Эрүүл мэндийн яамтай даатгуулагч, хүний эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний мэдээллийг цахимаар солилцоно
Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хууль батлагдаж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлээд байна.
Нийгмийн даатгалын ерөнхий хууль (шинэчилсэн найруулга)-ийн 43 дугаар зүйлийн 43.4-д “Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн дүрэм, энэ хуулийн 43.3-т цагийн хөлсний хэмжээг Засгийн газар батална” гэж заасан.
Энэхүү хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн дүрэм”-ийг Засгийн газрын 2023 оны 448 дугаар тогтоолоор баталсан.
Даатгуулагч, хүнийг ирүүлэхгүйгээр, цахим мэдээлэлд тулгуурлан хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох, сунгах, цуцлах, ажлын цаг богиносгох, хөдөлмөрийн нөхцөл солихоор зохицуулсан учир эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний мэдээлэл, эрүүл мэндийн даатгалын мэдээллийг холбогдох байгууллагатай цахимаар үнэн зөв, шуурхай солилцох шаардлагатай байна.
Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Эрүүл мэндийн яам болон холбогдох агентлагийн ажилтнуудын хамтарсан уулзалтыг зохион байгуулж, цаашид Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай хамтран ажиллахаар боллоо.
Энэхүү уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Мэдээллийн технологийн төв, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Магадлалын төв зөвлөлийн төлөөлөл оролцлоо.
Дээш