бий болсныг С.Чинзориг сайд танилцуулгадаа онцлон дурдав.
Тэрбээр эрх зүйн шинэчлэлийн үр дүнд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгааллын асуудлаар олон нийтийн хандлагад эерэг өөрчлөлт гарч, гэр бүл, нийгмийн орчинд хүүхдийн эрхийг хангахад эцэг, эхчүүд, асран хамгаалагчдын үүрэг оролцоо, хариуцлага нэмэгдэж байгаа ч хүүхдийн эрхийг алхам бүрт, ялангуяа гэр бүлийн хүрээнд хангах асуудал тулгамдаж, эцэг эхчүүд үр хүүхэддээ анхаарал тавьж, зөв хүмүүжүүлэх, эерэг хандлагатай болгох, гэр бүлийнхээ үнэт зүйлсийг сахин хамгаалах нь нийгмийн тулгамдсан асуудал хэвээр байгааг хэлсэн.
Гэр бүлийн асуудлаарх суурь судалгаа, статистикийн мэдээллээс харахад гэр бүлийн гол багана болсон эхнэр, нөхрийн гэр бүл хэмээх нийгмийн үндсэн нэгжийн төлөө хүлээх үүрэг хариуцлага суларсан нь хүүхэд гэр бүлээс дайжих, тэнүүчлэх, хэрэгт холбогдох зэргээр гэр бүлийн орчинд хүүхдийн эрхийн зөрчил нэмэгдэгдэхэд нөлөөлж байна. 2000-2018 оны статистикаас үзэхэд гэр бүл цуцлалт байнга өсөлттэй гарч сүүлийн таван жилийн дунджаар жилд 3,6 хувиар нэмэгдэж үр дагавар нь хүүхдэд хүндээр тусч, хүүхдийн эрх зөрчигдөх шалтгаан болж байна.
Мөн 2018 онд хийсэн гэр бүлийн бүлийн асуудлаарх судалгаанд оролцогчдын 13.5 хувь нь гэрлэлтээ батлуулалгүй хамтран амьдарч байгаа нь залуучууд гэр бүлийн өмнө хүлээх үүрэг хариуцлагаас зайлсхийх хандлага бий болсныг харуулж буй юм.
С.Чинзориг сайд “Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн найруулахдаа гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй хоёрын гэр бүлийн холбоо сайн дурынх байх, гэрлэгчид тэгш эрхтэй байх, гэр бүлийн дотоод асуудлыг гэр бүлийн гишүүд харилцан тохиролцож шийдвэрлэх, хүүхдийг гэр бүлд нь өсгөн хүмүүжүүлэхийг эрхэмлэх, төрөөс гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих, хүүхдийн ашиг сонирхлыг тэргүүн ээлжинд хамгаалах зарчмыг баримтлан манай яамнаас Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж УИХ-д өргөн бариад байна.
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь нийт 10 бүлэг, 102 зүйлтэй том хууль юм. Хуулийн төсөлд 2 бүлэг, 26 зүйл шинээр оруулж, бусад зүйлийг өөрчлөн найрууллаа. Хуулийн төсөлд үндсэн асуудлаар “Гэр бүлийг дэмжих төрийн байгууллагын чиг үүрэг, тогтолцоо”, “Гадаадын иргэн болон харьяалалгүй этгээд оролцсон гэр бүлийн харилцаанд гэр бүлийн хууль тогтоомжийг хэрэглэх” гэсэн 2 үндсэн бүлгийг шинээр орууллаа.
Хуулийн төслийн хамарсан асуудалтай холбоотойгоор бид Гэр бүлийн тухай шинэчилсэн найруулга хуулийн зорилтыг “төрөөс гэр бүлийн хөгжлийг дэмжих эрх зүйн үндсийг тогтоож, гэр бүлийн гишүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах” гэрлэх, гэрлэлт дуусгавар болох, тэжээн тэтгэх, асран хамгаалах, харгалзан дэмжих, хүүхэд үрчлэх, гэр бүлийн гишүүний эд хөрөнгийн бус харилцааг зохицуулах гэж өргөжүүлэн томьёоллоо” хэмээгээд хуульд орсон өөрчлөлтийг багцлан танилцуулсан.
Төрөөс гэр бүлийг дэмжих, хамгаалах чиглэлээр
-Гэр бүлийн гишүүдийн ашиг сонирхол, хүний эрх, эрх чөлөөний нэгэн адил хууль тогтоомж, төрийн бодлогоор хүлээн зөвшөөрөгдөж, хамгаалагдаж байж хүн бүрт адил тэгш хүртээлтэй, үнэ цэнэтэй, ач холбогдолтой болдог. Монгол Улс энэ үүргээ хэрэгжүүлж, Үндсэн хуулийнхаа 16 дугаар зүйлийн 16.11-д “Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” гэж заасантай нийцүүлэн төрөөс гэр бүлийг хамгаалах зорилтыг тусгаж, гэр бүлийг дэмжих чиглэлийг тодорхойлсон.
