Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг боллоо
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт төрийн холбогдох байгууллагуудын төлөөллөөс гадна Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, хүний эрхийг хамгаалах болон бусад чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийн аж ахуй нэгж, байгууллагын төлөөллүүд, хөдөлмөрийн асуудлаар мэргэшсэн эрдэмтэн, судлаачид, их дээд сургуулийн багш нар оролцож хуулийн төсөлд тусгагдсан асуудлуудыг хэлэлцэн санал бодлоо солилцлоо.
Хэлэлцүүлгийг нээж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Монгол, Хятад улсыг хариуцсан товчооны дарга Тим Дэ Мэйэр нар үг хэллээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, нийгмийн түншүүд буюу ажил олгогч болон ажилчдын байгууллагууд, хөдөлмөрийн асуудлаар мэргэшсэн хуульч, судлаачид зэрэг олон талын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг боловсруулсан байна.
Хөдөлмөрийн хууль тогтоомжийн шинэчлэлээр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг боловсронгуй болгож, хамрах хүрээг өргөжүүлэх, мөн албадан хөдөлмөр, ажил, мэргэжлээр ялгаварлан гадуурхах болон хүүхдийн хөдөлмөрийг хориглох; цалин хөлс, ажлын цаг, ээлжийн амралт зэргийг уян хатан зохицуулах; ажилтны эвлэлдэн нэгдэх эрхийг хангах; хөдөлмөрийн маргааныг аль болох богино хугацаанд зохицуулах; нийгмийн түншлэлийн тогтолцоог оновчтой болгох зэрэг олон асуудлыг шийдвэрлэхийг зорьсон байна.
Хуулийн төсөл нийт 13 бүлэг, 127 зүйлтэй ба хөдөлмөрийн харилцааны үндсэн эрх, хамтын хэлэлцээ, хөдөлмөрийн гэрээ, цалин хөлс, ажил, амралтын цаг, хүн амын зарим бүлгийн ажилтны харилцаа, хөдөлмөрийн нөхцөл, хөдөлмөрийн маргаан болон хөдөлмөрийн сахилга, эд хөрөнгийн хариуцлага, хөдөлмөрийн удирдлага, хяналттай холбоотой зохицуулалтуудыг тусгажээ.
Хэлэлцүүлгийн үеэр Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Монгол, Хятад улсыг хариуцсан товчооны дарга Тим Дэ Мэйэр, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх өөрсдийн байр сууриа илэрхийлсэн.
Хэлэлцүүлэгт оролцогчид хуулийн төсөл боловсруулсан Ажлын хэсгийнхнээс сонирхсон асуултуудаа асууж, санал, зөвлөмжүүдийг гаргаж байсан ба холбогдох саналуудыг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгах боломжтой гэдгийг ажлын хэсгийнхэн хэлж байсан юм.