"Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал" үндэсний II чуулган Төрийн ордонд болж байна
Монгол Улсын нийт хүн амын 49,1 хувийг эзэлдэг эрэгтэйчүүдийн нийгмийн хөгжилд оруулах хувь нэмрийг чухалчлан үзэж, тэдэнд чиглэсэн бодлого, үйл ажиллагааг шинэ түвшинд авчрах зорилгоор “Монгол Улсын Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор 2 дахь удаагаа зохион байгуулж байна.
2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр анхдугаар чуулганыг мөн Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж, чуулганаас зөвлөмж гарсны дагуу салбар бүрд тодорхой ажил, арга хэмжээг хэрэгжүүлсэн.
Энэ удаагийн чуулганы нэг зорилго нь өмнөх чуулганаас гарсан зөвлөмж, санаачилгын хэрэгжилтийг дүгнэн хэлэлцэх юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны зүгээс зөвлөмжийн хэрэгжилтийг ханган ажиллаж, “Эрэгтэйчүүдэд үзүүлэх нийгэм, сэтгэлзүйн цогц үйлчилгээг тодорхойлох үйлчилгээний аргазүй, аргачлал”-ыг боловсруулан улсын хэмжээнд сургалт зохион байгуулж, түгээн дэлгэрүүлсэн. Мөн шинээр болон шинэчлэн боловсруулж буй хууль тогтоомжид онцгойлон авч үзэж, зарим шинэлэг үйлчилгээг бий болгохыг зорьж байна.
Тухайлбал, өнгөрсөн онд олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр “Эрэгтэйчүүдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх жишиг төв”-ийг нийслэлийн Чингэлтэй дүүрэгт анх удаа байгуулж, үйл ажиллагааг эхлүүлсэн. Тус төвөөр сүүлийн 6 сарын хугацаанд 146 хүнд утсаар зөвлөгөө, 85 хүнд сэтгэл зүйн ганцаарчилсан зөвлөгөө, 44 хүн буюу 22 гэр бүлийн гишүүдэд хосын зөвлөгөө, 23 подкаст, 23 төрлийн сургалт, сурталчилгаа, 2334 удаагийн цахим сурталчилгаа, цахим хуудсаар дамжуулж 253 хүнд зөвлөгөө, мэдээлэл хүргэлээ. Энэ цөөн тоо мэдээлэл нь эрэгтэйчүүдэд зөвлөн туслах үйлчилгээ ямар их хэрэгтэй байсныг илтгэж байна.
Монгол Улс 940,0 гаруй мянган өрхтэй. Эдгээр өрхийн 8,7 хувийг нь ганц бие эцэг, эх авч явж байна. Үүний 15,1 мянга нь ганц бие, өрх толгойлсон эцэг байна. Энэ тооны цаана эцэг, эхийн хайр халамжаар дутагдаж байгаа хүүхдийн асуудал хөндөгдөнө. Манай улсад сүүлийн 4 жилийн байдлаар жилд нийт 15,5 мянган хос гэрлэлтээ цуцлуулж, 1600 хүүхдэд Гэр бүлийн тухай хуулийн дагуу тэтгэлэг тогтоожээ.
Хэдийгээр эцэг, эх болох, үр хүүхдээ хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүдээ хайрлан энэрэх нь хувь хүний асуудал хэдий ч зарим эрх зүйн зохицуулалтыг хийх шаардлага тулгарч байна. Иймээс бид эцэг эх, ялангуяа, аавуудын гэр бүл, үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлагыг сайжруулах, гэр бүлийн гишүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Гэр бүлийн тухай хуулиа шинэчлэн найруулж, УИХ-д өргөн барилаа. Түүнчлэн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар батлуулаад байна. Тус хуульд гэр бүл, нийгмийн орчин дахь хүүхэд хамгаалал гэсэн бүлэгт эцэг, эхийн үүрэг, хариуцлагыг тодорхой зааж өглөө. Мөн энэ хуульд хороо, сум бүр нийгмийн ажилтантай байх зохицуулалтыг тусгасан. Нийгмийн ажилтан өрхийн бүх гишүүдэд чиглэсэн тусламж үйлчилгээг үзүүлэх юм.
“Монгол Улсын Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” Үндэсний хоёрдугаар чуулганаар өмнөх чуулганаас гарсан зөвлөмж, санаачилгын хэрэгжилтийг дүгнэн хэлэлцэж, эрэгтэйчүүдийн нийгмийн хөгжилд оруулах хувь нэмрийг чухалчлан, тэдэнд чиглэсэн шинэчлэлийн бодлого, зарчмыг хамтрагч талууд болон олон нийттэй зөвшилцөн бүх түвшний бодлого үйл ажиллагааг чиглүүлэх зорилгоор хоёр дахь удаагаа зохион байгуулж байна.
Энэхүү чуулган Эрэгтэйчүүдийн хөдөлмөр, нийгмийн хамгаалал, Эрэгтэйчүүдийн боловсрол, Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд гэсэн сэдвээр салбар хуралдаан өрнүүлж, “Үнэт зүйл”, “эрэгтэйчүүдийг эрсдэлээс сэргийлэх шинэ чиг хандлага” зэрэг сонирхолтой сэдвээр илтгэл хэлэлцүүлж, чуулганд оролцогчдын санал дүгнэлт байр суурийг нэгтгэн зөвлөмж гаргах юм.