-2016 онд байгуулагдсан Засгийн газар бүрэлдэхүүндээ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө үндэсний газрын чиг үүргийг өргөжүүлж Гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудал эрхэлсэн төрийн байгууллагын бүтцийг бий болгосон. Гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь цаашлаад гэр бүлд төрийн үйлчилгээний үе шат бүрт тохирсон үйлчилгээг үзүүлдэг гол байгууллага байхыг хуульчилсан.
-Эцэг, эхчүүдийн үлгэр дуурайлал, уламжлал, соёл, ёс заншлаа өвлүүлэх, амьдралын ухаан, үр хүүхдээ хайрлах, өсгөн хүмүүжүүлэх үүрэг хариуцлагыг, орчин үеийн хотжилт, суурин соёл иргэншлийн чөлөө зав багатай шинэ хэв маягтай хослуулсан гэр бүлийн боловсролыг бүх нийтэд, боловсролын бүх шатанд олгох асуудлыг хуульчлан хэрэгжүүлэхээр тусгав.
-Төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагууд өөрсдийн ажилчдын нийгмийн асуудлыг шийдэж гэр бүлд дэмжлэг үзүүлэхээс гадна гэр бүлийг дэмжсэн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг болох нь нийгмийн хөгжилд чухал эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж, ийм төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлсэн аж ахуйн нэгжийг урамшуулах, хөхиүлэн дэмжих эрх зүйн үндсийг бүрдүүлэхийг зорьж байна.
-Төрөөс гэр бүлийг хамгаалах, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд гэр бүлийн асуудал эрхэлсэн байгууллага оролцохоор төсөлд тусгасан нь шүүхийн үйл ажиллагааны явцад гэр бүл цуцлалтын үед эхнэр нөхөр хоёр хүүхдийнхээ төлөө аль болох зөв шийдэл гаргахад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
Гэрлэх, гэрлэлт дуусгавар болгох харилцааг боловсронгуй болгон зохицуулах чиглэлээр:
-Залуус, гэрлэгчид гэрлэхээс өмнө гэр бүлийн боловсролын сургалтад хамрагдаж гэр бүл болоод өөрсдийн өмнө болон гэр бүлийн өмнө хүлээх үүрэг хариуцлагыг ухамсарлах. Энэ нь ялангуяа албан боловсролоор гэр бүлийн боловсрол олж авч чадаагүй өнөө үеийн залуучуудад гэр бүл болохоос өмнө зайлшгүй олгох нь зүйтэй гэж үзсэн юм.
-Хүн амын эрүүл удмын санд учирч болзошгүй сөрөг нөлөөллийг арилгах, цус ойртолтоос урьдчилан сэргийлэх зорилгоор гэрлэгчид эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдаж, биеийн эрүүл мэндийн байдлыг харилцан ойлголцох, өвчин эмгэг илэрсэн бол цаашдын хор хөнөөлийг нь мэргэжлийн эрүүл мэндийн байгууллагаар тайлбарлуулсан байх аар тусгасан нь манай улсын хүн амын бодлогын зорилтод нийцэж байна.
-Зах зээлийн харилцааны энэ үед гэрлэгчид гэрлэлтээ батлуулахаас гадна гэрлэлтийн гэрээ байгуулах нь эд хөрөнгийн болон эдийн бус харилцааг зохицуулах нэг гол хэрэгсэл болно. Ялангуяа гэрлэлтээ батлуулаагүй хамтран амьдрагчдын хувьд энэ нь хууль ёсны баталгаа болох юм.
-Гэрлэлт эрэгтэй эмэгтэй 2-ын сайн дурын холбоо байдаг гэдгийг олон улсын конвенц, манай улсын Үндсэн хуульд заасан байдгийг баталгаажуулах, улс дамнасан гэмт хэрэг, хүний наймаа гарахаас урьдчилан сэргийлэх, охид эмэгтэйчүүдийг хамгаалах үүднээс гэрлэлтэд зуучлалын үйлчилгээ эрхлэхийг хуулиар хориглохоор тусгалаа.
-Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн дагуу эвлэрүүлэн зуучлах ажиллагааг ерөнхийдөө 30 хоногт багтаан явуулдаг бол гэр бүлийг болон хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалах үүднээс гэр бүл цуцлалтыг шийдвэрлэх ажиллагааны эвлэрүүлэн зуучлах хугацааг нэмэгдүүлэн 3 сар болгохоор тусгажээ.
