“ХҮҮХДИЙН ЭРХИЙН УЛСЫН БАЙЦААГЧИЙН АЖИЛЛАХ ДҮРЭМ”-ИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Улсын Их Хурлаас 2016 оы 02 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан Хүүхдийн эрхийн тухай хуульд хүүхдийн эрхийн байцаагчтай байх, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хүүхдийн эрхийн улсын ерөнхий байцаагч байх, хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр мэргэшиж, сургалтад хамрагдсан ажилтанд улсын байцаагчийн эрх олгохоор хуульчилсан байдаг.
Одоогийн байдлаар улсын хэмжээнд хүүхдийн эрхийн 54 улсын байцаагч ажиллаж байна. Хүүхдийн эрхийн улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйл, 6.28 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 10.23 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийг шалган шийдвэрлэхээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан.
Улсын хэмжээнд ажиллаж байгаа хүүхдийн эрхийн улсын байцаагчийн тоо цөөхөн, хуулийн тодорхой зохицуулалт байхгүйгээс хүүхдийн эрхийн улсын байцаагчийн чиг үүрэг нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа руу түлхүү чиглэж байгаа нь учир дутагдалтай байсан. Хүүхдийн эрхийн улсын байцаагч нь зөрчил шалган шийдвэрлэхээс гадна хяналт шалгалтын арга, хэлбэрээр хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхтэй холбоотой зөрчил дутагдлыг илрүүлэх, таслан зогсоох, арилгуулах замаар хүүхдийн эрхийг хангахад чухал үүрэг гүйцэтгэх субьект байх учиртай.
Ийм учраас Улсын Их Хурал 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Хүүхэд хамгааллын тухай /Шинэчилсэн найруулга/ хууль, уг хуулийг дагалдуулан баталсан Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хүүхдийн эрхийн улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын хуульд заасан бүрэн эрхийг эдлэх, хүүхдийн эрхийн улсын байцаагчийн орон тоо, ажиллах дүрмийг Засгийн газар батлах, хүүхдийн эрхийн улсын байцаагч Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.8-д заасны дагуу Засгийн газраас баталсан, хүүхдийн эрхийн улсын ерөнхий байцаагчаас олгосон албаны болон хувийн дугаар бүхий үнэмлэх, тэмдэг, зөвлөмж, албан шаардлага, дүгнэлт, торгуулийн хэвлэмэл хуудас хэрэглэх, хүүхдийн эрхийн улсын байцаагчийн эрхийг олгох, цуцлахдаа Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.5-д заасны дагуу Засгийн газраас баталсан журмын дагуу шийдвэрлэх зэрэг тодорхой зохицуулалтуудыг хуульчилсан.
Хүүхдийн эрх, хамгааллын асуудал нь салбар дундын асуудал тул энэхүү онцлогт тохируулан хүүхдийн эрхийн улсын байцаагчийн дүрмийг Засгийн газраас батлах нь зүйтэй гэж хууль тогтоогч үзэж Хүүхдийн эрхийн тухай хуулийн 20.12-т “Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн ажиллах дүрмийг Засгийн газар батална” гэсэн зохицуулалтыг шинээр бий болгосон.
Иймд хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд энэхүү дүрмийн төслийг долоон бүлэгтэйгээр боловсрууллаа. Дүрмийн төсөлд өгөх саналаа azjargal@mlsp.gov.mn хаягаар ирүүлнэ үү.