Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх гарын авлага боловсруулах ажилд урьж байна

ҮНДЭСЛЭЛ

Монгол Улсад 2018 оны байдлаар 105,6 мянга буюу нийт хүн амын 3.2 орчим хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Нийт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн 43,5 хувь нь эмэгтэй, 56 хувийг эрэгтэйчүүд, 2.5 хувь нь 17-оос доош насны хүүхэд байна. Тэдний 44 хувь нь төрөлхийн, 56 хувь нь олдмол шалтгааны улмаас хөгжлийн бэрхшээлтэй байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцийн 6 дугаар зүйл, эрхийн тухай хуулийн 29 дүгээр зүйл, 29.1.1.хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал, хэрэгцээг үнэлж, тэдгээрийн онцлогт тохирсон үйлчилгээ үзүүлэх; 29.1.2.хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийг гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэл, дарамтанд өртөх, гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үр дүнтэй арга хэмжээ авах гэж зааж өгсөн байдаг.

Хүний эрхийн үндэсний комиссын “Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэлд “хөгжлийн бэрхшээлтэй залуучууд, эмэгтэйчүүд өөрийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийн талаар бие даасан шийдвэр гаргаж чаддаггүй бөгөөд бие махбод, сэтгэл санааны хүчирхийлэлд өртөмтгий, нэн ялангуяа тэдний дунд хүчээр үр хөндүүлэх, жирэмслэлтээ таслуулах, жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгслийг хүчээр хэрэглэх явдал түгээмэл байгааг дурджээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд жендэрийн тэгш байдлыг хангах асуудал үндсэндээ орхигдоод байна. Тэдний хувьд жендэрийн тэгш байдал, жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх ойлголт мэдлэг бараг байхгүй, энэ талаар хийсэн судалгаа, боловсруулсан гарын авлага материал ч байхгүй байна.

Жендэрийн тэгш байдлыг хүйсийн ялгаанд үндэслэн ялгаатай байдлаар хандах хандлага бөгөөд хүний хөгжил, нийгмийн хөгжлийг хангах, шударга бус байдал, ялгаварлан гадуурхалтыг арилгах үндсэн арга зам гэдэг агуулгаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэдлэг ойлголт өгөх ажлыг өргөн хүрээтэй зохион байгуулах шаардлага улам бүр нэмэгдэж байна.

            Иймд нийгмийн ажилтан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан жендерт суурилсан хүчирхийллийн тухай гарын авлага боловсруулан сургалтыг нэгдсэн арга зүйгээр явуулах шаардлагатай байна.

ЗОРИЛГО

Энэхүү зөвлөх үйлчилгээний зорилго нь нийгмийн ажилтан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ялангуяа, хөгжлийн бэрхшээлтэй, залуучууд, эмэгтэйчүүдэд зориулсан жендэрийн тэгш байдал, жендэрт суурилсан гэр бүлийн хүчирхийлэл, нөхөн үржихүйн эрхийн талаарх ойлголт хандлагыг дээшлүүлэхэд чиглэсэн сургалтын хөтөлбөр, гарын авлагыг боловсруулан сургалт зохион байгуулах замаар тэдний нийгмийн оролцоо, хөгжлийг дэмжихэд хувьд нэмэр оруулахад оршино.

ХИЙХ АЖЛЫН ХҮРЭЭ      

  1. Дараах сургалтын хөтөлбөр, гарын авлагыг боловсруулна. Үүнд:
    • нийгмийн ажилтнууд болон хамтарсан багийн гишүүдэд зориулсан жендэрт суурилсан хүчирхийлэл, бэлгийн болон нөхөн үржихүйн эрх, гэр бүлийн харилцааны асуудлаар сургалтад ашиглах сургалтын хөтөлбөр, гарын авлага
    • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан жендэрт суурилсан хүчирхийлэлээс урьдчилан сэргийлэх, нөхөн үржихүйн эрх, гэр бүлийн харилцааны асуудлаар ойлголт мэдлэг олгох гарын авлага

НИЙЛҮҮЛЭХ БҮТЭЭГДЭХҮҮН

  1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан гарын авлага
  2. Нийгмийн ажилтанд зориулсан 8 цагаас багагүй хугацааг хамарсан сургалтын хөтөлбөр, гарын авлага
  3. Сургалтад хамрагчид сургалтын үеэр ашиглах тараах материал
  4. Сургалтад хамрагдагчдаас авах сэтгэл ханамжийн судалгааны асуулга
  5. Модулыг туршсан тухай тайлан

ЗӨВЛӨХИЙН УР ЧАДВАР /СОНГОХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТҮҮД/

  1. Жендэр, хүчирхийлэл, хөгжлийн бэрхшээл, гэр бүлийн харилцаа, нийгмийн хамгааллын чиглэлээр 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх
  2. Жендэрт суурилсан хүчирхийлэл, хөгжлийн бэрхшээлийн чиглэлээр судалгаа хийж, гарын авлага материал боловсруулан хэвлүүлж байсан туршлагатай байх
  3. Боловсруулсан сургалтын хөтөлбөр, гарын авлагаа түгээн дэлгэрүүлэх, сургалт хийх туршлага, чадвартай байх
  4. Эрдмийн зэрэг цолтой бол давуу тал болно.

 

АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭХ ХУГАЦАА  

2019 оны 06 дугаар сарын 15-аас 10 дугаар сарын 15-ныг дуустал 4 сарын хугацаанд ажлыг гүйцэтгэнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг 260202, 263016 утсаар болон regzen@mlsp.gov.mn, munguntsetseg@mlsp.gov.mn хаягаар дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.  

 

ХӨДӨЛМӨР НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ

Дээш