“Хэвлэл мэдээлэл, олон суваг дамжуулах болон цахим орчны үйлчилгээ эрхлэгчийн цахим орчин, өргөн нэвтрүүлгээр түгээсэн контент, мэдээ, мэдээлэл, бүтээл нь хүүхдэд хортой агуулгатай эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн ажиллах журам”-ын төсөлд санал авч байна
Улсын Их Хурлаас 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр батлагдсан Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 25 дугаар зүйлийн 25.12-т хэвлэл мэдээлэл, олон суваг дамжуулах болон цахим орчны үйлчилгээ эрхлэгчийн цахим орчин, өргөн нэвтрүүлгээр түгээсэн контент, мэдээ, мэдээлэл, бүтээл нь хүүхдэд хортой агуулгатай эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөл ажиллах, 25.13-т орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Засгийн газар батлахаар хуульчилсан. Мөн тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16-д “хүүхдэд хортой агуулга” гэж хуулиар хориглоогүй боловч хүүхдийн эрүүл мэнд, нас, бие махбод, оюун санаа, ёс суртахууны хөгжил, төлөвшил, хүмүүжилд сөргөөр нөлөөлөх контент, бүтээл, мэдээ, мэдээлэл, зар сурталчилгааг ойлгоно гэж хуульчилсан.
Одоогийн байдлаар хүүхдэд хортой агуулгатай холбоотойгоор “Өргөн нэвтрүүлэгт насны ангилал тогтоох, таних тэмдэг ашиглах шаардлага” MNS 6587:2020 стандарт болон Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 62 дугаар тогтоолын хавсралт “Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах радио, телевизийн хөтөлбөрийн дүрэм” тус тус үйлчилж байна.
Орон тооны бус зөвлөл нь “Хүүхэд хамгааллын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.11-т заасан цахим орчинд хүүхдийг хориотой болон хүүхдэд хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах журам” болон “Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалахад чиглэсэн радио, телевизийн хөтөлбөрийн дүрэм”-ийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.
Энэхүү журмын төслийг дээр дурдсан дүрэм, журам болон хүүхдийг хортой агуулгаас хамгаалах талаарх сайн жишиг бүхий Бүгд Найрамдах Солонгос Улс, Австрали, зэрэг улсын туршлагыг судалсны үндсэн дээр Хүүхэд хамгааллын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ холбогдох зохицуулалттай нийцүүлэн боловсрууллаа. Энэ хүрээнд нийтлэг үндэслэлээс гадна Орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүн, зохион байгуулалт, хүүхдэд хортой агуулгын шалгуурыг тогтоох, хүүхдэд хортой агуулгын талаарх гомдол, мэдээлэл хүлээн авах, шалгах, хүүхдэд хортой агуулга эсэх талаар дүгнэлт гаргах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, ил тод байдал, эгэх хариуцлагын асуудлыг журмын төсөлд тусгасан.
Иймд хуулийн хэрэгжилтийг хангах, хүүхдийг хортой агуулгаас хамгаалах хүрээнд энэхүү журмын төслийг долоон бүлэгтэйгээр боловсрууллаа. Журмын төсөлд өгөх саналаа azjargal@mflsp.gov.mn; хаягаар ирүүлнэ үү.