Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх болзол хангасан 62 албан хаагч тангараг өргөлөө
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 205 дугаар тогтоолоор жил бүрийн 07 дугаар сарын 03-ны өдрийг “Төрийн албаны өдөр” болгосон. Энэхүү өдрийг тохиолдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолыг зохион байгууллаа.
Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх заалт, Ерөнхийлөгчийн 2024 оны 84 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-д заасны дагуу Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх болзол хангасан 48 албан хаагч тангаргаа өргөлөө.
Ёслолыг нээж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд Хөдөлмөрийн харилцааны газрын дарга Б.Алимаа хэлсэн үгэндээ, “Та бүхэн ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэх эрхэм зорилгоо ухамсарлаж, төрийн ажил үүргийг гүйцэтгэхдээ хуулиар тогтоосон ёс зүйн хэм хэмжээг чандлан биелүүлэх, үнэт зүйлс, соёлыг төлөвшүүлж, төрөө дээдлэх, ард түмний итгэлийг бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллахыг хүсье” гээд тангараг өргөсөн албан хаагчдад баяр хүргэж амжилт хүслээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт 5500 гаруй нь төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагч ажиллаж байна.
Дээш