Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх зааврын төсөлд саналаа өгнө үү

НҮБ-ын ерөнхий ассамблейгаас баталсан Хүүхдийн эрхийн конвенцид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд нь тусгай халамж болон ижил тэгш харьцааг хүлээн авах эрхтэй, боловсрол бол хүний үндсэн эрх, хүүхэд бүр өөрийн онцлогт тохирсон орчноор хангагдах эрхтэй хэмээн заасан байдаг.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг бусдын адил өсч, хөгжихөд өвөрмөц  нэмэлт тусламж үйлчилгээнүүд зайлшгүй шаардлагатай ба үүний тулд хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг аль болох бага насанд нь танин илрүүлж, нэмэлт үйлчилгээнд цаг алдахгүй хамруулснаар тухайн хүүхдийн насан туршийн амьдралд үнэтэй хөрөнгө оруулалт болдог. Хөгжингүй орнуудад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн дэмжлэг үзүүлж, боловсролд эрт хамруулан сургаж, бусдын адил нийгэмд оролцох боломжийг бүрдүүлсэн тогтолцоо хэдийнээ бий болсон байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 37.6-д “...хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн цогц хөтөлбөрийг боловсруулах аргачлалыг эрүүл мэнд, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална” гэж заасан байдаг.

Монгол улсын Засгийн газрын 2017 оны 270 дугаар тогтоолоор батлагдсан Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөрийн 3.1.1.4-т хүүхэд бүрийг хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийн эрт илрүүлэлт, үзлэг оношилгоонд тогтмол хугацаанд хамруулах, 3.2.1.6-д хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг суурь боловсролд тэгш хамруулахад чиглэсэн цогц үйл ажиллагааг хэрэгжүүлэх талаар тусгаж, хэрэгжилтийг хангахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Эрүүл мэндийн сайдад тус тус үүрэг болгосон байна.

Мөн 2017 оны 321 дүгээр тогтоолоор баталсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх оролцоо, хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийн 3.1.3.3-т хүүхдийг 18 сар, 30-36 сартайд нь эрүүл мэнд, хөгжлийн иж бүрэн үзлэгт хамруулж илэрсэн хөгжлийн хоцрогдолтой хүүхдэд дэмжлэг үзүүлэх удирдамж боловсруулж, хэрэгжүүлэх; 3.1.3.6-д аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллага нь нарийн мэргэжлийн эмч, сэтгэл зүйч, ахуйн болон хөдөлгөөн засалчдаас бүрдсэн мэргэжлийн багийг бүрдүүлэн харьяа нутаг дэвсгэртээ оршин суугаа хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг тогтоох оношилгоо хийж дүгнэлтээ “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол нийгмийн хамгааллын салбар комисс”-т хүргүүлэх; 3.1.3.7-д Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын шийдвэрийн дагуу эмчилгээ, үйлчилгээг эрүүл мэндийн байгууллага үзүүлж байх; 3.2.2-т Сургуулийн өмнөх насны болон бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх зэрэг асуудлыг тусгасан. 

Засгийн газрын 2017 оны 78 дугаар тогтоолоор баталсан Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд 18 сар, 36 сартай хүүхдэд эрүүл мэндийн цогц үзлэг хийж хөгжлийн бэрхшээлийг илрүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх; хөтөлбөрийн  3.2.2.12-т “... хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай багаж, тоног төхөөрөмжийг нийлүүлэх”; 3.2.4.10-т хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх хүний нөөц (хэл засалч, хөдөлгөөн засалч, дохионы хэлний хэлмэрч, сэтгэл зүйч)-ийг бэлтгэх зэрэг асуудлуудыг тусгасан байна.   

Дээр дурдсан хууль эрх зүйн баримт бичгүүд дэх заалтуудыг хэрэгжүүлэх арга зүйн заавар зайлшгүй шаардлагатай байгаа тул хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн дэмжлэг үзүүлэх мэдлэг, хандлага, үйл ажиллагаа, тогтолцооны талаар нэгдсэн ойлголтыг бүрдүүлэх зорилгоор “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх заавар”-ын төслийг боловсруулав.

Та бүхэн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх зааврын төсөлтэй танилцан саналаа nensenden@mlsp.gov.mn хаягаар ирүүлнэ үү.Төслийг бүрэн эхээр хавсралт хэсгээс татаж авна уу.

 

 

 

 

 

 

 

Хавсралт файл
Гарчиг Татах
1 Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх заавар, маягт батлах тухай
2 ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДЭД ХӨГЖЛИЙН ЦОГЦ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЗААВАР
Дээш