БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН ХОХИРОГЧ ХҮҮХДЭД ҮЗҮҮЛЭХ ХАМГААЛАХ, НӨХӨН СЭРГЭЭХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НИЙТЛЭГ ШААРДЛАГА”-ЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2024 оны 09 дүгээр сарын 01-нээс мөрдөгдөж буй Хүүхэд хамгааллын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт “8.6.Сэтгэл зүйн үйлчилгээний стандарт, бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд үзүүлэх хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээний стандартыг стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.” гэж заасан. Дээрх эрх зүйн зохицуулалтын хүрээнд “Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогч хүүхдэд үзүүлэх хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээний нийтлэг шаардлага”-ыг боловсрууллаа. Тус стандартын зорилго нь бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн (бэлгийн хүчирхийллийн) хохирогч хүүхдийг хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээ, үйлчилгээний орчныг тодорхойлох, хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд тавих нийтлэг шаардлага, хэм хэмжээг тогтоож мөрдүүлэхэд орших ба хамрах хүрээний хувьд бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийг хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээ ба хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааг хүүхдийн эрхэд суурилсан, хохирогч/даван туулагч төвтэй, мэргэжлийн түвшинд үзүүлэх, үйлчилгээний чанар хүртээмжид хяналт тавих, үнэлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөд хэрэглэгдэнэ. Мөн бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдээр хүчирхийллийн тохиолдлыг салбар салбарын мэргэжилтнүүд давтан яриулж хүүхдийг дахин хохироодог практикийг таслан зогсоож хүүхэдтэй хийх нэг удаагийн форензик ярилцлагаар хэргийн тухай үндсэн мэдээллийг цуглуулж, мэргэжилтнүүд мэдээлэл хуваалцах зарчмын дагуу хүүхдийн эрх ашгийн төлөө ашигладаг байх зохицуулалтыг тусгасан нь онцлог юм. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдийн эрх зөрчигдөх эрсдлийг бууруулах үүднээс цагдаа, шүүхийн байгууллагад хүүхдэд ээлтэй орон зайг бүрдүүлж ашиглах, хүүхдийн хууль ёсны төлөөлөгчөөр ажиллаж буй эцэг, эх, асран хамгаалагч, хүүхэд хамгааллын мэргэжилтнүүдийн үүрэг, оролцоо, хохирогч хүүхдээс мэдүүлэг авах, шүүх хуралдааны үеийн хүүхдийн хамгааллын асуудлыг тусгасан.
Иймд хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд энэхүү стандартын төслийг боловсрууллаа. Стандартын төсөлд өгөх саналаа azjargal@mflsp.gov.mn; хаягаар ирүүлнэ үү.