ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН АСАРГААНЫ ТЭТГЭМЖИЙГ НЭМЭХ САНАЛЫГ ДЭМЖЛЭЭ
Засгийн газрын өнөөдөр /2019-06-12/-ийн хуралдаанд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцүүллээ.
Энэ асуудлын талаар Засийн газрын гишүүдэд хийсэн танилцуулгадаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хүүхдийн хөгжил, хамгаалалтай холбоотой олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байгаагийн нэг нь эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргааны тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх бөгөөд Нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу сар бүр авч байгаа 76 мянган төгрөгийн тэтгэмжийг нэмэх зайлшгүй шаардлага байгааг онцлоод тэтгэмжийн хэмжээг ирэх сараас 38 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх санал оруулсан юм.
Сайд танилцуулгадаа “Байнгын асаргаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй өрхийн хувьд эх, эцгийн аль нэг нь хүүхдээ асарч, хөдөлмөр эрхлэх боломжгүй, мөн эмчилгээ сувилгааны зардал их байдгийн улмаас өрхийн орлого буурч, ядууралд өртөх эрсдэл бий болдог. Эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай хүүхэдтэй эцэг, эхийн ажил эрхлэлтийн түвшинг авч үзэхэд ээжүүдийн 45, аавуудын 51 хувь нь ажил эрхэлдэггүй. Ийм өрхийн 42 хувь нь ядуурлын шугамаас доогуур, 44 хувь нь ядуурлын шугамтай ойролцоо амьжиргаатай гэсэн судалгаа байгаа. Тиймээс байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй иргэдийн асаргааны тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлснээр өрхийн санхүүгийн ачааллыг ихээхэн хөнгөлж, асаргаанд байгаа иргэний өдөр тутмын эм тариа, асаргааны материал авах зардлыг хангахад бодит дэмжлэг болно” хэмээсэн. Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд ирэх сарын 1-нээс байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа эцэг эхчүүдэд олгох тэтгэмжийн хэмжээг 114 мянган төгрөгт хүргэж нэмэгдүүлэх саналыг дэмжлээ.