Гамшгийн үед хүүхдийн эрхийг хамгаалах, тусламж, дэмжлэг үзүүлэх журмыг баталлаа
Засгийн газрын өнөөдөр /2019-05-22/-ийн ээлжит хуралдаанаар “Онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах, тусламж, дэмжлэг үзүүлэх” журмын төслийг хэлэлцэж баталлаа.
Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хууль, НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцид заасны дагуу хүүхэд бүр нийгмийн бүхий л орчинд аливаа дарамт, хүчирхийлэл, мөлжлөг, үл хайхрах явдлаас хамгаалуулах эрхтэй бөгөөд насанд хүртлээ эцэг эх, гэр бүл, асран хамгаалагч төрийн онцгой халамж, хамгаалалтанд байх шаардлагатай байдаг.
Гэтэл сүүлийн жилүүдэд байгалийн аюулт үзэгдэл, үйлдвэрлэлийн ослын төрөл, тэдгээрийн давтамж, учруулж буй хохирлын хэмжээ өсөн нэмэгдэж байгаа. Тиймээс гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах асуудалд түлхүү анхаарах шаардлага урган гарч буй юм.
“Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-д “Иргэдийн амьдрах, ажиллах орчны аюулгүй байдлыг хангах, гамшгийн эрсдэлийг бууруулах нь хүний аюулгүй байдлыг баталгаажуулах чухал үндэс болох”, “Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого”-д “Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого нь гамшгаас хамгаалах менежментийн тогтолцоог бэхжүүлэх, хүн амыг аюулгүй амьдрах ухаанд сургах, гамшгийн эмзэг байдлыг бууруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд төв, орон нутгийн төрийн болон, мэргэжлийн байгууллага, хувийн хэвшил, иргэдийн оролцоог хангах замаар улс орны эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэнэ” гэж тус тус заасан. Мөн Хүүхдийн эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйл буюу хүүхдийн эрхийн талаар хүлээх Засгийн газрын үүрэг, оролцоо хэсэгт “...онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах, тусламж, дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулсан журам батлах..” гэж заасны дагуу “Онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах, тусламж, дэмжлэг үзүүлэх” журмын төслийг боловсруулж Засгийн газрын хуралдаанд оруулсан байна.
Энэхүү журмаар онцгой нөхцөл байдлын үед буюу Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан аюулт үзэгдэл, ослын үед болон олон нийтийг хамарсан жагсаал, цуглаан, эмх замбааргүй, байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдэд тусламж, дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон салбар дундын харилцааг зохицуулах юм.