Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангахад даган гарах журмуудын төслийг хэлэлцэв

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг даган гарах журмуудыг боловсруулах   үүрэг бүхий ажлын хэсгийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны А/14 тоот тушаалаар байгуулсан. Ажлын хэсгийг тус яамны  Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир ахалсан ба ажлын хэсэгт яам, агентлаг болон гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр мэргэшсэн зөвлөхүүд оржээ. 

   Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг даган гарах журмуудын төслийг боловсруулалтын шатанд нийгмийн ажилтнууд, ТББ-аар хэлэлцүүлж санал авах зорилгоор хэлэлцүүлгийг 2017 оны 3 дугаар сарын 14-ны өдөр ХНХЯ-нд зохион байгуулж, уг хэлэлцүүлгийн Ажлын хэсгийн дарга С.Тунгалагтамир удирдан явуулав. 

  Хэлэлцүүлгээр хамтарсан багийн ажиллах, түүнийг санхүүжүүлэх, нөхцөл байдлын үнэлгээ хийх, хохирогчид холбон зуучлах үйлчилгээ, нийгмийн халамжийн үйлчилгээ,  түр хамгаалах байрны үйлчилгээ, сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлэх, хүчирхийлэлд өртсөн хүүхдэд үзүүлэх үйлчилгээ,  эдгээр үйлчилгээг үзүүлэх үүрэг бүхий ажилтныг давтан сургах хөтөлбөр,  сургалт зохион байгуулах зэрэг чиглэлээрх  10 гаруй журмын төслийг хэлэлцэв. Хэлэлцүүлэгт оролцогчид журмын төслүүдийг сайжруулах, цаашид журмуудын уялдаа холбоог хангах талаар хэлэлцэж саналаа солилцов.  

   Дашрамд тус яам нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хүрээнд 10 гаруй журмыг боловсруулж байгаа бөгөөд журмын төслүүдийг яамныхаа сайтад байршуулсан тул иргэд, олон нийт танилцаж, санал өгөх боломжтой юм. 

Дээш