Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх удирдлагын тохиролцооны төслийг Бүгд Найрамдах Чех Улсын талтай хэлэлцлээ
Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээрийг 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Праг хотноо зурсан.
Энэхүү хэлэлцээрийн 16 дугаар зүйлд заасныг хэрэгжүүлэх зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/294 дүгээр тушаалаар баталсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн, мөн тушаалаар баталсан удирдамжийг баримтлан Бүгд Найрамдах Чех Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай Удирдлагын тохиролцооны төслийг Прага хотноо 2019 оны 10 дугаар сарын 07-оос 10-ны өдрүүдэд хэлэлцлээ.
Хэлэлцээнд дараах бүрэлдэхүүн оролцсон. Үүнд:
Монголын талаас:
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
Б.Батжаргал Нийгмийн даатгалын хэлтсийн дарга
Г.Ганчимэг Бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн
Нийгмийн даатгалын ерөнхий газар
С.Лхагвадорж Ахлах мэргэжилтэн
Монгол Улсаас БНЧУ-д суугаа ЭСЯ
Д.Ууганбаяр 3 дугаар нарийн бичгийн дарга
Чехийн талаас:
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
Иржи Бауэр Нийгмийн даатгалын бодлогын газар
Петра Новакова Нийгмийн даатгалын бодлогын газар
Кристина Хлубучкова Нийгмийн даатгалын бодлогын газар
Клара Садилкова Тэтгэвэрийн даатгалын хэлтэс
Чехийн нийгмийн хамгааллын газар
Ян Пав Олон улсын хуулийн хэлтсийн дарга
Юрай Пуобиш Олон улсын хуулийн хэлтэс
Моника Морова Олон улсын даатгалын харилцааны хэлтсийн дарга
Томаш Новотный Олон улсын даатгалын харилцааны хэлтэс
Андрэа Матиова Европын зохицуулах болон олон улсын харилцааны хэлтэс
Хэлэлцээний явцад дараах ажлуудыг зохион байгуулав. Үүнд:
- Хөтөлбөрийн хүрээнд Монголын төлөөлөгчид Чехийн Нийгмийн хамгааллын газар (агентлаг)-т зочилсон. Энэ нь Нийгмийн хамгааллын хэлэлцээрийн хүрээнд Чехийн Нийгмийн хамгааллын газрын оролцоо болон нийгмийн даатгалд хамрагдах иргэдийн хугацааг тооцоход хэрхэн оролцож байгаа тухай мэдээлэл авахад чиглэв.
- Монголын төлөөлөгчид бусад улстай, тухайлбал Унгар улстай байгуулсан Нийгмийн хамгааллын хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд ашиглаж байгаа 3 хэлээрх маягтыг танилцуулсан. Чехийн тал эдгээр маягтыг Европын Холбооны хүрээнд байгуулдаг хэлэлцээрийн жишиг маягт хэмээн дүгнэсэн.
- Хоёр талын төлөөлөгчид хэлэлцээний явцад Удирдлагын тохиролцооны төсөлд өөрчлөлт хийж, анхны төсөл 14 зүйлтэй байсныг 1 зүйлээр нэмэгдүүлж, нийт 15 зүйлтэй байхаар тохиролцож, төслийг бүрэн хэлэлцэж дууссан.
- Чех улсад ажиллаж амьдардаг иргэдийн төлөөлөлтэй ЭСЯ-нд уулзалт зохион байгуулж, энэхүү нийгмийн хамгааллын хэлэлцээрийн гол агуулга, хэрэгжилтийн явц, цаашид хэрэгжүүлэх Нийгмийн даатгалын ерөнхий газрын ажилтнуудын холбоо барих мэдээлэл зэргийг мэдээлж, холбогдох асуултад хариулт өгсөн. Эдгээр иргэд нь Чехийн холбогдох хот, байгууллагад орчуулагчаар ажилладаг, маш олон монгол хүнтэй харилцдаг хүмүүсийн хувьд олж авсан мэдээллийг цаашид хүмүүст хүргэх талаар ажиллах болно гэдгээ илэрхийлсэн. Энэхүү уулзалтад монголоос авч очсон мэдээлэл, сурталчилгааны материалыг тараав.
Хэлэлцээгээр дараах тохиролцоонд хүрсэн. Үүнд:
- Чехийн Нийгмийн хамгааллын газар (агентлаг) нь хоёр орны Нийгмийн хамгааллын хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд ашиглах маягтын төсөлд засвар хийн монголын талд хүргүүлнэ. Хоёр талын агентлаг 2020 оны эхэнд Улаанбаатар хотноо уулзалт хийж, маягтыг эцэслэн тохирч, протокол байгуулахаар тохиров. Энэхүү уулзалтын тов болон бусад мэдээллийг цахим шуудангаар тохирохоор талууд тогтов.
- Хоёр талын төлөөлөгчид Удирдлагын тохиролцооны төсөлд өөрчлөлт хийж, шинжээчдийн түвшинд төслийг тохирсон болно. Энэхүү төсөл нь нийт 15 зүйлтэй ба хоёр талын эрх бүхий байгууллагууд дотроо хэлэлцэх болно. Удирдлагын тохиролцоог ойрын ирээдүйд байгуулах үүднээс талууд дүгнэлтээ нэгэндээ мэдээлнэ. Удирдлагын тохиролцоог батлах газар, хугацааг дипломат шугамаар товлохоор талууд тогтлоо.
Монгол Улсаас БНЧех Улсад суугаа Элчин сайдын яам хэлэлцээг зохион байгуулахад бүх төрлийн дэмжлэг үзүүлснийг цохон тэмдэглэж байна. Мөн хэлэлцээ хийх болон иргэдийн төлөөлөлтэй хийх уулзалтыг зохион байгуулахад Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл ТББ (Н.Номун-Эрдэнэ, С.Цэрэндэмбэрэл), Чех Улс дахь Эмэгтэйчүүдийн холбоо (Г.Оюунцэцэг), Чех улс дахь бусад ТББ-ууд идэвхитэй хамтран ажилласныг дурдаж байна.
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