-Даяаршсан ертөнцөд гадаад гэрлэлт, гэр бүл цуцлалт, олон соёлт гэр бүлийн харилцаанд зохицуулах асуудал гарч ирсээр байгааг нарийвчлан зохицуулах үүднээс тусдаа бүлэг болгон оруулжээ.
Тэжээн тэтгэх, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр:
-Асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагааг боловсронгуй болгож, хэнийг хамруулахыг тодорхой болгоход анхаарч энэ бүлгийг шинээр найруулж, энэ хүрээнд олон улсын туршлага, зарчимд нийцүүлж “Асралт гэр бүл” гэдэг ойлголтыг шинээр хуульд тусгасан.
-Төрөл, садангийн хүний болон Асралт гэр бүлийн асран хамгаалалт, харгалзан дэмжлэгт байгаа хүүхэд, Хүүхдийн асрамж, халамжийн байгууллагын асран хамгаалалтад байгаа хүүхдийн эцэг, эхээс олгох тэтгэлэг болон төрөөс олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, хувь хишиг, бусад олговрын 50 хувийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулж, үлдэх хэсгийг банкин дахь хүүхдийн нэр дээр хадгаламжийн дансанд шилжүүлж байхаар зохицууллаа. Асран хамгаалалт, харгалзан дэмжлэгт байгаа хүүхдийн тэтгэлэг, тэтгэмжийг зарцуулах, хяналт тавих асуудлыг тусгай журмаар зохицуулахаар тусгасан.
-Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг гэр бүлийн орчинд өсгөн хүмүүжүүлэх үүднээс асралт гэр бүлд хүүхдийг авч асран хамгаалах хууль эрх зүйн үндэслэлийг тусгасан. Асралт гэр бүлийг тусгай шалгуур, нөхцөлөөр сонгож, зохих тэтгэмж олгох асуудлыг тусгаж байна. Хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүднээс хүүхдийг асран хамгаалах харгалзан дэмжих, хяналт тавих үйл ажиллагаанд гэр бүл, хүүхдийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын оролцоог тодорхойлсон.
Хүүхэд үрчлэлтийн харилцааг боловсронгуй болгох чиглэлээр:
-Гадаадын харьяат гэр бүлд хүүхэд үрчлэх үйл ажиллагааг өмнө нь журмын дагуу зохицуулж байсныг хуульчилж байна. Монгол Улсад үрчлэн авах гэр бүл олдоогүй, бүтэн өнчин болон эцэг, эх нь тогтоогдоогүй хүүхдийг түүний дээд эрх ашигт нийцүүлэн үрчлүүлэх асуудлыг хүүхэд үрчлэн авахаар хүсэлт гаргасан гадаадын харьяат иргэнд биш гэр бүлд үрчлэх, Олон улсын Хүүхдийг хамгаалах болон улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай Гаагийн конвенцийн дагуу хүүхдийг үрчлэн авах гэж байгаа гэр бүлийн харьяат улсын болон Монгол Улсын эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй, улс хооронд хүүхэд үрчлэх ажлын туршлагатай итгэмжлэгдсэн байгууллагатай хамтран ажиллах, гадаадад хүүхдийг үрчилсэн гээд орхихгүй тухайн хүүхдийн эрх ашгийг хамгаалах, аж байдалд хяналт тавьж байхаар,
-Дотоод үрчлэлд мөн Үрчлэлийн зөвлөл ажиллуулах, үрчлүүлэх гэж байгаа, үрчлэх гэж байгаа гэр бүлд нөхцөл байдлын үнэлгээ хийж дүгнэлт гаргаж байх, үрчлэлийн өмнөх болон дараах үеийн нөхцөл байдлын үнэлгээ хийх, үрчлэлийн дараа хяналт тавих;
-Гэр бүл, хүүхдийн асуудал хариуцсан байгууллага нь үрчлүүлсэн хүүхдийн эрхийн хэрэгжилтэд хяналт тавьж, хүүхдийн өсөлт хөгжил, нийгэмшил, дасан зохицол, гэр бүлийн амьдралын нөхцөл байдлыг хянаж байх мэдээллийн сан бүрдүүлэх зэрэг зохицуулалтын асуудлуудыг шинээр тусгажээ.
Түүнчлэн энэ хуулийн төсөлд гэр бүлийн орчинд хүүхэд хамгааллыг нилээд анхаарсан зохицуулалтын асуудлыг тусгаад байгаа юм байна.