“ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН НИЙГМИЙН АЖИЛТНЫ ЁС ЗҮЙН ДҮРЭМ”-ИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
“ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН НИЙГМИЙН АЖИЛТНЫ ЁС ЗҮЙН ДҮРЭМ”-ИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Хүүхэд хамгааллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ батлагдсан. Энэ хуулийн 36.4-т “Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ёс зүйн дүрэмтэй байх бөгөөд уг дүрмийг мэргэжлийн холбоодтой зөвшилцөн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.”, 47.3-т ”Хүүхэд хамгааллын үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэж байгаа хүн, хуулийн этгээд мэргэжлийн ёс зүйн дүрэм, нийгмийн ажлын үйлчилгээний стандартыг мөрдөж ажиллах үүрэгтэй.” гэж тус тус заасны дагуу “Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтны ёс зүйн дүрэм”-ийн төслийг боловсрууллаа.
Өнөөдөр нийгмийн ажлын үнэт зүйлсийн нэгдмэл тогтолцоо болон ёс зүйн нийтлэг зарчим, хэм хэмжээг төлөвшүүлэх, нийгмийн ажилтан бүрийн үүрэг хариуцлагад ёс зүйн шалгуурыг тодорхойлох хэрэгцээ шаардлага зүй ёсоор тавигдах боллоо. Нийгмийн ажилтан ёс зүйн дүрмээ мэдэж, дагаж мөрдөх нь нэгдүгээрт, мэргэжлийнхээ нэр хүндийг хамгаалж өгсөхөд, хоёрдугаарт нийгмийн ажилтны ур чадвар, шударга зарчимч байдлыг харуулахад, гуравдугаарт, хүмүүсийг дарамт, хавчлага, мөлжлөгөөс хамгаалахад тусална. (Ярская-Смирнова, 1999).
Монгол Улсад эрүүл мэнд, боловсрол, шүүх, нийгмийн халамж болон хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын салбарт 3700 гаруй нийгмийн ажилтан ажилладаг. Үүнд, хөдөлмөр, халамжийн асуудал хариуцсан 1200, цагдаагийн байгууллага болон хорих ангийн нийгэм, сэтгэл зүйн албаны нийгмийн ажилтан 70, өрхийн эмнэлэг, аймаг, нийслэл, дүүргийн эрүүл мэндийн төв, бүсийн эмнэлэгүүдэд 330, Ерөнхий боловсролын сургуульд 893, мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвүүдэд 114, Хүүхдийн асрамж, халамжийн төв болон Түр хамгаалах байр, Нэг цэгийн үйлчилгээний төв, зуслан, хүүхэд, залуучууд, гэр бүлийн хөгжлийн чиглэлээрх байгууллагуудад 330 гаруй нийгмийн ажилтан ажиллаж байна. 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сум, хороо бүрт хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтан ажиллаж эхэлнэ. Төрийн албан хаагчийн ёс зүйн чиглэлээр хийгдсэн судалгаа болон төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийн төлөв байдлаас харахад ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга, хэрэгсэл нь зөвхөн жилд нэг удаа зохион байгуулагддаг 1-2 цагийн сургалт төдийгээр хязгаарлагдаж байна. Гэтэл нийгмийн ажилтан нь эрсдэлт нөхцөлд байгаа үйлчлүүлэгчтэй тулж ажиллан, түүний хэрэгцээнд нийцүүлэн нийгмийн хамгааллын шууд үйлчилгээг үзүүлэх ба хохирогчид яаралтай нөхцөл байдлын үнэлгээ хийж, шаардлагатай байгууллага, мэргэжилтэнд цаг алдалгүй холбон зуучилж, тухайн үйлчлүүлэгчийг эргэж нийгмийн харилцаанд хэвийн оролцох чадвартай болох хүртэл нь төлөвлөсөн алхам бүхий дэс дарааллаар хууль, дүрэм, журмын дагуу цогц үйлчилгээ үзүүлдэг. Тиймээс, өдөр тутмын хүнд хэцүү бэрхшээл бүхий салбарт ажиллаж байгаа нийгмийн ажилтан шударга, зарчимч, хүний эрхийг дээдэлсэн, үүрэг хариуцлагаа ухамсарлан ёс зүйн өндөр түвшинд ажиллах орчин нөхцлийг бүрдүүлэх, сургаж хөгжүүлэх, ёс зүйн хоёрдмол байдалд орохоос урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ идэвхи санаачлагатай, үр дүнтэй ажиллах урам зоригийг нэмэгдүүлэх, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх иж бүрэн арга хэмжээ авснаар ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд өндөр үр дүн гарна. Үүний зэрэгцээ төрийн албанд ёс зүйн хариуцлага хүлээх, хүлээлгэх соёлыг төлөвшүүлэх, хөндлөнгийн хяналт тавих, ёс зүйн зөрчлийг танин мэдэх, шинжлэн, дүгнэх, зөрчил дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх, цаашлаад нийгмийн хамгааллын салбарын нийт ажилтан, албан хаагчдын ёс зүйн манлайллыг бий болгосноор нийгмийн ажлын үйлчилгээний талаарх олон нийтийн итгэл үнэмшил нэмэгдэж, төрийн бодлого шийдвэр, түүн дотроо хүүхэд, гэр бүлийг хамгаалах, эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх бодлогын хэрэгжилтийг хангуулах юм.
Дүрмийн төсөлд нийтлэг үндэслэл, хамрах хүрээ, нийгмийн ажлын үнэт зүйлс, зарчмууд, хүүхэд, гэр блийн асуудал хариуцсан нийгмийн ажилтны ёс зүйн хэм хэмжээ, нийгмийн ажилтны баримтлах ёс зүйн үүрэг, хариуцлага болон нийгмийн ажилтны ёс зүйн зөрчлийн шинжээчийн үүрэг, үйл ажиллагааг тусгасан бөгөөд хавсралтаар Ёс зүйн үндэсний болон салбар хороодын үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг тусгасан.
Дүрмийн төсөлд өгөх саналаа 2024 оны 10 дугаар сарын 10-ны дотор uchral@mlsp.gov.mn хаягаар ирүүлнэ үү.