"Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв" –ийн нээлт боллоо

Хүүхдийн баярын босгон дээр БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв” өнөөдөр албан ёсоор нээлтээ хйиж, үйл ажиллагаагаа эхлүүллээ. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хөдөлмөр,нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, УИХ-ыг гишүүн А.Ундраа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг, нар оролцлоо.

“Монгол Улсад 105,7 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байна. Эдгээрээс 11,3 мянга буюу 10,6 хувь нь 0-17 насны хүүхдүүд байна. 10 гаруй мянган хүүхэд бүрт бид анхаарал халамж тавьж, хүрч ажиллах ёстой” гэж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцлон хэллээ.Түүнчлэн Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар 2019-2020 оныг Хүүхдийн хөгжил, хамгааллын жил болгон зарласан. Мөн өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд хамрагдан хүсэлт гаргасан хүүхэд бүрт Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгох шийдвэр гаргасан. Ингэснээр Монгол Улсын 0-18 насны хүүхдүүдийн 85 хувь буюу 1,0 сая гаруй хүүхэд Хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах юм. Монгол Улсын Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэн бүрийг нийгмийн амьдралд оролцох нөхцөл боломж, орчныг бүрдүүлж, хөгжлийг бүтээгч иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээг цаашид хэрэгжүүлэн ажиллана. Энэ жил 6 аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв, нийслэлд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт цогцолборын барилгын ажлыг эхлүүлэхээр бэлтгэж байгааг Ерөнхий сайд онцоллоо.

Тус төвийн нээлтйн арга хэмжээний үеэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд,тэдний эцэг эхчүүдэд зориулан хүүхдийн хөдөлгөөн заслын үйлчилгээ, эмчилгээ зөвлөгөөн өгсөн төдийгүй оюуны бэрхшээлтэй хүүхэд багачуудын зургийн үзэсгэлэн, “Бид нэг тэнгэртэй” гэрэл зургийн үзэсгэлэн, “Түгээмэл хөгжил” ТББ-ын Мэргэжлийн боловсрол ур чадвар олгох сургуулийн авьяаслаг сурагчдын гар зургийн үзэсгэлэн, хүүхдийн жүжиг, урлаг соёлын олон арга хэмжээг зохион байгуулсан юм. Шинээр нээгдсэн энэхүү төв нь 250 өвчтөн хүлээн авах ортой, мөн тооны хүүхдэд гадуур амбулатори эмчилгээ үзүүлэх хүчин чадалтай юм байна. Тус төв нь хүлээн авах тасаг, нөхөн сэргээлтийн тасагтай төдийгүй нөхөн сэргээлтийн сургалтын төвтэй аж.

Өдөрт 500 хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагчийн хамт сэргээн засах эмчилгээ, сургалтад хамруулах боломжтой бөгөөд тус төвд хөдөө орон нутаг, алслагдсан дүүргээс ирсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд эцэг, эхийн хамтаар 14-21 хоногоор хэвтэн эмчлүүлэх боломжтой аж.

Түүнчлэн нарийн багажийн шинжилгээ, оношлогоо, сэргээн засах хөдөлгөөн засал, ахуй засал, хэл заслын эмчилгээ, шаардлагатай туслах хэрэгсэл буюу протез, ортопед хийлгэн авах зэрэг олон үйлчилгээ авах боломжтой юм байна. “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв” нь Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан анхны томоохон бүтээн байгуулалт болж байгаа юм. Тус "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв" Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 125 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын харьяанд байгуулагдаж, Монгол Улс болон БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Хятад улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар тус төвийг хүлээлгэн өгсөн юм.

 Хөгжлийн бэрхшээлтэй 0-17 насны хүүхдүүдийн 8700 нь буюу 77 хувь нь төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй байна. Төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа шалтгааныг бууруулах, олдмол хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг өргөн хүрээтэй зохион байгуулах хэрэгтэй байгаа төдийгүй Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүрийг хөгжлийн үйлчилгээнд хамруулахын төлөө анхаарч, хүүхэд бүрт тохирсон сэргээн засах эмчилгээ, үйлчилгээг хүргэж, ирээдүйд нийгмийн амьдралд бие даан оролцох, хөдөлмөр эрхлэх, амьдрал ахуйгаа өөрөө авч явах чадвартай иргэн болгон төлөвшүүлэхэд анхаарч ажиллана” гэлээ. Энэ оны 7 сарын 2-3-нд Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд хамруулан хөгжүүлэх асуудлаар Ази, Номхон далайн бүсийн 4 дүгээр конгресс манай оронд болно. Энэ конгрессоор хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдэд хүртээмжтэй нийгмийг хөгжүүлэхийн төлөө бүсийн улс орнуудын туршлага, сургамжыг судлаж суралцахын зэрэгцээ манай улсын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үр дүн, ач холбогдлын талаар бусад улс орнуудад танилцуулах юм байна.

 

Дээш